Супермодель, үдшийн хатан хаан, рокер, “хурдтай амьдарч, хөгшрөхгүйгээр үхэхийг” хүсдэг, Кейт Мосс бол 90-ээд оны барууны, дэлхийн хувцас загварын ертөнцийн хамгийн өндөр ханштай, хамгийн эрэлттэй, дуулиан шуугиан ихтэй загвар өмсөгч.
Алдартай, баян, хэтэрхий амжилттай, дур булаам, мэдрэмжтэй бүсгүй хэмээн түүнийг тодорхойлдог. Бүтэн нэрийг нь Катерин Мосс гэх, 173 см өндөртэй, хэзээ ч таргалдаггүй энэ бүсгүй ер бусын харц, туранхай бие галбираараа алдартай нэгэн. Хов жив, атаа жөтөөгөөр дүүрэн моделийн ертөнц түүнийг “тэнүүлч, золбин, орон гэргүй”-чүүдийн төлөөлөгч хэмээн гоочилдог. Ингэж хэлэхэд нөлөөлсөн зүйл бол түүний хэвийн бус зарим талаар амьтан шиг төрх, биеэ задгай авч явдаг байдал, нүцгэн голдуу зургаа авахуулах дуртай зан, мэдээж хэтэрхий туранхай бие гэж болно.
Түүний 2002 онд жирэмсэн байхдаа нууц нэрэн дор “Нэргүй нүцгэн натур хөрөг”-өө зураач Люсьен Фрейдээр зуруулсан нь түүнийг маш богино хугацааны дотор Синди Кроуфордын дайны нэр алдартай болгож хувиргасан билээ. Энэ алдарт хөрөг 2005 онд 3.9 сая паунд буюу 7.2 сая ам.доллараар зарагдаж байсан түүхтэй.
Кейт Мосс 1974 оны 1-р сарын 16-нд Англид төржээ. Түүнийг 15-тай байхад эцэг эх нь салсан бөгөөд үүнээс жилийн өмнө бяцхан Кейтийн алдарын зам нээгдсэн гэж болно. 1988 онд тэрээр гэр бүлээрээ зуны амралтаар Бахамад амраад Англи руу буцаж ирэх замд буюу нисэх онгоцны буудал дээр Кейт охин Сара Дукасын нүдэнд өртөж, улмаар тус агентлагийн модель болсон юм. Энэ бол түүний толгой эргэм их амжилт, фэшн-карьерийн эхлэл байв. Тэрээр Британийн The Face сэтгүүлийн хавтсан дээр гарахаас фото моделийн ажлаа эхэллээ. Эхэн үедээ жийнсний рекламанд тоглож байсан тэрээр 1996 онд Calvin Klein фирмийн нүүр царай болсноор жинхэнэ фото моделийн эцэс төгсгөлгүй карьерт хөл тавьсан гэж болно.
Америкийн Allure, Harper's Bazaar, Их Британийн Arena, Elle, The Face, Vogue –ийн Америк, Англи, Австрали, Итали, Бразил хувилбаруудын хавтсан дээр гарч байснаас түүнийг хэр алдартай болохыг харж болох юм. Мөн ондоо “Оны шилдэг модель” номинацийн эзэн болсон бөгөөд яг энэ үед түүнтэй өрсөлдөх амжилттай, шуугиантай, загвар өмсөгч байгаагүй юм. Ингээд Calvin Klein эхлэлийг нь тавьж өгсөн алдартай брэндүүдийн нүүр царай, албан ёсны модель болох карьер Burberry, Cerruti 1881, De Beers Simple Diamond, Dolce and Gabbana, Gianni Versace, L'Oreal, Yves Saint Laurent зэрэг хувцас загвар, гоо сайхны ертөнцийн “луглагар”-уудаар үргэлжиллээ. Энэ үед Кейт Моссын зөвхөн нэг өдрийн орлого дунджаар 10.000 ам.доллар байсан юм. 1994 онд 2.2 сая ам.доллараар хэмжигдэж байсан Кейтийн хөрөнгө 1998 оны байдлаар энэ тоо 26.8 сая ам.доллар болж өслөө. Түүний гол орлого нь Calvin Klein- ээс эхтэй. Тэрбээр Calvin Klein-тэй 100 өдөр ажиллаад 4 сая ам.доллар авах гэрээтэй ажилладаг.

Хэзээ ч инээмсэглэдэггүй!
Тэрээр баялаг стильтэй нэгэн. Жони Депп, Спейсхог, гитарчин Энтони Ландон нарын өндөр мэдрэмжтэй залуусын хувцасны хэв маяг, хандлагыг тодорхойлдог. Цыган маягийн хэрнээ шик стилийг сонгодог эмэгтэйлэг байдалтай хослуулсан хотын хэв маяг ханхалсан хувцаслалтын имижээрээ Кейт хэзээд ялгарч байдаг. Гадаад төрх, биеэ авч явах соёл төдийгүй дотоод сэтгэлийн имижээрээ энэ бүсгүй бусдаас ялгаатай. Зүгээр нэг ялгарах биш үнэхээр өөр байж чаддаг учраас л түүнд хүмүүс тийм их дуртай байдаг биз ээ.
