Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүдийн хувь заяаг хууль хүчний байгууллагынхан хэрхэн “зурж” байгаад анхаарал хандуулъя.
Улстөрчдийн хэрэг юу болов
Төр түмнийхээ төлөө сайн үйлсийг хийнэ гэж баахан амлаж түшээгийн суудалд суусан нөхдүүдээс хэрэгт холбогдсон нь цөөнгүй. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал нь хэргийг шийдвэрлэж чадахгүйд хүргэдэг байдал жам ёсных болоод байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарт холбогдох сонгогчдын саналыг худалдаж авсан гэх хэргийг шалгаад дууссан ч, халдашгүй байдалтай холбоотойгоор шийдвэрлэх боломжгүйд хүрсэн гэж Дүүргийн I прокурорын газрын прокурор Д.Энхтөр хэлж байна.
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Мунзуй” хэмээх иргэн Г.Нямдоржтой ресторанд муудалцаж, бие биенээ хутгалсан гэх асуудлыг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Хутгалснаас хэн нэгэнд нь гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй учраас хэргийг хаасан гэлээ.
За харин УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох бусдаас их хэмжээний мөнгө залилсан, мэхэлсэн гэх хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Хурлын тов хараахан гараагүй байгаа гэнэ.
Анхаарал татсан хэргүүд яав
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн энэ сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Хэргийн тухайд, Ц.Мянганбаяр нарын 15 хүнийг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хууль бус үйл ажиллагаа явуулснаас онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасагт эрүүгийн хэрэгт үүсгэн шалгасан. Тус сумын Бөөрөлжүүтийн голд “Дөлгөөн цайдам”, “Өгөөж өлт”, “Шинэ Уянга”, “Шаазгай бадмаараг”, “Хаан соёолж”, “Пүрэвдаш”, “Эдоц”, “Соёл аривжих”, “Шарга Зүлэг”, “Зул мөнх бадмаараг”, “Хаан соёолж”, зэрэг компанийнхан нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож байсан. Ингэхдээ “Монгол газар”, “Баярсгоулд” компанийн захирал Ц.Мянганбаяртай нөхөн сэргээх гэрээ байгуулжээ.
Уг нь 2009 онд тухайн газрыг нь “Монгол газар”-ын эзэмшлээс хасаж, улс, орон нутгийн мэдэлд өгч нөхөн сэргээчихсэн, дахин хийх шаардлагагүй, байгалийн төрхөндөө орж, эдгэрч байсан талбай. Гэвч Ц.Мянганбаяр тэргүүтэн хууль бус гэрээ байгуулж, шүүхийн захирамж шийдвэрийг үл ойшоон “Зул мөнх бадмаараг”, “Кенардо”, “Шар зүлэг”, “Шинэ Уянга” зэрэг компанийг оруулсан байна. Ингэхдээ нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, тэдгээр компаниас мөнгө авчээ. Энэ хэрэгт Уянга сумын Засаг дарга П.Баатар, ЗДТГ-ын дарга З.Дагвасүрэн, VI багийн Засаг дарга Г.Цэрэнчимэд, Сумын Иргэдийн нийтийн хурлын дарга Ж.Шийрэвдорж, Төрийн банкны төлөөлөгч Д.Минжбадгар нарын 15 хүн холбогдсон байсан бөгөөд Ц.Мянганбаяртай хамт яллах дүгнэлт үйлдүүлэхээр долоон хүнийг прокурорын байгууллагад шилжүүлсэн. Гэвч энэ хэрэгт улстөрчдийн нөлөө, ашиг сонирхол орсон талаар яригдаж байна. Дүүргийн II прокурорын газраас С.Нарантуяа, Д.Пүрэвдаш, Ж.Шийрэвдорж, З.Дагвасүрэн, Б.Минжбадгар, Д.Энхтүвшин, Ч.Жигжидсүрэн нартай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн Ц.Мянганбаярт яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ.
За харин бусад хэргүүдийн тухайд, Г.Буяндорж нар бусдын 1,2 сая ам.долларыг залилсан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл нарын мансууруулах бодис худалдаж авч хэрэглэсэн, борлуулсан, “Макс”-ын барилга дээрээс төмөр унаж ЭЗХЯ-ны жолоочийн амийг хохироосон хэрэгт “Мээж класс” компанийн эрх бүхий албан тушаалтан Ш.Нямдаваа, Л.Амгалан нарыг буруутгасан, ШШҮХ-ийн дэд дарга Г.Дагиймаа нар хуурамч дүгнэлт гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх зэрэг хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байгаа аж.
Улсын нууцын тухай юу гэв
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн талаар хуулийнхан дуугарахгүй гэнэ. Түүнийг манай улсад ирээд алга болсон ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхарт Клойберийг сураггүй болоход оролцсон байж болзошгүй хэмээн ЗБГХТГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх албанд шалгаж буй юм. Алга болсон герман эр нутгийнхаа банкнаас 12 сая евро залилан авч Рудигер гэх нэрээр 2004 онд манай улсад ирснээс хойш сураггүй болсон. Тэрбээр нэг хэсэг зайсанд орон сууц худалдан авч амьдарч байсан бөгөөд энэ үедээ Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан аж. Тиймээс Д.Цогтбаатарыг цагдаагийнхан шалгаж байгаа. Түүнийг зөвхөн энэ хэргээр ч бус, шалгах шаардлагатай өөр ч асуудал байгаа гэж буй юм.
Уг хэргийн явцын талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “Тагнуулын ажилтантай холбоотой хэргийг шалгаж байгаа. Төрийн нууцтай холбоотой асуудал тул мэдээлэл өгөх боломжгүй. Мөн ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан асуудал нь Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжтой холбоотой учраас мэдээлэл өгөхгүй” гэв.
Л.Гансүх бас л гэмгүй мултарчихжээ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх гэж гишүүн сайд байхын л элдэв хэрэгт орооцолдоод гэмгүй мултарчихдаг нэгэн байсан. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчийн хувьд тус хөтөлбөрийн хөрөнгөнөөс албан тушаалтнууд завшсан гэх дуулиан өнгөрсөн тавдугаар сард гарахад нэр холбогдсон. Тухайн үед хэвлэлд Л.Гансүхийг охин Л.Цэрэнжагзангийнхаа “Эм Жи Эл Эс Би” гэдэг компаниар дамжуулан нүүрс борлуулахдаа сонгон шалгаруулалтгүйгээр эрх өгсөн хэмээж байсан. Энэ хэрэгтэй холбоотой дуулиан дахин дэгдэх нь бололтой. Уг хэрэгт холбогдуулж нэгэн эмэгтэйг саатуулан шалгаж байгаа. Л.Гансүхийн охин байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл Дүүргийн I прокурорын газрын прокурор Д.Энхтөр “Л.Гансүхэд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээгүй. “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргийг шалгаж байгаа гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна