Ер нь яадгийм, би бөх мэдэхгүй, морь сонирхдоггүй үнэн. Хаа ч хэлнэ. Гэхдээ тэглээ гээд уламжлалт их баяр наадам руугаа нулимж суудаг залуу хүн нэгээхэн ч үгүй. Болж өгвөл наадмын нээлтээ үзэж, наадмын хуушуур амсаж аав ээжийнхээ аяыг харан өмсөж сураагүй ч гэсэн дээл өмсөөд гардаг бид МОНГОЛ залуус. Бидэнд бас мөрөөдөл, тэмүүлэл бий. Уртын дууны шуранхай, хурдан морины тоос, эр бяраа гайхуулах мундаг бөх ах нарыг хараад омогшдоггүй залуу хүн нэг ч үгүй. Тэгээд юу нь болохгүй байгаа юм, бид ч гэсэн морь уядаггүй бөх барилддаггүй ч гэсэн наадам үзмээр байна.
Өчигдөр нэг найз маань ярьж байна. Хөөрхий, баяр гэхээр л ухаанаа алдчихдаг бага зэрэг хуучинсаг сэтгэхүйтэй бүсгүй л дээ. Бүх баяраар охиноо нөхрөө дагуулаад их идэвхитэй явдаг юм.
-Найз нь наадмын нээлт үзэх гэсэн чинь тасалбар нь олддоггүй ээ. Чи хэвлэлд ажилладаг хүн байна даа, сураад өгөөч гэв.
Хэвлэлийн бид ч яахав мандат гэж нэг юмтай, арай хөөгдчихгүйхэн шиг мэдээ, материалаа бэлдсэн болдог юм. Суух суудал байхгүй, ад шоо үзэгдэж зураг дарж явна гэдэг амаргүй даваа. За тэгээд хэвлэлтэй харьцаж сураагүй манайхан хамаг байдгаараа гоёж ирчихээд ганцхан зогсоод гоё зургаа авахуулчихгүй үргэсэн зээр шиг зугтаж одно. Сүүлд нь муухай зураг гаргалаа гэж гомдол мэдүүлнэ. За энэ ч яахав, үндсэн ажилдаа орьё.
Ямартай ч найзынхаа хүсэлтээр тасалбар хаана байна гэж эрэл сурал болов. Хэрэг бишдлээ, тасалбар авах гээд хонож байна гэнэ шүү. Хоноод хоноод билет нь алга гэнэ. Хаачсан юм бүү мэд. Сураг дуулахнээ, билет шагд ороод 15-20 мянга байсан нь 80 мянга хүрсэн ханш дуулдав. Гэтэл хамгийн зэвүүн нь дарга нар үнэгүй билет авчихаад, гуйлгаж гуйлгаж ирдэг юм байх. Аргагүй шүү дээ, морины зэлэн дээр л ихэнх цагаа бардаг хүмүүс хэзээ суудал дүүртэл ирж байлаа даа.
Ер нь наадмын нээлт үзнэ гэдэг мөрөөдөл юм биш үү? Хөөрхий бидний залуусын сарын орлого гэж дарга нарын хажууд ичмээр дамшиг. Гэтэл найз маань хүүхэд, нөхөртэйгөө дор хаяж 200 мянгаар нээлт үзэх нь. Одоо 80 мянга байгаа тасалбар наадам дөхөхөд өснө үү л гэхээс буухгүй. Тэгээд хүн байна даа нэг орсных идэж уух юм авч таарна. За тэгж байтал хүүхэд нь тэрийг ч авна энийг ч авна гэж нэхнэ ... Бурхан минь ээ нэг өрхийн хагас сарын хэрэглээ наадмын нээлтэнд явах нь байна ш дээ.

Бид ч гэсэн наадам үзмээр байна. Бид хүн биш үү? Сарын цалингаа доллараар авдаггүй, дундаж орлого нь дундаж л байдаг, хувьдаа машингүй манай байранд лифтгүй гэдэг шиг тэгээд бид хүн биш үү?
Надтай адилхан хэн ч биш юу ч бишүүд хэзээ наадам үздэг болох бол.
Би найз руугаа утас цохив. Наадмын тасалбар хаданд гарсныг дуулгав. Харилцуурын цаана хэсэг чимээгүй. Больё гэх байх гэж бодлоо. Найз маань хэлж байна.
-Жилдээ ганц болдог наадам шүү дээ. Найз нь наадмын нээлт үзнээ. Дараа нь бүсээ чангалахад л болно шүү дээ. Охин минь үндэсний өв соёлоо дээдэлдэг, Монгол гэсэн энэ сайхан оронд төрсөндөө бахархдаг хүн болоосой. Бид гурав дээл хийлгэсэн. Тэрүүгээрээ наадмын талбай дээр л гоёно шүү дээ. Чи харин сайхан зураг авч өгөөрэй гэж байна.
Тэдний өрхийн орлого хэд билээ, наадмын дараа яаж амьдрах билээ. Ганц наадмаа ч дарамтгүй үзэж чадахгүй, хүн шиг чин сэтгэлээсээ баярлаж инээж чадахгүй бидний дундчуудын амьдрал аа гэж ...

У.Цахирмаа
Сэтгэгдэл (1)