Германы шигшээ Бразилыг 7:1 –ийн харьцаатай бут ниргэснээр ДАШТ –ний финалд шалгарч Германы шилдэг довтлогч Мирослав Клозе дэлхийн аваргын бүх цаг үеийн шилдэг мэргэн буучийн жагсаалтыг 16 гоолтойгоор ганцаараа тэргүүлж эхэллээ. Энэ бол Бразилчуудын хувьд сүйрэл байв. Тэд түүхэн дэх хамгийн гутамшигт хожлоо аваад зогсохгүй дэлхийн аваргын хасагдах шатны тоглолтонд хамгийн олон гоол алдсан анхны баг болов.

Тоглолтын өмнө бараг хүн болгон Колумбтай хийсэн тоглолтын үеэр нуруундаа гэмтэл авч дэлхийн аваргыг орхих болсон Бразилын супер од Нэймар энэ тоглолтонд маш их үгүйлэгдэх нь гарцаагүй хэмээн ярьж байсан ч хамгийн ихээр үгүйлэгдэж байсан хүн бол хоёр шар картны улмаас тоглолтыг өнжих болсон Бразилын багын ахлагч төвийн хамгаалагч Тиаго Силва байсан юм. Түүний эзгүйд Бразилын хамгаалалт ёстой шүүрэн шанага байсан гэхэд болно.
Тоглолтын эхний гоол 11 дэх минутанд Германчуудын гүйцэтгэсэн булангийн цохилтоос оров. Гоолын эзэн нь өнгөрсөн дэлхийн аваргын шилдэг залуу тоглогч энэ жилийн дэлхийн аваргын мэргэн буучын жагсаалтын хоёрт бичигдээд байсан Томас Мюллер. Тэрээр энэхүү гоолыг хийснээр дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтад 10 гоолтойгоор зургадугаарт бичигдэж эхэлсэн юм.


Эхний гоолоо алдаад багагүй сандралд орчихоод байсан Бразилчуудын хар дарсан зүүд тоглолтын 23 дах минутаас эхэлсэн. Германы шилдэг довтлогч, энэ жил дөрөв дэх дэлхийн аваргадаа зодоглож буй Мирослав Клозе Германчуудын хоёр дах өөрийнхөө дэлхийн аваргын түүхэн дэх 16 дах гоолоо хийлээ. Үүнээс хойшхи зургаан минутанд Германчууд нэмж гурван гоол оруулж тоглолтын харьцаа 5:0 болох нь тэр. Гоолуудыг 24 болон 26 дах минутад Тони Кроос 29 дэх минутад Сами Хэдира нар оруулж дахин гоол оролгүй явсаар эхний үе өндөрлөсөн.

1938 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнд таван гоол алдаагүй Бразилчууд энэхүү таван гоолоо нөхөх тун хүнд даалгавартай хоёрдугаар үеийг эхлүүлсэн. Сколаригийн цэргүүд ч хоёрдугаар үеийн эхнээс ширүүн довтолгоонуудыг өрнүүлж Оскар болон сэлгээгээр орж ирсэн Паулиньо нарт гоол оруулах тун өндөр боломж олдсон Германы хаалгач тэдний оролдлогыг зогсоож байв.


Ийнхүү Бразилчууд довтолгоогоо төгсгөж чадахгүй байх зуур Германчууд хариуг нь барьж 69 болон 79 дэх минутуудад Андре Шурле гоолдож тоглолтын хувь заяаг шийдэж орхилоо. Бразилаас нэр хүндийн гоолыг 90 дэх минутад Оскар оруулсан юм.
Германчууд ингэснээр Аргентин болон Недерландын аль хожсонтой нь алдарт Маракана цэнгэлдэхэд аваргын төлөө тоглох эрхтэй болж байгаа юм.





Сэтгэгдэл байхгүй байна