Найман сартай жирэмсэн тамирчин

АНУ-ын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн тамирчин Алишиа Монтано саяхан болсон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд  найман сартай жирэмсэн байхдаа өрсөлдөж тэмцээнээ дуусгасан байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд  дөрвөн удаа түрүүлж байсан аварга юм. Алишиа өөрийгөө ийм үйлдэл гаргасан анхны тамирчин биш хэмээж байгаа юм.

Мөн тэрбээр “Хэрвээ та сайн бодоод үзэх юм бол дээр үед амьдарч байсан хүмүүс амьдрахын төлөө тасралтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй болдог байсан. Жирэмсэн байсан ч гэсэн элдэв ан амьтдаас зугтах хүртэл шаардлага тулгардаг байсан байх” хэмээн хошигносон байна.

Таныг гүйхээс өмнө хэн нэгэн  нь танд “Юу яриад байгаа юм бэ? Чи ийм байдалтай гүйж болохгүй!” гэж хэлсэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрбээр “Өмнө нь хэлсэнчлэн би бол жирэмсэн байхдаа уралдаанд оролцож байгаа анхны эмэгтэй биш. Мөн жирэмсэн үедээ гүйж байсан найз минь надад “Чиний хийх гэж байгаа үйлдлийг хориглох хүн зөндөө гарч ирнэ. Тэдний ихэнх нь буруу ташаа мэдээлэлтэй байдаг учраас маш их эсэргүүцэх байх. Гэхдээ чи өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ хийх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн. Би ч энэ талаар эмч асрагч нараасаа сайн лавлаж асуусан бөгөөд бүгд 100 хувь  ямар нэг асуудал байхгүй хэмээн намайг дэмжсэн. Тэгээд ч би уралдаанд оролцох гэж буйгаа тийм ч олон хүнд хэлээгүй” хэмээн хариулсан байна.

Мөн тэмцээнийг үзэж байсан үзэгчид өөрийг нь хэрхэн хүлээн авсан талаар асуухад Алишиа: “Би гүйлтийн спортын дэмжигчид тамирчдад бүгдэд нь хайртай. Уралдаан эхлэхээс  өмнө талбайд гарахдаа би бүх зүйлд бэлтгэлтэй байсан. Хүмүүс яаж ч хүлээж авсан би элдэв зүйл бодолгүй уралдаанаа дуусгахаар шийдсэн байсан. Харин гайхалтай нь хөгжөөн дэмжигчид намайг гүйж эхэлснээс хойш маш ихээр алга ташиж байсан. Бүр намайг өмнө нь хэд хэд түрүүлэхэд алга ташдаг байснаас илүү хүчтэй алга ташин дэмжиж байсан нь үнэхээр гайхалтай байсан” хэмээн хариулжээ.

Дашрамд сонирхуулахад Алишиа нь 2012 оны АНУ-ын Олимпын шигшээ багт багтаж байсан тамирчин юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025