Нийтийн дуучин Д.Намсрайноров “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна ай хө” хэмээн дуулсан биш нийтийн дунд жинхэнэ “од” болсон. Магтаал, шүүмжлэлийг зэрэг дагуулсан энэ дууны үг нь зарим фэнүүдийнх нь эгдүүцлийг хүргэсэн бол нэг хэсэг нь ихэд талархан хүлээн авсан гэж болно. Ямартаа л дууны шүлгийг буруушаах биш харин ч тоосон нөхдүүд “Аргагүй шүү дээ, эр эм нь мэдэгдэхгүй эрчүүд олон болсон энэ үед гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө гэхгүй яах юм. Үсээ ургуулсан эр хүнийг харахаар юуных нь сэрэл хөдлөх билээ. Тиймээс эмэгтэй хүнийг гоё сайхан утгаар нь дүрслэн шүлэглэж, эрчүүдийг үсээ ургуулж эр эм нь мэдэгдэхгүй явахаа боль гэсэн утга санааг агуулсан байна” хэмээн өмөөрч ярих хүмүүс ч байна.
За тэгээд энэ үсний асуудалтай холбоотойгоор урлаг соёлынхон буюу Рок мангасуудыг гэзэг үсээ сагсалзуулан дуулахыг харснаас биш улстөрчдийг гэзэг юугаа шидлэн явахыг амьдралдаа хараагүй гэж ярих өвгөчүүл ч байна. Орчин үед хөгшин залуугүй, эр эмгүй үс гэзгээ элдэв янзаар ургуулж байгаа хэсэг байхад насаараа халзан яваа хүмүүс ч олон.
Тэгвэл энгийн иргэдээс эхлээд олны танил одууд болон улстөрчид хүртэл үсээ ургуулах моодонд нэгдээд байгаагийн хажуугаар үсээ хусах сонирхолтой нөхдүүд ч бас байна. Ер нь бол үсээ ургуулах моодыг “Жавхландах”, үсээ хусуулах моодыг “Дэлгэрмөрөндөх” хэмээн цоллох болоод удаж байна. Харин энэ удаа С.Жавхлангийн эгнээнд орж үсээ ургуулсан олны танил хүмүүс, улстөрчидтэй танилцацгаая.
МУГЖ С.Жавхлан
Монгол дээл, монгол хувцасыг өдөр тутмынхаа гоёлоор сонгосон С.Жавхлан гэзгээ ургуулаад чамгүй хугацаа үдсэн. Хавь ойрынхоо төдийгүй хажуу дэргэдэх хүнээ эрс өөрчилж гэр бүл, хамаатан садангуудаараа үндэсний дээл хувцас өмсөөд зогсохгүй гэргийгээ араг түшиж төрүүлдэг уламжлалтай болгосон тэрээр үсээ ургуулахдаа бас их ёс жаяг дагадаг. Цас орохоор үсээ мөрөө давтал нь ургуулдаг бол ногоо ургахаар хусуулдаг заншилтай. Дуучин С.Жавхланг хоол идсэн ч монгол, дуу дуулсан ч монгол, ханиаж найтаахдаа хүртэл монголоор амьсгалсан монголд ганцхан хүн гэж болно. Энэ бол түүний стиль, хэв маяг. Харин тэрээр олон эрчүүдийг араасаа дагуулсан үсээ ургуулах моодыг дэлгэрүүлсэн монгол гэдгээ мэддэг болов уу.
