XX зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн хүү Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатарын хүү нь Монголын рок попын содон үзэгдлүүдийн нэг С.Амараа гээд харахаар энэ гэр бүл аргагүй л “том”. Түүнчлэн Монголын урлагт зүтгэсэн зүтгэлтэй том гэр бүлийн үргэлжлэл болсон С.Амараа Улсын Драмын Эрдмийн Театрын эзэмшил дэх газрыг бизнесийн бүлэглэлүүд завшиж байгаа асуудлыг эсэргүүцэн далдхан тэмцэл өрнүүлсэн талаар ярих хүмүүс бий. Тэрбээр нийслэлийн А зэрэглэлийн хамгийн үнэтэй газруудын нэг болох Улсын Драмын Эрдмийн Театрын хашаан дотор Драмын театрын өргөтгөл нэрээр сүндэрлэн босч байгаа барилгын жинхэнэ эзэд нь хэн бэ? гэсэн асуудлыг илчлэх гэсэн юм билээ. “Индастри ХХК гэх компани хэдэн жил дамнан барьж байгаа тус барилгын газрын асуудал нь их хэмжээний мөнгөний үнэр дагуулж байгаа талаар ч тэрбээр ярьсан байдаг.
Ер нь бол үүх түүх, соёлоороо, урлагаараа бахархдаг Монголчуудын хувьд тун таагүй санагдах мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байв. Тэр нь Монголын анхны барилгуудын тоонд бичигддэг 100 гаруй жилийн түүхтэй “Өндөр хоршоо”, мөн Улсын Драмын Эрдмийн Театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Байгалийн музей зэрэг газруудын барилгыг нурааж оронд нь шинэхэн барилгууд барих тухай асуудлыг тухайн үеийн БСШУЯ-ны зүгээс гаргаж байсан юм. Тэр нь “Соёл урлагийн зарим байгууллагын материаллаг баазыг шинэчлэх дунд хугацааны төлөвлөгөө” гэгчийн дагуу хийгдэж байгаа гэх тодотголыг дагуулж байлаа. Хэдийгээр өнөөдрийн тухайд эдгээр урлаг соёлын түүхийг үнэ цэнийг илтгэж ирсэн түүхэн барилгууд нураагдчихаагүй байгаа ч, салбарын яамны энэхүү шийдвэр нь цаанаа хэсэг бусгийн бизнесийн эрх ашгийг хөндөж байсан байж гэж харахад хэтрүүлсэн болохгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа нь дээрх асуудал юм.
Учир нь нураахгүй бол болохгүй гэгдэж байсан Улсын Драмын Эрдмийн Театрыг нураадаггүй юмаа гэхэд өргөтгөхгүй бол болохгүй байна гэх асуудал босч ирж, улмаар тус театрын хашаанд Улсын Драмын эрдмийн театрын өргөтгөл гэх нэрийдлээр орон сууцны барилга, эсвэл оффисын зориулалтаар ашиглагдах нь тодорхой бус барилга баригдаж эхлээд хэдэн жилийн нүүрийг үзээд байна. Сонирхолтой нь анх 17 давхар барилга баригдана гэгдэж байсан бол төд удалгүй 22 давхар барилга болчихсон байдаг. Барилгын ажлыг гүйцэтгэгч Индустр ХХК нь барилгын каркасын ажлыг хийж дууссаны дараа тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд ажилтай нь танилцахад 22 давхар барилга барих зураг төсөлтэй байсан ч нэмж 4 давхрыг барьсан нь тодорхой болж, өндөр барилгын норм дүрэм, машины зогсоол, ногоон байгууламж зэргийг тооцоололгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэж эхэлсэн нь илэрч, үйл ажиллагааг нь зогсоож байсан удаатай. Ер нь бол баригдаж эхэлснээс хойш барилгын ажил нь хоёр ч удаа зогсож байсан ч, өнөөдрийн тухайд Индустр ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэн хийгээд зогсохгүй анх 17 давхар гэж байгаад нэмж 22 болгосныгоо дахин 4 давхраар нэмж байсан бол өдгөө бүр 32 давхар болгож сүндэрлүүлчихээд байж байхад тэдэнтэй хариуцлага тооцдог газар гэж алга байгааг С.Амараа нарын уран бүтээлчид хэлж ярьж байгаа юм.
Улсын Драмын Эрдмийн Театрын өргөтгөл нэрээр театрын хашаан дотор буюу улсын өмчийн газар дээр баригдаж байгаа энэ барилгын нэр нь “Соёмбот өргөө” , барилгын захиалагч нь Индустр ХХК, гүйцэтгэгч нь мөнөөх л Индустр ХХК байх юм. Ашиглалтад орох хугацаагаа 2014 оны 4 дүгээр улирал гэсэн байгаа юм. Ээнэ нь өөр бусад эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хүмүүсийн гар оролцсон бизнес байхыг үгүйсгэх арга алга байна. Ер нь бол Нийслэлийн А зэрэглэлийн хамгийн үнэтэй газруудын нэг болох Улсын Драмын Эрдмийн Театрын хашаан дотор барилгаа босгохын тулд ямар шат дамжлагаар хэрхэн зөвшөөрөл авсан нь яах аргагүй сонин байгаа юм.
Түүнчлэн дороо 2 давхар гаражтай дээшээгээ 32 давхар барилгыг Драмын театрын өргөтгөл гэж хэн ч харахааргүй. Барилгачин хятадууд амьдардаг улаан сэндвичин хавтангуудаар барьсан оромж маягийн зүйл байгаа хэсэгт Драмын өргөтгөл баригдана гэх. Дотор нь Мини театр босно сүндэрлэнэ гэх зүйлийг Улсын Драмын Эрдмийн Театрын дарга Д.Цэрэнсамбуу нар ярьцгаадаг аж. Тэгэхээр Драмын театрын удирдлагууд театрынхаа газрыг ийм маягаар бусдад алдчихаад ийм тайван байгаагийн цаана юу нуугдаж байна вэ гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байна. Харж, мэдсээр байж, хүлээн зөвшөөрчихөөд байгаа нь Драмын удирдлагуудад өөрсдөд нь бас асуудал байгаа юм биш үү гэсэн асуултыг тавихад ч хүргэж байгаа юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (5)