Хэнбугай ч гэсэн хайр дурлалын өмнө байдгаа барьж, өөрийгөө умартдаг нь хүн төрөлхтний мөнхийн хууль гэлтэй. Энэ нь ялангуяа бүсгүй заяат, зөөлөн сэтгэлтнүүдэд ч илүү хамаатай юм шиг. АЖ Ш.Чимэдцэеэгийн амьдрал, хувь заяа чухам хайрын адармаат он жилүүд гэмээр адал явдал, үүх түүх ихтэй. Дэрэвгэр алаг нүдээ дэрвэлзүүлэнхэн тормолзуулахаараа ямар ч эрийг ядах юмгүй уяраачих шидтэй гэмээр уяхан хоолой, туяхан төрхөт тэрбээр халхын цуутай сайхан хүүхнүүдийн нэг хэмээгдэн энэ насыг элээж яваа. Гэвч цуутай сайхан төрснөөр амьдралын аз жаргал хэмжигдэхгүй нь хяслантай.
Түүний анхны нөхөр нь эгэл жирийн тээврийн жолооч байсан ч хувь тавилангийн эрхээр хоёр тийш болсон. Энэ цагаас хойш түүний
амьдрал, дурлал МУГЖ Д.Түвшинжаргалтай салшгүй холбоотой явж иржээ. Орь залуу насандаа дөрвөн настай Дамдэмбэрэл хүүтэйгээ торойж хоцорсон тэрбээр дахин бүл нэмээгүйгээ амьдрал хүнд тэгш заяадаггүй шүү дээ хэмээн уужуухан сэтгэлээр цайруулах. Гуч гарсан ханхар хүү нь ээжийгээ хэдийнэ эмээ болгож, аз жаргалд умбуулсан ч гэлээ хувийн амьдралд нь дахин нэг донслогоо гарч, дуучин маань сэтгэл чанаддаа гундуухан явна.
Т.Баясгалангийн аав гэдгээрээ олон танил Д.Түвшинжаргалыг охиныхоо ээжийг орхин байж Ш.Чимэдэеэтэй суусан, дуучин бүсгүй түүнийг өөрийн болгож авахын тулд өрөөсөн гутлыг нь хүртэл нууж үйлээ үздэг байсан гэх яриа байдаг. Гэтэл үнэн
амьдрал дээр Д.Түвшинжаргал Т.Баясгалангийн ээжтэй нэг гэр орж, гал голомт ч асааж байгаагүйгээр барахгүй Ш.Чимэдцэеэгээс гадна бас нэг эмэгтэйтэй амьдарч байжээ. Бодвол энэ бүсгүй ч л уртын дуучийн “ориг” эхнэр бололтой юм. Өдий хүртлээ урьд, өмнөх амьдралын энэ мэтээ асуудлаа шийдээгүй байсан Д.Түвшинжаргал тун саяхан Ш.Чимэдцэеэгийн хөрөнгө мөнгөнөөс нэлээдгүйг “хумсалж” өнөөх ориг эхнэр дээрээ эргэж очсон юм байх. Энэ насанд ийм юм гэж байх уу, та минь ээ. Уувал ч уучихдаг, авгай хүүхэн эргүүлвэл ч эргүүлчихдэг уртын дууч эрийн энэ үйлдлийг хүн чанаргүй, увайгүй гэхээс өөр яаж
ч тодорхойлолтой билээ.
Харин хэзээнээсээ ханьдаа хир халдаахгүй хамгаалж, өмөөрч ирсөн Ш.Чимэдцэеэ хатагтай хаа очиж хүний ёс, зангараг заан, хувийн амьдралынх нь эл өөрчлөлт, урвал, шарвалтын талаар ганц үг ганхийхгүй яваа гэнэ лээ. Эмэгтэй хүний уужуу сэтгэл хэтрэхээр эр хүн улам л цаашаа цахилж, давардагийн жишээ энэ гэлтэй. Ээ дээ, хүүхнүүд минь, хүн муутай, мөс чанаргүй хүнээс л хол явдаг юм шүү. Тэдэнд чинь хөгширсөн гээд ч итгэж болдоггүйн гашуун сургамж энэ болж байна.
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (7)