“Фортуна” Н.Батбаяр
“Монгол эмэгтэй хүн тулганаас дээш гарч суудаггүй” гэж хэлсэн хэрнээ Тайландын ерөнхий сайд хатагтайгаар “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн”-нд гал өрдүүлж, хоймортоо залсан ЭЗХ-ийн сайд “Фортуна” Н.Батбаяр гишүүн байхдаа гэзгээ хаялсан нэгэн байсан. Тэгвэл сайдын суудлын сураг сонсогдоод л мань хүн үсээ бага багаар авсаар байгаад шидлэх гэзэггүй болсон. Гэзэгтэй байх үедээ “Монгол төрийн тулганы гал бадраана” хэмээн зарлаж, төрийн өндөрлөгүүдийг хоёр жил лоббидсоны эцэст одоогоос жилийн өмнө санасандаа хүрсэн. Гэтэл гал тахиж гал голомтоо бадраах нь бүү хэл улам л эдийн засагаа хямруулсан бололтой. Өнөө маргаашгүй сайдын суудлаас буух дээрээ тулчихсан байгаа “Фортуна” сайд улс орныхоо эдийн засгийг унгаснаас илүүтэй, сайдын суудалд суухын тулд олон жил усалж тордсон гэзгээ авсандаа илүү харамсаж байгаа байх даа.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж
Р.Гончигдоржийг үсээ ургуулаад эхлэхэд хүмүүс бөө болох гэж байна хэмээн шуугиж байсан. Гэтэл тэрээр бөө болох битгий хэл тийм зүйл сонирхдог ч үгүй гэж хатуу эсэргүүцсэн билээ. Өөрийнхөө үсийг үндсэрхэг үзэлтэй холбож үздэг тэрээр " миний урт үс дээл хувцас өмсч, мөнгөн бүсээ зүүгээд явахад минь хийморь сэргэх шиг болдог” гэж хэлсэн удаатай. Мөн үс ургуулах моод удам дамжиж гишүүн Р.Гончигдоржийн том хүү Г.Эрдэмхишигт бас үсээ ургуулсан. Ер нь бол Гонио гишүүн өөрийгөө бөө биш гэж тайлбарласан хэдий ч, Фортуна Н.Батбаяр шиг олонд зарлаж, түмэнд түгээх шаардлагагүй гэж үзэн чимээгүй тэндээ үсээ ургуулж бөөлж суудаг гэх сураг дуулддаг.
МУГЖ Д.Сосорбарам
Монгол түмний ааг омогшилыг аргагүй л нэг төрүүлж чаддаг авьяас билэгтэй жүжигчин бол яах аргагүй МУГЖ Д.Сосорбарам билээ. “Илүү сартай зун”-ы Галбадрах, “Атга нөж” жүжгийн Чингис хаан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг түүнээс өөр жүжигчин бүтээснээр төсөөлөхийн аргагүй. Чухам Д.Сосорбарам гэдэг хүнд л зориулаад туурвисан бүтээлүүд үү гэлтэй. Тэгвэл гавъяат маань анх урт үсээ ургуулах болсон шалтгаан нь “Чингис хаан”-ны дүрд тоглох гэсэн туйлын хүсэлээ гүйцэлдүүлэхийн тулд гэдэг юм билээ. Зөвхөн үсээ ургуулаад зогсохгүй сахал самбаагаа хүртэл ургуулж өөрийн стиль имижээ бүрдүүлсэн ч, тоглож чадалгүй үлдээд баахан гоморхож байсан удаатай. Ингэхэд Монголд Д.Сосорбарамыг гүйцэх хэмжээний үндэсний дээлтэй хүн байхгүй бүр С.Жавхлан ч гүйцэхгүй гэдэг. Дээлний тоо алдагдсан тэрээр сахал, үсээ донжтой нь аргагүй засдаг нэгэн юм.
"Апу"-гийн захирал П.Батсайхан
Тэрээр мөн л үсээ ургуулах моодыг өөртөө хэрэгжүүлсэн юм. Гэхдээ моод хөөгөөгүй ч байж мэдэх. Хуучин үйл явдлыг сөхөхөд, 1500 хоног бясалгал хийж гэгээрэн гарч ирсэн Осгонбаяр хэмээх залуу Чойрын хийдэд хэнтэй ч уулзалгүй бясалгаж төгс гэгээрсэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн билээ. Бясалгал хийж байгаа хүн мэдээж урт үстэй байх нь дамжиггүй. Тэгвэл энэ хүний шавиар орсон П.Батсайхан үсээ хааяадаа ургуулж хүссэн үедээ авдаг зантай.
