Хүчит бөхчүүдийн гал хаана вэ?

Хэний хүү одтой бяртай, хэний хүлэг хурдан шандастай, хэний тавьсан сум цэц мэргэн байхыг харах гэж наадамчин олон хуран цугладаг. Наадам айсуй энэ өдрүүдэд хүчит бөхчүүд  хэдийнэ галдаа гарч бэлтгэл сургуулилтаа базаагаад эхэлжээ.

Алтайн бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах «Мандал» амралтын зүг хүлгийн жолоо залсан юм. Энд Говь-Алтай аймгийн «Хантайшир» дэвжээний бөхчүүд сүүлийн дөрвөн жил бууриа засаж, бэлтгэл хангаж буй билээ. Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д. Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Ду.Батбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан аймаг, цэргийн цолтой 40 гаруй бөхийг Улсын начин  Д.Бадрах дасгалжуулж байгаа аж. Биднийг очих үед МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав ирсэн байлаа.Тэрбээр Улсын начин Д.Бадрахын багш учраас шавь дээрээ ирж, амарч буй гэнэ.

Увс “Увс нуур” бөхийн гал хэмээх ТББ 1998 онд анх байгуулагдсан. Бөхийн галуудын дотроос хамгийн анхны гал гэж хэлж болно. Байгуулагдаад 12 жил болж байна. Анхных нь гүйцэтгэх захирлаар дархан аварга Х.Баянмөнх, ТУЗ-ийн даргаар хуучин Сангийн яамны сайд байсан Э.Бямбажав гуай ажилладаг байв.  Өнгөрсөн баяр наадмаас өмнөхөн “Увс нуур” дэвжээ маань шинэ бүтэц зохион байгуулалтанд ороод галын тэргүүнээр Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сонгогдон ажиллаж байна.  “Увс нуур” бөхийн галын менежер буюу нарийн бичгийн даргаар  Улсын начин Д.Жанчивдорж ажиллаж байгаа. Дэвжээний гол зорилго гэвэл монгол үндэсний бөх болон бөхийн бусад төрлөөр барилдах авъяастай, удамтай, сонирхолтой хүүхдүүдийг шилж сонгон авч, бэлтгэх, бие бялдрыг хөгжүүлэх, дасгалжуулах, санхүүгийн байдлаар дэмжих туслах гээд олон талын үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.Увсийн хүчтэнгүүд бэлтгэлээ базаахаар Харзтайг зорьжээ.

Дундговиос нэг хэсэгтээ л улсын цолтон төрөөгүй завсарласан. Нутгийн олон хур харцагын овоог тахиснаас хойш бөхийн зүлэг ногоон дэвжээ үр өгөөжөө харамгүй хайрлах болсон гэдэг.Улсын харцага Л.Пүрэвжав, Улсын начин Л.Олзгэрэл нар Түшээт ханы Налайхын ойролцоох Шохой булаг хэмээх газар бэлтгэлд гаржээ.

Завхан нутгаас төрсөн Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын гарьд М.Баяржавхлан гээд олон хүчтэн бий. Энэ жил Б.Гончигдамба гарьд Засагт ханы Завхан дэвжээнийхээ бөхчүүдийг ахлан наадмын бэлтгэлээ базаахаар нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.

Архангай аймгийг бөхчүүдийн  өлгий нутаг гэдэг. Энэ жил алдарт буур Жамъян аваргын зээ хүү Далай аварга Г.Өсөхбаяр Алдар спорт хороогоор овоглодог бөхчүүдээ ахалж гасан тул Улсын гарьд Д.Рагчаа,  Бөхбилэг дэвжээнийхээ бөхчүүдийг удирдан Бугын САА-д бэлтгэл хийлгэж буй.

Сүхбаатар аймаг үндэсний бөхийн холбоо нутгаасаа төрөн гарч буй залуу бөхчүүдээ дэмжин Жавхлант бөхийн дэвжээг 2010 оны хоёрдугаар сарын 6-нд  нээсэн юм.Монгол Улсын харцага Ч.Өвгөнхүү, Ц.Магалжав нар галынхаа бөхчүүдийг ахлан бэлтгэл хийхээр гараад байна.

Энэ жил Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэл базаахаар буурь сэлгээд байна. Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар бөхчүүдээ ахлан “Төр хурх” амралтын газар, Таван толгой зэрэг газруудаар гарсан байна.

Хөвсгөл аймгийн хүчтэн дэвжээний бөхчүүд мөн л буурь сэлгэж, хэд хэдэн газар бэлтгэлээ базааж буй. Улсын арслан Х.Мөнхбаатар Улсын начин М.Эрдэнэбат нараар ахлуулсан бөхчүүд “Сүүж”-д бэлтгэл хангаж буй бол Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Б.Баянмөнх нарын ахалсан бөхчүүд “Төрх хурх”-д үлдсэн нь Улсын начин Б.Бадралын удирдлагад нутагтаа бэлтгэл базааж байна.

Булган аймгийн Булганхангай дэвжээний бөхчүүдийг Улсын арслан Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу нар удирдан “Дуган хад” амралтад бэлтгэлээ базаахаар гарчээ.

 

 

 

Хэнтий аймгийн Хан Хэнтийн аварга дэвжээнийхэн Цэнхэрмандал сумын нутаг хэрлэн голын хөвөө Өндөр дэнж хэмээх газар тав дахь жилдээ наадмын бэлтгэл базааж буй. Тус галд Улсын харцага Э.Оюунболд, Аймгийн арслан Б.Хадбаатар С.Ариунбилэг Г.Ган-Цоож тэргүүтэй 30-аад бөхчүүдийг Улсын начин Д.Батбаяр, Б.Одхүү нар ахалж байгаа аж.

Улсын заан Б.Батмөнх тэргүүтэй Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхчүүд энэ сарын 15-нд Б.Бадам-Очироор ахлуулан, нутгийнхаа Дүнжингарав уулын аманд бэлтгэлд гарчээ.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025