Юутай ч 30-тайдаа эрэгтэйчүүдийн “Arena” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн дур булаам бүсгүйгээр тодорсоноос хойш Кейт Моссын нэр ороогүй “Best Dressed” жагсаалт байдаггүй болсон. 2005 онд Британийн “Glamour” сэтгүүлээс явуулсан судалгаагаар 8.000 хүнээс “Хамгийн дэгжин хувцасладаг бүсгүй”-ээр шалгарч байжээ. 1995 онд тэрээр “Fashion Personality of the Year” шагнал, дараа жил нь "Model of the Year" шагналыг тус тус авсан байна.
“Кейт Мосс үргэлж гайхалтай, хачирхалтай харагддаг. Хар шуудай углачихсан явж байсан ч хүмүүс түүнийг дуурайж, худалдан авахыг хүсдэг”. Жирийн хүмүүсийн жишгээр авч үзвэл арчаагүй, заваан, ёс суртахууны хувьд нийгмийн хэм хэмжээнд үл тохирох тэр этгээд бүсгүйд хүмүүс тэгээд яагаад тийм дуртай байдаг юм бол? Тэр архичин, тамхичнаараа алдартай, ёс суртахуунгүй гэгддэг. Гэтэл дээд зэрэглэлийн үнэтэй брэндүүд яагаад зөвхөн энэ бүсгүйгээр нүүр царайгаа хийх гэж улайрдаг юм бол?
Мэдээж Кейтэд тэр бүр хүнд байгаад байдаггүй төрх нь маш их нөлөөлдөг. Тийм ч учраас “Кейт Мосс дур булаам байж болно. Гэхдээ маш сайн фото камер, фото зурагчны ачаар тэр ийм алдарт хүрсэн” хэмээгддэг. Гэхдээ энэ нь Кейт царай муутай гэсэн үг биш, хамгийн гол нь тэрээр зурган дээр дэндүү мэдрэмжтэй, өвөрмөц гардаг. Тэрээр хэзээ ч инээмсэглэдэггүй, драматик харцаараа бусдаас давуу байж чаддаг. Зурагчид түүний инээмсэглэж байгаа төрхийг фото зургийн хальснаа буулгах гэж Лондон, Нью-Йоркийн гудамжинд санаандгүй зураг аваад ч амжилтад хүрээгүй гэдэг. Гэвч тэрээр тоглоомныхоо оргилд хүрч, түүний үл хөдлөх хөрөнгө гэхэд л 30 сая орчим ам.доллараар үнэлэгддэг болсон.
Түүний хэзээ ч жингээ нэмдэггүй гоолиг галбир нь уу эсвэл царайлаг төрх нь илүү дур булаам байдаг юм уу? Юутай ч царайлаг гэгддэгийн гол учир нь түүний харцанд оршдог. Тэрээр загвар өмсөж, томоохон брэндүүдийн нүүр царай болохоос гадна хэд хэдэн кинонд дүр бүтээж мөн Линда Евангелиста, Хелена Кристенсен нар шиг дууны клипэнд тоглоод амжсан авьяаслаг жүжигчин. Мөн “Кейт Моссын түүх” нэртэй зөвхөн өөрийнхөө гайхамшигтай зурагнуудаас бүрдсэн ном гаргасан нийтлэлч.
Архичин супермодель
Хэдийгээр түүний энэхүү олон талт карьер нь түүнийг алдаршуулсан боловч нөгөө талаар тэрээр эрүүл биш имиж, тухайлбал хэтэрхий туранхай бие, 90-ээд оны эхэн үеийн агуу тамхичны алдар цол, хар тамхины дуулиан, архинаас үүдэлтэй хувийн амьдралынх нь бүтэлгүйтэл, үнэхээр ерийн бус хувийн амьдрал нь түүний карьерт багагүй нөлөөлдөг. Энэ бүхэн түүнийг мэргэжлээс нь илүү алдаршуулж, сонин хэвлэлийн тэргүүн нүүрнээс салахгүй байх шалтгаан болдог билээ. Calvin Klein түүний самнаагүй ширэлдсэн, хиртэй үсэнд ухаангүй дуртай, бараг бахархдаг бол хүмүүс түүний хиртэй, хайш яйш хувцаслалтанд дуртай байдаг нь сонин. Найз залуу рокер Доэртигээсээ илүү рок-н-роллын авьяастай, натур өгөгдэлтэй байж болмоор тэр бүсгүй архиа уугаад ажилдаа цагтаа ирэхгүй байх нь энүүхэнд. Гэвч түүний хамтран ажиллагсад нь / Calvin Klein, Chanel, Burberry г.м/ түүний энэ араншинг хүлээн зөвшөөрдөг, уучилдаг байв. Тэрээр зураг авалтын үеэр архины жижиг сав өвөрлөсөн явах нь огт сонин биш байсан юм. Янаг амрагийн адал явдлаар мэдээж дүүрэн. Жонни Депптэй 5 жилийн турш янаг амрагийн харьцаатай байсны дараа тавьсан дуулиант сүй нь түүнийг нүцгэн зургаа зуруулсантай нь дүйцэхүйц хэвлэлийн “баатар” болгосон бол сүүлд гарсан хар тамхины дуулиан Кейтийг жинхэнэ “алдаршуулж”, супермоделийн тайзнаас буух эсэх дээрээ тултал “ганхуулаад” авсан удаатай.
