Бразилд болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хуваарь Азийн орнуудад шөнө дунд, үүрээр таарч байгаа. Тэгвэл Хятад улсад шөнө нь хөлбөмбөг үзэж, өдөр нь ажлаа хийсээр эцэстээ ядаргаанд орж өөд болсон тохиолдол гурав бүртгэгджээ. “China Daily” сонинд бичсэнээр Хятадад хөлбөмбөгийн сая сая фэнүүд шөнийн цагийг үл ажран ДАШТ-ий тоглолтуудыг шууд хүлээн авч үзэж байгаа гэнэ.Амиа алдсан фэнүүдийн тухайд, өнгөрсөн бямба гарагт хөгжөөн дэмжигч, Хятадын иргэн 54 настай Ли Голланд, Испанийн тоглолтын үеэр зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон байна. Тэрээр огт унталгүй 7 хоног хөлбөмбөг үзжээ.
Түүнчлэн “Shanghai Morning Post” сонинд бичсэнээр Чили, Австралийн тоглолтыг үзэж байсан нэр нь үл мэдэгдэх залуу эр газар унан дахиж босч ирээгүй аж. Ар гэрийнхэн нь түүнийг хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш унтаагүй гэсэн байна.
Өөр нэгэн тохиолдол нь 39 настай Зу гэгч эр Коста Рика Уругвайг хожсон тоглолтыг үзсэний дараа мөн л зүрхэнд нь хэт ачаалал өгч, эмнэлэгт хүргэгдэх замдаа өөд болжээ.Тэрээр бараг 10 гаруй өдөр огт унталгүй, шөнө нь пиво ууж, өдөр нь ажлаа хийж байжээ.
Мөн Хятадад ийм шалтгаанаар мэдрэлийн эмнэлэгт хандсан 10 хүн бүртгэгдсэн байна.Хятад, Бразил 11 цагийн зөрүүтэй тул ихэнх тоглолтууд шөнө дунд таарч буй учир Азийн фэнүүд нойргүйдэлт, ядаргаанаас үүдэж амиа алдах хүртэл тохиолдол гарсаар байна.
Б.Ган-Эрдэнэ
Сэтгэгдэл байхгүй байна