Монголын загварын талбарт зүс царай, нуруу туруугаараа ялгарч гарч ирсэн загвар өмсөгч А.Пүрэвмаа “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаагийн хайртай шавь нарын нэг. Япон явж, алдартай топ модель болох мөрөөдөлдөө хүрэхэд тун ойрхон байсан ч согтуу залуугийн балагт үйлдлээс болж дөрвөн давхрын тагтнаас шидэгдэн хүнд гэмтэл авсан байдаг. Нуруу болон аарцагны яс нь хугарч, хөлийнх нь мэдрэлийн судсууд тасарсан бөгөөд нэг хөл нь шагайнаасаа доош, нөгөө хөл нь өвдөгнөөсөө доош мэдээгүй болсон юм билээ.
Гэхдээ тэрбээр хөл дээрээ босох найдваргүй гэсэн эмч нарын үгэнд гутарч зүгээр суугаагүй ээ. “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болсон. Тэрбээр сайн үйлсийн аянг идэвхтэй зохион байгуулж залуусыг уриалдаг. Түүнийг “Сахиусан тэнгэр” хэмээн нэрийддэг ч болж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө олон сайхан зүйлийг санаачлан буяны үйл хийдэг тэрбээр асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатуужлаараа хүнд хэцүү үеийг даван туулж яваа. Өдгөө хөл дээрээ боссон ч, яаралтай эмчилгээнд явахгүй бол болохгүй болжээ. Биеийнх нь мэдээгүй болсон хэсэг нь өдрөөс өдөрт хатингаршиж, нурууных нь шарх сайн эдгэхгүй, өдөр бүр шархаа цэвэрлүүлж амаргүй байдалтай байгаа аж. Тэрбээр одоо л сайн эмчлүүлэхгүй бол эдгэх найдвар улам л багасах учир бусдын төлөө сайн үйлс хийж явдаг хатуужилтай энэ бүсгүйд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс олон гарах биз ээ.
Хандивын тоглолт зургадугаар сарын 27-н буюу өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 19:00 цагаас болох гэж байна. А.Пүрэвмаа өөрийн биеэр билетээ борлуулж байгаа аж. Түүнээс билет худалдаж авахыг хүсвэл Орос элчингийн баруун талын Rinchin Yesui fashion house дээр очиж авах боломжтой. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй 100 хүнд үнэ төлбөргүй үзүүлэхийг хүсчээ. Тасалбарын үнэ ердөө л 10000 төгрөг. Мөн та 155889 тусгай дугаарт angel гэсэн мессэж илгээх боломжтой. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Холбоо барих утас: 95881153, 88105657

Сэтгэгдэл байхгүй байна