-Давсыг ер нь гуйж биш хулгайлж авдаг ш дээ. Хэнийгээ дэлгүүр оруулах уу? Дархан хотыг зорих аяллын группынхны анхны ярианы сэдэв. Тэгээд дэлгүүр рүү орлоо, цццццрн ... Ийш тийшээ аягүй харлаа, ашгүй хүн бага сэлүүхэн байв. Артгаа үлдсэн, бид лав гараад явсан. Тэгсэн чинь ...
Цахим ертөнцөд хэдэн мянган хүмүүсийн арааны шүлсийг асгаруулах болсон Taste It. Энийг хар даа! группын хамт олонтой манай www.grandnews.mn сайтын хамт олон нэгдэж өнгөрсөн Бямба гаригт “Алтан тос”-ны үйлдвэртэй танилцахаар Дархан хотыг зорив. Цахим ертөнцийн алдартан болох Артаньян, Гамп нар энэ сайтын админ. Тус бүр таван гар, таван амтай юм шиг баруун солгойгүй марзан тайлбараар бөмбөгдсөн амтлаг хоолны зургууд, өдөр бүр идэвхитэй байдаг энэ группийн 20 мянга гаруй гишүүдийн төлөөлөл энэ аялалд нэгдсэн. Юуг нь гайхсан юм, бид бас хоол иддэг хоолонцор хүмүүс л байгаа биз эртнээс эдний гишүүн л дээ. Харин одоо бол in a Relationship гэжийгаа. Харж явсан олон удаа, харуулж явсаан тэдний групп ...
Тэгээд давс яасан байх нь, мэдээж авалгүй л яахав. Гэхдээ яаж гэдгийг админ Артгаа л мэднэ дээ. Мэргэжлийн тэйстчид холын замд ганзага нийлэхэд үнэхээр урамтай хүмүүс. Эндээс ч кимбаб, тэндээс ч салат гээд л. Өлсгөлөн байхдаа ёстой шагайж болохгүй группынхан амьдаараа хоолыг утгаар нь хашраадаг авьяаслаг хүмүүс. Би ч яахав “Сайн иддэг хүн ч гэсэн манай группын гишүүн” гэсэн админы үгэнд найдаад Friday night IBIZAOUT-аас үүрээр газардсан хүн өөрийгөө л чирч очсон. Дараа аялахдаа харин ямар нэг юм заавал хийж очиж дайлна л гэчихсэн байгаа.
Бидний аялал Баруун хараад түр саатаж хэлэмгий доломгой Артаньяны гарын шорлогийг идэх байлаа. Дэргэд гол, дээр хөх тэнгэр цэлийнэ. Зүлэг ногоороод зуншлага like дарвал ч дарчихаар сайхан байна. Гамп “Утасны цэнэг дуусахаар л ганцаардаад байх юм” гэж санаашран цэнэглэгч сурахуй нэгэнд нь ашгүй зөөврийн цэнэглэгч байна. Тиймгүй бол ганцаардсандаа лав уйлах байсан биз. Нээрээ утасгүй, интернэтэд орохгүй бол нэг л ганцаардах мэт мэдрэмж төрдөг болсон нь үнэн шүү.




Сониноос MBA-чүүд хэр олон байна манайхаан. Бяцхан танилцах тойрог явуулахад Married But Available гэх хүн олон байлаа. За ингээд 60 хувь нь MBA багийнхан Артгаагийн гарын шорлогийг идэх мөч. Амттай харагдаж байгаа биз. Манай хүн дээр үед шорлог хийж зардаг байсан гэсэн шүү. Поп хатагтай Сараа хүртэл үйлчлүүлэгч нь байсан талаар мань эр хуучлав.
Найрсаг Улаанбаатар гэдэг шиг хот болгон өөрийн гэсэн уриатай юм биш биз, энэ жил. Амралтын өдөр болоод ч тэр үү даруухан Дархан гэмээр хот биднийг угтав. Хаана байна, Дарханы хөөрхөн охидууд гэж өлөн нүдэлсэн ч нэгийг ч олж харсангүй. Бодвол гэртээ амарч байгаа эсвэл нөхөр дагаад талийсан биз. Манай MBA-чүүд бага зэрэг санаашрах шиг санагдав. Ямар азаар би эмэгтэй юм бэ. Ийнхүү цэмцгэр даруухан хотыг сонжсон шигээ үйлдвэр дээр ирлээ.



“Монгол Алтан Тос” ХХК нь манай улсын анхны ургамлын тосны үйлдвэр юм. “Алтан тос” 2011 оны 12 дугаар сараас эхлэн зах зээлд худалдаанд гарсан. “Номин”-д эрийтэл өрөөтэй байдаг учир хэд хэдэн удаа би хэрэглэж үзсэн байлаа. Манайхан ч бас “Алтан тос”-той эртний танил. Захирал Г.Ганболд хэмээх шавхийсэн залуу биднийг угтав. Хумсын толион чинээ ч илүүдэл жингүй, хөнгөн шингэн хүмүүс эдний үйлдвэр дотор алхах нь анхаарал татав. Үйлдвэрийн ажил хийдэг болохоор ийм байдаг юм болов уу гэж бодтол тийм биш биз. Тэдний диетны нууц өглөө бүр 100 гр Алтан тос уудагт бий.


