УДЭТ-ын ерөнхий найруулагчийн албыг нэр төртэй залгуулж яваа энэ эрхэм Монголын түүхэн болон дэлхийд алдартай сонгодог жүжгүүдийг тайзнаа амилуулж, урлагт хайртай үзэгчдийнхээ “цангаа”-г тайлж эхэлсэн. Ажил төдийгүй амьдрал дээр ч өнөр өтгөн айл өрхийг цогцлоосон Н.Наранбаатар найруулагчийнх нар, сар болсон таван хүүхэдтэй.
Тэрбээр драмын найруулагчийн ажлынхаа хажуугаар дэлгэцийн бүтээлд ханцуй шамлаад байгаа юм байна. Тодруулбал, “Гарын таван хуруу” киноны Шагдарын өнөө цаг дахь үнэн нүүр царайг харуулсан, гэр бүлийн үнэ цэнийг утгаар нь харуулсан кино бүтээл дээр ажиллаж байгаа гэнэ. Н.Наранбаатар найруулагч нэгэнтээ “Амьдрал гэдэг чинь алдар нэр, гавьяа шагнал, өнгө мөнгөөр хэмжигддэггүй. Агшин хором бүрийг аз жаргалаар гэрэлтүүлж, эргээд дурсах гэгээлэг сайхан бүхнийг бий болгохыг хэлдэг юм. Өвөө минь насаараа шахуу модны үйлдвэрт зүтгэсэн мөртлөө “Алтан гадас” одон зүүж чадаагүй. Харин би 20-иодхон насандаа тэр одонг нь зүүчихээд очихдоо нулимс унагаж байснаа ер мартдаггүй юм. Тэгэхээр би таван хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж, мөнгө олохоосоо яагаад ичих ёстой гэж” хэмээн хариулсан байдаг. Үр хүүхдийнхээ жаргалтай инээд, ханийнхаа халамжинд умбаж яваагаа амьдралын хамгийн том аз жаргалд тооцдог эрхэм найруулагчийн энэ үгтэй олон хүн санал нийлэх биз ээ.






М.Сонор
Сэтгэгдэл (1)