Хар тамхичин
2005 оны 6-р сард Британийн “The Sunday Mirror” сонинд Кейт Моссыг хар тамхичин хэмээн зарлалаа. Гэвч тэрээр тус сониныг “худал мэдээлэл нийтэлсэн” гэсэн үндэслэлээр шүүхдэж, эцэст нь ялалт байгуулсан боловч тун удалгүй буюу 9-р сард “The Daily Mirror” сонинд найз залуу, Британийн панк хамтлаг “The Libertines”-ийн гишүүн Пит Доэртитэй хамт кокаин татаж буй зураг нь нийтлэгдсэнээр энэ мэдээлэл үнэн болох нь нотлогдлоо. Ингээд H&M, Chanel, Burberry зэрэг компаниуд түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, нэгэн цагт “Дэлхийн агуу супермодель” гэгдэж явсан хэтэрхий амжилттай бүсгүй “засаршгүй” хар тамхичин гэдгээ нотолсон юм. Үүнээс өмнө 1998 онд тэрээр Лондонгийн Хар матхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх эмнэлэгт хагас жил хэвтэж эмчлүүлж байсан билээ.
Нүцгэн натур ба Кейтийн үнэн нүүр царай
Тэрээр жирэмсэн байхдаа зуруулсан нүцгэн хөргийнхөө тухай “Энэ бол миний хамгийн дуртай зураг, би эндээс л жинхэнэ Кейтийг, Кейтийн дотоод сэтгэлийг олж хардаг. Сэтгүүл дээр эсвэл рекламанд зураг авахуулахаар гоёмсог, ганган хүүхэн харагддаг бол энэ зурган дээр жинхэнэ sexy beast харагдуулсан” гэж байсан юм. Туранхай хөлтэй, том хөх, том гэдэстэй нүцгэн хүүхэн буйдан дээр хэвтэж буйгаар дүрсэлсэн энэ хөргийн үнэ цэнэ нь өөр ямар ч фото зурагчин Кейтийн мөн чанар, дотоод ертөнцийг ингэтлээ сайн мэдэрч, гаргаж чадахгүйд оршдог. Амьтных юм шиг, байгалиараа байгаа сэтгэл зүрх, биеэ авч явах байдал, бүдүүлэг гэмээр араншин. Энэ талаараа Доэрти тэр 2 адилхан. Тийм ч учраас бие биенээ дэндүү сайн ойлгож бас хайрлалцаж чаддаг биз. Энгийн хүмүүс ойлгоход бэрх тэдний амьдралын хэв маяг, хайр дурлалын адал явдал үргэлж л бусдын анхаарлыг татаж, хэл ам таталж байдаг. Тэглээ гээд тэд эмзэглэдэггүй. Тэр 2 “Дурлалыг үзэн яддаг сүм” гэдэг нэртэй сүмд хуурамч хуримаа хийж байсан удаатай.
Кейт, Доэрти шиг хүмүүс дэлхий дээр маш ховор үлдсэн. Угаас ч ховор байдаг “дүр”. Тэд жирийн хүмүүсээс огт өөр, хүссэнээрээ амьдарч чаддаг. Нийгмийн дэг жаяг, ёс дүрмэнд баригддаггүй. Тийм ч учраас магадгүй, Кейт олон арван фирмийн сонирхлыг татаж, олон зуун хүмүүсийг “дурлуулдаг” биз. Юутай ч сайн, муу дуулиан шуугиан хэн нэгний карьерийг хэзээ ч баллаж чаддаггүйг түүний амьдралаас харж болох юм.
Юутай ч Кейт Мосс 90-ээд онд гарсан алдрын оргилоосоо буугаагүй, өнөөг хүртэл загвараа өмссөөр, супермодель цолоо хадгалсаар, хүлээн авалтуудыг чимсээр, гоо сайхны стандартыг тогтоосоор явна. Гэхдээ хэдийгээр дэлхийн топ моделиудын нэг боловч түүний алдар 80-аад оны супермоделиудын анхны давалгаа шиг хүчтэй байгаагүй. “Оригиналь” таван супермоделийн тоонд Клаудия Шиффер, Кристи Турлингтон, Синди Кроуфорд, Наоми Кемпбелл, Линда Евангелиста нар ордог билээ.








М.САЯН
Сэтгэгдэл байхгүй байна