Сэвжидийн Сүхбаатар: Гурван үеэрээ урт үстэй
Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гэдэг хүнийг монголын ард түмэн сайн мэднэ. Тэрээр одоо бол урт сайхан үсэндээ 100 хувь сэтгэл хангалуун бус болсон гэх. Учир нь урьдынх шигээ өтгөн биш, бас бууралтаж цайгаад л... Гэсэнч гавъяат маань өөрөө угийн л стиль имиждээ их анхаардаг хүн учир үсээ бууралтаж цайснаар нь аль болох харагдуулахгүйг хичээдэг нь тодорхой. Түүнд урт үс сайхан зохьдог бөгөөд үүнээс өөр дүр төрхөөр Сүхбаатар гуайг төсөөлөх аргагүй гэлтэй. Үнэндээ тэр наснаасаа залуу харагддаг. Энэ бол гагцхүү үрлагийн хүнд л байдаг гоц чанар билээ.
"Хар сарнай"-гийн С.Амараа, С.Амарбаясгалан
Анх олны танил болох гэж өмдөө шувтлан зургаа авахуулан дуулиан тарьж, олон ч хүнээс шүүмжлэл сонсож байсан “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амарааг танихгүй хүн нэгээхэн ч үгүй. Үндсэрхэг үзэл нэвт үнэртүүлсэн түүнээс үлгэр жишээ авах хүн ч олон байдаг. Машиныхаа бөөрөнд хас тэмдэг наан төрийнхөө далбааг машин дээрээ хатган салхи татуулан давхих С.Амараа магадгүй заримд нь онгироо сагсуу мэт ч санагддаг байх. Монголын урлагийн төлөө гурван үеэрээ амь амьдралаа зориулан яваадаа бахархдаг дуучин залуугийн үсний имижийг мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ.
Залуу дуучин Минотой хамтран буриад ардын дуу “Хатариш"-ийг орчин үеийн хэв маягт оруулан дуулсан нь залуусыг байлдан дагуулсан юм. Харин оны өмнөхөн жижиг Амараа ахынхаа хүсэлтээр үсээ адилхан засуулж ах дүү хоёр ижилсэх болсон.
"Take off" хамтлагийн Баясук
Баясук нэг хэсэг үсээ ургуулаад одоо богино болгоод телевизд хүч үзээд тун завгүй явна. Сэтүүлч болоход үс нь төвөг удсан бололтой. Royal HD телевизийн уран бүтээлчид “Согтуу Монголоос Саруул Монгол” нэртэй зорилтот шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тус нэвтрүүлгийг “Take off” хамтлагийн ахлагч Баясук хөтөлдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл одоогоор тэрээр Монгол Улсын 21 аймгаар тойрон аялж, орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуй, залуусын хэв маяг, түүх соёлын дурсгалыг танилцуулсан цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаа юм.
Удирдаач СТА Д.Түвшинсайхан
Улсын филармонийн морин хуурын чуулгын удирдаач СТА Д.Түвшинсайхан үсээ ургуулчихаар хар өнгийн парик өмссөн юмуу гэлтэй л харагдаж байсан. Өнгөрсөн жил тэрээр "Эргэцүүлэл" нэртэй уран бүтээлийн тайлан тоглолт хийж байсныг та бүхэн санаж байгаа байх аа. Түүнийг “Монгол Ветховен” хэмээн нэрийддэг бөгөөд магадгүй алдарт хөгжмийн зохиолчийн дүрд бүрэн гүйцэд орохыг эрмэлзэж үсээ ийн урт ургуулж байж мэдэх юм.
Жүжигчин Эби
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эби мөн л үсээ ургуулсан залуусын нэг. Түүнийг үсээ ургуулахад С.Амарааг дуурайлаа гэж зарим нэг хүмүүс ярьж байсан юм. Гэтэл Эби өөрөө стиль имиждээ маш их анхаардаг сайхан залуу гэж өмөөрөх хүмүүс ч олон бий. Эрдэнэбилэг бол охидын хайрыг татсан авьяаслаг болоод царайлаг жүжигчин. Магадгүй тэр мэргэжлийн шаардлагаар ч үсээ ургуулсан байж мэдэх юм.
М.СОНОР
Сэтгэгдэл (59)