“Галбир хадгалах хамгийн сайн жор шүү дээ” гэж Г.Ганболд захирал бүсгүйчүүд бидэнд нууцаа дэлгэв. Өөрөө рекламны гол дүр шиг гуалиг ч гэж жигтэйхэн. Ямартай ч өглөөд 100 гр ургамлын тос ууж галбираа хадгалах санаа бүсгүйчүүдэд үнэхээр таалагдав. Зарим нь газар дээр нь хэрэгжүүлж тос ууж байсан шүү. Ямар ч амтгүй, үнэргүй Алтан тос гулгаад л орох юм билээ. Би өнөө өглөө ч гэсэн нормтой 100 гр тосоо уучихаад гарч ирсэн.
Одоогийн байдлаар тус үйлдвэрт 8 гадаад мэргэжилтэн, 100 гаруй монгол техникч ажилладаг. Өдөрт 100 тонн тос үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай ч одоогоор 30 гаруй хувийг нь ашиглаж буй юм билээ. Зах зээлд 40 гаруй нэр төрлийн ургамлын тос бий. Алтан тос нийт зах зээлийн 30 хувийг эзэлж буй ч цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйтэй. Бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, Хятад улсад экспортлох, улсын хүнсний ургамлын тосны хэрэгцээний 80-аас доошгүй хувийг хангах зорилготой эдний хамт олон ажлаа эрч хүч дүүрэн хийж буй.


Рапсаас ургамлын тос шахах, хадгалах үйлдвэрийн төслийг тус компаниас хэрэгжүүлэхээр зэхэж Засгийн газарт хүсэлтээ уламжилсан. Уг төсөлд 24,5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 3-ний нэгийг нь Алтан тосчууд өөрсдөө гаргах бололцоотой. Одоо түлхүүрийг Засгийн газар атгаж байгаа бөгөөд нийтэд нүүрлэсэн эдийн засгийн хямрал зөвхөн эднийх ч биш олон төслүүдийг гацаанд оруулжээ.
Өндөр чанарын провансаль майонез, улаан лоолийн сүмсний цех удахгүй бий болно. За тэгээд рапсны үрээс тос шахах анхан шатны үйлдвэр бий болчихвол мөн сайхан аа гэсэн бодол эрхгүй төрж байв. Бууз биш юмаа гэхэд өнжөөд л цуйван сэгсэрдэг манайханд ургамлын тос ямар чухал билээ дээ. Эх орондоо үйлдвэрлэж, сав баглаа боодлоо ч эх орноосоо худалдаж авч ажлын байр бий болгож буй Алтан тосчиддоо баярлалаа.


Энэ өдөр мэргэжлийн тэйстчид, манай хамгийн том хоолны группын гишүүд нэгэн шийдэлд хүрэв. Taste it. Энийг хар даа! группын хамт олон Алтан тостой relation болохоор шийдэв. Үйлдвэрт ургамлын тос хэрхэн хийгдэж, савлагдаж, хэрхэн шинжилгээнд орж баталгаажин хэрэглэгчдэд хүрдэгийг нүдээр харах үнэхээр өөр юм. Бид эх орондоо ийм үйлдвэртэй болсон гэж бодохоор сэтгэл нэг л сайхан. Цаашдаа манай үндэсний үйлдвэрлэгчид илүү ихийг хийж бүтээх биз ээ.
“Дөнгөж өнөөдөр үйлдвэрээс гарсан шинэхэн тосыг бид та бүхэнд бэлэглье” гэж Г.Ганболд захирал дулаахан инээмсэглэв. Бид ч олзуурхав. Шинэхэн ургамлын тосыг ард иргэддээ хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буй “Монгол Алтан Тос” ХХК-ийн хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Дарханы үдэш намуухан юмаа. Үйлдвэртэй танилцаад гарахад хэдийнэ орой болсон байлаа. Улаанбаатарын тэйстчин зочид дөнгөж үйлдвэрээс гарсан шинэхэн ургамлын тосоо барин шинэ зүйл харсан, мэдсэн шинийг бодож сэтгэсэн мэдрэмжтэй хүлгийн жолоо эргүүлэв.
Цахим ертөнцийн хамгийн халуухан уур амьсгалтай хамт олныг бүрдүүлж чадсан Артгаа, Гамп хоёртоо энэ дашрамд группийн нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Бид дөнгөж энэ өдөр л уулзаж буй атлаа хэзээ язааны найзууд юм шиг цагийг тун ч зугаатай өнгөрүүлэв. Мэдээж групп хэвлэл, групп хэвлэл үйлдвэр хоорондоо relationship болохын зэрэгцээ хүмүүс хоорондоо relationship болсон эсэхийг ч үгүйсгэх аргагүй. Ер нь яагаад Taste it-ээс хосууд төрж болохгүй гэж. Зарим нэг хүмүүс юу ярьж байгааг ойлгож байгаа байх. За тэгээд +18 буюу 18-аас дээш насныхан нэгдсэн аялалын сонин хачин энд бичсэнээс хамаагүй их байв.
Нөгөө нэг моод шиг like 10000 хүрвэл жинхэнэ vip нууцаас хуваалцана аа гэж. Та нар өөрсдөө л мэд, Жич: Алтан тос аяллын багийнхан минь зургаа аваарай.





















У.ЦАХИРМАА
Сэтгэгдэл (8)