Урам хугалсан улсын цолтнуудтай танилц!

Монгол наадмын хамгиийн том сэдэв бол бөх. Хоёр Мөнх, хоёр Эрдэнэ, зургаан залуу зааны үе гэх мэтээр монгол бөхийн нижигнэж, шижигнэсэн иртэй, одтой үе тэртээ хорьдугаар зуунтайгаа харьж оджээ. Орчин цагийн бөхчүүд дунд яагаад ийм иртэй, бяртай, тод од төрөхгүй байна вэ гэсэн асуултад одоогийн бөхчүүд маш их бэлтгэлтэй, ижил тэнцүү бяр хүчтэй болчихсон, сумын заан ч аварга болчих магадлалтай үе гэсэн хариулт ирэх. Тийм ч биз, үгүй ч биз. Ямартай ч Д.Бат-Эрдэнэ шиг, А.Сүхбат шиг аатай бөх үгүй болсон нь үнэн юм. Начны найраа ч энэ бүхэнд нөлөөлдөг биз ээ. Ингээд олныг үл нуршин өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын цолонд хүрэх болоод цолоо ахиулж шөвгөрөх хамгийн өндөр магадлалтай байсан ч эцсийн мөчид доогуур даваанд тахимаа буулгасан бөхчүүдийн тухай хүргэж байна.

