Технологийн хөгжил энэ чигээрээ эрчимжээд байвал бид тун удахгүй халаасандаа ажлын байраа авч явдаг болох боломжтой болох нь.Саяхан алгын чинээ принтэр цаасан дээр гулгаж хэвлэдэг төхөөрөмж танилцуулагдаж байсан. Үүнээс удалгүй мөн л халаасанд багтах фото зургийн програм фотошоп мэт хүссэн зургаа хүссэн өнгөөрөө зурж болох үзэг гарч ирсэн. Одоо тэгвэл таны ширээн дээрх зураг болон текстийг хуулбарлаж утасны тань дэлгэц рүү илгээх чадалтай алгын чинээ сканнер бүтээгдээд байна.
PocketScan нэртэй төхөөрөмжийг бүтээгчид энэхүү бүтээлээ дэлхийн хамгийн жижиг утасгүй сканнер хэмээн нэрлэж байгаа. Швейцарийн Dacuda компанийн бүтээсэн 5 см өндөр, 8см урт 2,5 см өргөн уг сканнер нь таны утас болон бусад төхөөрөмжтэй Bluetooth ашиглан холбогдож сканнердаж байгаа зүйлийг шууд дэлгэц дээр харуулах юм байна. Та зүгээр л сканнердах гэж буй зурган дээрээ PocketScan –аа хойш урагш нь хөдөлгөхөд л хангалттай. Яг л самбар арчиж байгаа мэт. Мөн дан ганц зураг гэлтгүй хүснэгтэн текстийг ч сканнердаж болох ба хамгийн чухал нь энэхүү хүснэгтээ Microsoft Excel програм дээр шууд засч янзлах боломжтой юм.
Зөвхөн зураг текст хуулбарлаад л энэхүү төхөөрөмжний маань ид шид дуусна гэвэл эндүүрэл. Та PocketScan –ийг ашиглан 130 гаруй орны хэл дээрээс орчуулга хийх боломжтой. Та зөвхөн орчуулахыг хүссэн үгэн дээгүүр төхөөрөмжөө гүйлгээд л орчуулга нь гараад ирнэ. Гайхалтай биш гэж үү?
Сэтгэгдэл байхгүй байна