Дэлхийд ганцхан, ердөө ганцхан байдаг эр зоригийн наадам манайх. Бага насны хүүхдээ морь унуулж, бага цолтой нь аманд гарч түс хийтэл шидүүлэх, сур харвааны байг тойрон зогсох хүмүүс өөрсдөө оногдох талаар нэг ч удаа бодохгүй байгаа нь гадныхны амыг ангайлгадаг. Ямартаа л ямар зоригтой хүмүүс вэ гэж шогширч байх вэ дээ. Энэ жил хэний дээлний захыг мушгиж, хэнийг дэмжих вэ гэж санаашран суугаа “хувь”-даа бөхгүй хүмүүст дуулгах нэгэн таатай мэдээ байна. Арал чац, уран барилдаанаараа гайхуулдаг, үндэсний бөхийн спортод нэгэн шинэ хэв маягийн илэрхийлэл болсон Даян аварга А.Сүхбат энэ жил зодоглохоор болжээ. Өнөөдөр болж буй Таван богдын төрийн их тахилгад тэрээр оролцож олны нүдийг унагаж явна. Ид загссан, зассан шагай шиг тэвхийсэн бие хаа нь яалт ч үгүй бэлтгэл ханасныг илтгэж байна гэж харсан хүмүүс шивэр авир хийж байв. Энэ цаг мөчид түүний амьдрал, замналыг эргэн санацгаая.
Агваансамдангийн Сүхбат 1971 оны 6-р сарын 30-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Тэрбээр нэгэн үе үндэсний бөхийн дэвжээг эзэгнэн явсан нутгийн алдарт аварга Ж.Мөнхбатын дараах өндөр хүчтэн юм. Үе удмаараа Богдхан уулын урд энгэр буюу Төрхурах, Шажинхурахын аманд нутаглаж, өсч торнин, бага насаа өнгөрүүлсэн юм.
Улаанаа хүү багаасаа унага, даагатай ноцолдож, хар ажил хийж өсчээ. 10 настайдаа үнээ сааж сурч, 12 настайдаа л дөчийн битонтой ус хэнэг ч үгүй мөрлөөд явчихдаг болов. Хөдөөгийн амьдрал Улаанааг ингэж л хүчтэн бол гэсэн шиг хатуу, хөтүүд сургаж, бие бялдрыг нь чангаруулж өсгөжээ.
А.Сүхбат 1993 онд буюу 22 насандаа улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр чимэгт улсын начин болсон юм. Ингэж явсаар дөрвөн жилийн дараа буюу 1997 онд долоо давж улсын заан цолны болзлыг хангав. Мөн 1998 онд зургаа давж үлэмж бадрах, дараа жил нь тав давж саруул сайжрах чимэг хүртлээ.
Улсын заан А.Сүхбат 2000 оны наадмаар ес даван түрүүлж улсын арслан хэмээх өндөр цолыг хүртсэн юм. Харин түүний дараа жил буюу 2001 онд дархан аварга Б.Бат-Эрдэнээр арав даван түрүүлж улсын аварга болов. Тэрээр Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярихдаа “Би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азтай хүн, нөгөө талаар би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азгүй хүн” гэж ярьсан.
Оюутан цагийн андууд болох Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, А.Сүхбат гурав гурвуулаа аварга болсон.
Тэрээр бөхийн дэвжээг эзэгнэж байсан алдарт залуу зургаан зааны нэг. А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат нарын үеийг одоо ч хүмүүс нэхэн санадаг.
А.Сүхбат 2002, 2003 онд долоо давж, түүний дараа жил буюу 2004 онд ес даван түрүүлж далай аварга болон түүнийг дэмждэг олон түмэн наадамчид, хүмүүсийг баярлуулав. Гэвч монгол бөхийн жудаггүй, шударга бус хэргийг эсэргүүцэн 2006 онд зургаа давж шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарлаж бөхийн олон хорхойтнуудыг сэтгэлээр унагасан мэдээ хүргэв.
Ийнхүү тэрээр 8 жилийн дараа наадмын талбайд гарах нь ээ. Өнгөрсөн 8 жил түүний хувьд өөрчлөлт, шинэчлэлт их шилжилтийн үе байсан биз ээ. Үзэгчид, наадамчин олон түүнийг хүлээсэн, ирнэ гэдэгт нь итгэж байсан. Тэр найдвар биелэх гэж буйд баярын нулимс дуслуулах хүн олон буй. Улаанаа, урагшаа!

Б.Уян
Сэтгэгдэл (4)