Би гуниглаж байна. Би үнэхээр гуниглаж байна. Амны салиа нь арилаагүй 17-хон настай охин төрийн сайдыг “Сайн ах гэж бодож байсан. Гомдож байна” гэж хэлэхийг сонслоо. “Тэр охины амьдралыг золиослохоор асуудлаа надтай ярь” гэж уусан усандаа хахаж цацан минчийтлээ улайх сайдыг харлаа. Төр бол төр билээ. Төр шоронд хэн нэгний нууц амраг эсэх мөн бишийг тодруулахаар зочилдоггүй. Төр твиттерт үг үсгийн алдаа засаж иргэдийнхээ харилцааг боомилдоггүй. Төр фэйсбүүкээр нэг сенсааци дэгдээж ард түмнээ хагаралдуулдаггүй. Төр харин төмөр замын өргөн, нарийн цариг дээр бодлого тодорхойлох нь зөв өнцөг.
Төр телевизийн нэвтрүүлэг үзчихээд оролцогч, бүтээгчдэд нь эрүү шүүлт тулгадаггүй. Төр ердөө нэг нэвтрүүлгийн эсрэг мэдэгдэл гаргаж жижигрэхээр тийм авсаархан зүйл билүү? Төр сэтгүүлчийг худалдаж аваад өөрийнхөө сценариар дуулуулж, уйлуулдаггүй. Төр балчир охины нүүр, амыг ашиглаж гүжир гүтгэлэг явуулдаггүй. Төр ер нь хэзээ ч ор, хөнжилд оршиж байгаагүй, орших ч ёсгүй. Төр төр л байхаас охид хүүхнүүдийн өрсөлдөөний талбар байх ёсгүй. Төр төр л байхаас мянга мянган Сарангэрэлүүдийн амьдрах тасалбар байх ёсгүй.
Төр өөрөө мэдээлэл тараачихад түүнийхээ араас зүсээ нуун сэтгэгдэл бичиж суудаг дорой байх ёсгүй. Төр өөрөө сэтгэгдэл бичүүлчихээд гэмтнийг гэсгээнэ гэж сэлэм эргүүлэх ёсгүй. Төр төмөр замын өргөн, нарийн царигийг шийдэхдээ долоо хэмжиж нэг огтлох ёстой. Төр төмөр замчдын нэгнийх нь ч үгийг сонсолгүйгээр тасар татан өөрийн бодлоо тулгах ёсгүй. Төр худалдагдаж ард түмнийхээ нүдийг боож, чихийг таглан дөргүй бух шиг зүтгэх ёсгүй.
Төр тогоо шанага, ор хөнжил, үздэг телевиз, уншдаг сонин, хоорондоо харилцдаг хэрэгсэл бүхэнд хутгалдаж жижигрэх ёсгүй. Төр ТОМ байдаг. Төр үнэн байдаг. Төр нөлөөллөөс дээгүүр оршдог. Төр шударга байдаг. Төр ард түмнээ хүндэлдэг. Төр язгуурын ихэмсэг байдаг. Янтгар хатдаар зарга шүүлгэдэггүй. Янтгар хатад төрийн хэмжээнд асуудал болж хожлыг хоёр тийш нь хуваадаггүй.
Гуниг дүүрэн зуны өдрүүд үргэлжилж байна. Өглөө болгон шинэ сенсааци, шинэ өгөөш, шинэ гэмт хэрэгтэн. Дэлхийн томоохон банкны нэг Bank of China манайд тухлав. Зээл зээл, 400 сая ам.долларын зээл гаргаж чадна. Зээлээд бай. Үнэхээр бүтээмжтэй зээлээд өндөр үр дүн гаргаад улсаа хөл дээр нь сэпхийтэл босгочих хоншоортой аавын хүү хэд байна? Өмнөх өрөө ч дийлэхгүй хуруу хумсаа малтаж байж дахиад өр тавихаас сийхгүй ёроолгүй савнууд хэд байна?
Нарийн цариг тавибал оросууд уулгалан дайрах гээд, өргөн цариг тавибал хятадууд уулгалан дайрах гээд ... Юун байлдаантай кино шиг юмыг ярьж ард иргэдээ айдаст автуулна вэ? Үнэхээр хүйтэн дайн эхлэхдээ тулбал өргөн нарийн царигтай цариггүй нөмрөөд л ороод ирнэ. Дээр үед дайн болдог байхад ямар цариг байсан юм бол ингэхэд?
Би гунигтай байна, энэ бүхнийг бодохоор үнэхээр гуниглаж байна. Хэн? Хэн биднийг тархи угаагаад байхад хүзүүгээ май гэж өгөөд дуулгавартай угаалгадаг гэж хэлсэн юм? Хэн? Хэн биднийг одоо ч гэсэн гэнэн материалист хэвээр, тархи руу чихсэн хог болгоныг чинь голж шилэхгүй “залгина” гэсэн юм?
Би гунигтай байна, би үнэхээр гуниглаж байна.
Б.Уян
Сэтгэгдэл (3)