Ж.Бат-Эрдэнэ

Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдаж, МУ-ын гарьд хэмээх хүндтэй цолны эзэн болсон Говь-Алтай аймгийн харьяат “Алтай констракшн”-ы бөх Ж.Бат-Эрдэнийг бүсгүйчүүд энэ цагийн царайлаг бөхчүүдийн нэгээр тодруулдаг. Олон жил начин цолтой барилдсан тэрээр жил жилийн наадмаар цол ахиулах шижигнэсэн залуусын тоонд багтаж явсаар 2011 оны баяр наадмаар хүчит даян аварга Г.Өсөхбаяраар найм давж гарьд цолны босго давсан билээ. Тэр цагаас хойш үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран хурц, дайчин барилдаан үзүүлэх болсон Ж.Бат-Эрдэнэ гарьдыг түрүү бөхийн тоонд багтааж ирсэн түмэн олон цөөнгүй. Харамсалтай нь нутаг нэгт аймгийн хурц арслан Цэрэнтогтоход тавын даваанд тахим буулгаж, тааврыг төөрөгдлийн буухиаг эхлүүлсэн.
Хамгийн царайлаг бөхчүүдийн нэг түүний гэргийг танилцуулахад Архангай аймгийн харьяат, улсын начин Л.Өлзийбаярын охин. Гарьдын хадам аавын аав нь олноо “тавхай” хэмээн алдаршсан улсын заан Лувсан хэмээх харьшгүй хүчтэн. Хадам ээж нь сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Улсын начин Д.Лхагвадорж, гарьд Н.Ганбаатар нарын авга эгч гээд энэ хосын дундаас ирээдүйн их хүчтэн төрөх магадлал тун ч өндөр.
Б.СОРОНЗОНБОЛД
Дараагийн тахим буулгаж таавар эвдсэн хүчтэн мөн л Говь-Алтай аймгийн харьяат улсын заан Б.Соронзонболд. Аймгийн хурц цолтой байхдаа заал, танхимын барилдаанд гойд сайн барилддаг байсан тэрээр улсын цолны босгонд олон жил бүдэрч байсан хүчтнүүдийн нэг. Одоогоос 5 жилийн тэртээ өөрийн сайн найз, цэргийн хурц арслан, одоогийн улсын харцага  А.Бямбажавтай тавын даваанд тунаж даван, тэр жилийнхээ наадмын түрүү, үзүүрт хүрнэ хэмээж байсан улсын арслан Х.Мөнхбаатар, даян аварга Г.Өсөхбаяр нарыг зургаа, долоогийн даваанд хаяж заан цолны болзол хангаж байсан. Заан битгий арслан, аваргын энтэй уран хурц барилдаантай гэгддэг тэрээр тухайн үед аваргаар 7 давахдаа Г.Өсөхбаярын 13 жилийн тэртээх амжилтыг давтаж байсан сонин түүхтэй. Нэг үгээр хэлбэл аймгийн цолноос шууд улсын зааны болзол хангасан ховорхон амжилтын эзэн.
Б.Соронзонболд зааны гэр бүлийн тухайд аав болоод авга ах нар нь бүгд аймаг, сумын заан цолтой.  Нэг гэр бүлийн эрчүүд сум, аймаг, улсын заан цолонд хүрнэ гэдэг соньхон хувь тохиол байх нь тодорхой. Тэрээр энэ жилийн баяр наадмын тавын даваанд шинэхэн аварга Г.Эрхэмбаярт амлуулж өвдөг шороодсон. Тухайн үед хоёр бөхийн хооронд үл ялиг маргаан үүсч, Б.Соронзонболд заан аваргыг алгадаад авсан нь энэ наадмын бас нэг сонин хачин.
М.ӨСӨХБАЯР
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын үнэн зоригт заан Мөнхсайханы Өсөхбаярыг ес даван төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тойрох болов уу хэмээн өнгөрсөн наадмаас өнөө жилийн баяр цэнгэл хүртэл ам дамжин ярилцаж байлаа. Аатай бол аатай, хийцтэй бол хийцтэй золбоолог барилддаг бөхчүүдийн нэг нь тэр. Бүр зарим нэг том цолтой бөхчүүд түүнийг толгой, цээж хоёр нь савлаад ирвэл торохгүй тэнгэр харуулдаг хэмээн бэргэдэг юм билээ. Үнэхээр ч түүний барилдаан нь орвол хэнийг ч шидчихээд сийхгүй “савчих” тийм л хүчтэн. Могой жилийн хувьд тэр мөн ч сайн барилдсан санагдана. Олимпийн аварга Н.Түвшинбаярын асрагчаар Америкт нэг сар ажилласан учир цагаан сараар зодоглоогүй ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Тусгаар тогтнолын барилдаан”-д төвөггүй түрүүлчихэж байсан билээ. Тиймээс л түүнийг тахим буулгахгүй байсаар арслан цолыг ааг бяр, омог төгөлдөр хүртэнэ хэмээн тааварлаж байсан үзэгчид үй олон. Гэвч тэр элэг бүсээ эртээ гэгч нь тайлж наадмын 4 даваанд нутгийн дүү, олимпийн аварга Н.Түвшинбаярт унаж орхисон нь гайхалтай.
Ч.САНЖААДАМБА
Домогт хоёр Мөнх, хожуу үеийн зургаан залуу заанаас хойш монгол бөхийн торгон ногоон дэвжээнд тодронхон байгаа хүчтний нэг бол улсын заан Ч.Санжаадамба. Олон жил улсын цолонд хүрэх бөхчүүдийн тааварт дээгүүр бичигдэж байсан Ч.Санжаадамба аймгийн начин цолтой байхдаа л ирээдүйтэй бөх гэдгээ харуулж, заал танхимын барилдаанд гоцорч ирсэн. Тахим өгч, авахаас эхлээд монгол бөхийн ёс жудгийг ч үлгэр жишээ баримталж буй хүчит заан маань харин наадмын барилдаанд одгүй барилддаг гэмтэй. Өнгөрсөн жилийн тавын даваанд улсын өсөх идэр, үнэн зоригт харцага Л.Пүрэвжавт унаж байсан бол энэ жилийн наадамд заан цолны болзол хангасан Б.Батмөнхөд хавируулсанаар түүнд хайртай, бөхөд хорхойтой олон наадамчны сэтгэлийг гонсойлгосон билээ. Наадмын барилдаанд нэг л ёндоогүй Санжаа зааны ар талыг найдвартай авч яваа гэргийг нь Б.Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат энэ бүсгүй сэтгүүлч мэргэжилтэй ч аагтай, алдартай нөхрийнхөө ар талын ажлыг амжуулахын тулд мэргэжлээрээ ажилладаггүй юм гэсэн.

Р.Эрдэнэ-Болд

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025