Хүүхэд, залуус битгий хэл тамирчдад бэлтгэл сургуулилт хийх танхим ховордоод байгаа энэ үед спортын цоо шинэ төв нээгдсэн талаар таатай мэдээлэл байна. “Их үйлсийн эрэлд” компани “Их Монгол” хотхондоо цоо шинэ спорт төв бүтээн босгожээ. Энэхүү төв нь жүдо бөхийн бэлтгэл сургуулилт хийх татами, нийслэлд ховорт тооцогдох усан бассейнтай. Ялангуяа жүдо бөхийн бүх ёс жаягийн дагуу байгуулсан татамиг мэргэжлийн тамирчид олзуурхаж байна. Тус төвийн нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Гавьяат Тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр “Энэхүү сайхан дэвжээнээс ирээдүйн олимп дэлхийн аваргууд төрөх болтугай” гэж ерөөж байсан юм.
Ирээдүйд тив дэлхийд нэр алдраа дуурсгах жүдочид, дэлхийн аваргуудыг бэлтгэх шинэ татами болон бассейн бүхий “Тэмүүлэл” спорт, сургалтын төвийн нээлтэд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монгол Улсын Гавьяат Тамирчин, дасгалжуулагч Х.Болдбаатар, Усан спортын тамирчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхмандах, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, “Их үйлсийн эрэлд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганхуяг нар оролцож ёслолын туузыг хайчиллаа. Энэхүү жүдо бөхийн татамийг Улсын начин, Жүдогийн олон улсын хэмжээний мастер Б.Одхүү удирдан ажиллуулах юм.
Харин усан спорт сонирхогчдод дуулгахад тус төв нэгдүгээр давхартаа 16:7 метр, сэлэлтийн гурван замтай бассейныг ажиллуулж байна. Энд та усанд сэлж алжаалаа тайлахаас гадна усан спортын багш, дасгалжуулагч дэд мастер Б.Энхболд, Олон улсын хэмжээний мастер Б.Энхзул нарын удирдлага дор бүх төрлийн хичээл заалгах боломжтой. Олон улсын хэмжээний мастер Б.Энхзул Японд аква фитнесийн чиглэлээр мэргэшсэн. Өмнө нь Японы усан спортын сургалтын институтын дасгалжуулагч Нишимори Накабаг Монголд урин хамтдаа сургалт явуулж байсан юм. Нийслэлд цөөхөн байдаг усан бассейны дийлэнх нь зуны улиралд идэвхтэй ажилладаггүй бол эднийх маргаашнаас эхлэн өдөр бүр 07.30-21.30 цаг хүртэл ажиллана. Тиймээс усанд сэлэхийг хүсэгчид мөн бие галбираа сайхан болгохыг хүсч байгаа хэн бүхэн “Их Монгол” хотхон дахь “Тэмүүлэл” спорт сургалтын төвийг зориорой.


Сэтгэгдэл байхгүй байна