Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн гэж тодотгож болохуйц байр сууц 6000 орчим байна гэсэн албан бус тоо байна. Хэрэг дээрээ бол Туул голын хөвөө, хотын төв хэсэг, хойшоо хуучин лагерийн эцэс, зүүн зүгт Гачууртад голчлон төвлөрсөн өндөр зэрэглэлийн байр сууцнуудын тооны нийлбэр үүнээс давах магадлалтай. Харин тэдгээр таун хаус, хаус, апартментад эгэл жирийнээс хэдэн зуу дахин их хэмжээний хөрөнгө мөнгөтэй улстөр, бизнесийн салбарын нөхдүүд амьдран сууцгаадаг. Чухам аль хотхонд яг хэн хэн амьдардаг вэ гэдгийг нь хамтдаа сонирхоцгооё.
“Bella Vista”-д улстөрчид олноороо...

MCS группийн MCS Property компанийн барьж гүйцэтгэсэн Зайсан дахь “Bella Vista” хотхонд С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, Су.Батболд нар амьдардаг. Мөн Ц.Нямдорж гишүүн өндөр түрээс төлж амьдардаг гэдэг ч, тэр талаараа үг унагасан удаагүй. Мөн энэ хотхонд эзэд нь болох MCS группийн Ерөнхий Захирал, Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал, группийн Ерөнхийлөгч Ж.Од нар амьдардаг. Тэрчлэн тус хотхонд байрлах уран зургийн ховор нандин цуглуулга бүхий сан хөмрөгтэй “Цагаандариум” галлерейг Ж.Од, Л.Энх-Амгалан нарын MCS-ийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар байгуулжээ. За мөн “Bella Vista”-д “Спирт Бал Бурам” компанийн Гүйцэтгэх захирал Б.Баярхүү, “АПУ”-гийн П.Батсайханы бага дүү “Сэлэнгэ тариа” компанийн захирал П.Бат-Эрдэнэ амьдардаг бол Кувейтийн ЭСЯ байрладаг юм.
Green Villa-д хэн амьдардаг вэ?

Зайсан дахь Green Villa хотхонд Ерөнхий сайд асан С.Батболдын нэг байр бий. Харин Г.Батхүү гишүүнийх бүрэн төвхнөчихсөн. Мөн “Жаст”-ын гэгддэг Ш.Батхүү, “Мон Уран”-ы буюу УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “АПУ”-гийн П.Батсайхан, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан нарын бизнесмэнүүдийн гэр байдаг. Бас Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарынх ч байна.
Роял Каунтигийн одод...

Мөн л Зайсанд Роял Грийн Вилла-тай адилхан загвараар баригдсан хотхон бол Роял Каунти. Seoul групп барьж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын хамгийн орчин үеийн шинэлэг, тохилог амьдралын бүхий л хэрэгцээг иж бүрэн хангасан шинэ хотхон хэмээн өөрсдөө тодотгодог. Тэгвэл тус хотхонд БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Жем Интернэшнл компанийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Гарьд Ц.Цэрэнпунцаг нар оршин суудаг. Мөн МАК-ийн Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн амьдардаг аж.
Жаргалан ба Стар апартментс

Хан-Уул дүүрэгт төмөр замаас урагш байрлах Жаргалан хотхоныг УИХ-ын гишүүн Н.Батбаярын компани барьсан. Үнэтэй сууцнуудын эхлэлийг тавьсан хотхонуудын нэг гэдэг утгаараа зэрэглэл, талбайн хэмжээ, метр квадратын үнэ зэрэг нь олны анхаарлыг татаж байв. Тэгвэл энэ хотхонд “Женко” Х.Баттулга, Р.Амаржаргал, Э.Мөнх-Очир нарын УИХ-ын гишүүд амьдардаг. Мөн МАК-ийн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр нэг оршин суугч нь.
Харин Continental зочид буудлын урд Star apartments хотхон бий. Энэ хотхонд “Бодь” группийн эздийн нэг “Голомт”-ын Д.Баясгалан амьдардаг. Мөн “Алтан Тариа” компанийн захирал П.Цэнгүүний гэр бүл амьдардаг аж.
“Шинэ төгөл”-ийн томчууд...

“Шинэ төгөл” хотхонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагтаа амьдарч байсан юм. Харин Ерөнхийлөгч болохоосоо өмнө Japan town руу нүүчихсэн. За харин хотхондоо тогтвортой амьдарч байгаа улстөрчид бол Р.Гончигдорж, “молекул” Батж.Батбаяр, Л.Болд нарын АН-ынхан юм.
“Оргил” ба “Орчлон”-гийнхон

“Оргил” хотхонд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Л.Гүндалай, О.Чулуунбат, нийтлэлч Баабар нарын зэрэг улс төрчид голдуу олны танил нөхдүүд амьдардаг бол “Орчлон” гэж ярьдаг, MCS-ийн “Сэлбэ” хотхонд Л.Гансүх, Г.Баярсайхан, Л.Гантөмөр нарын улстөрчдийнх байдаг.
“Роял кастл”-д...

Энэ хотхонд Н.Багабанди, Н.Энхболд, У.Хүрэлсүх нарын МАН-ынхан байдаг бол зүүн талынх нь “Сөүл Роял Каунти”-д Ерөнхий сайд асан С.Баярын байр бий.
За тэгээд ер нь бол Зайсан, Нүхт, Гачууртын булан тохой бүр нь хөрөнгөлөг нөхдүүдийн орд харш шиг тансаг сууцуудаар пиг дүүрсэн гэдгийг хэн хүнгүй гадарлаж байгаа болов уу.Түүнчлэн олонд танигдсан нэр бүхий улстөрчдийн Улаанбаатар дахь гэр сууцууд нь хаана байдгийг танилцуулж байна.
М.Мөнхжин
| Д/Д | Овог нэр | Үл хөдлөх хөрөнгө, орон сууц |
|---|---|---|
| 1 | Ц.Элбэгдорж | “Japan town” хотхоны аппартмент. Одоо Их тэнгэрт амьдарч байна. |
| 2 | С.Батболд | 2 сууцтай. Нэг нь “Green Villa” хотхоны аппартмент. Одоо Их тэнгэрт амьдарч байна. |
| 3 | Н.Алтанхуяг | Санзайд тусдаа хаус. Одоо Их тэнгэрт амьдарч байна. |
| 4 | Р.Амаржаргал | Жаргалан хотхоны тусдаа хаус |
| 5 | Э.Бат-Үүл | Санзайд тусдаа хаус |
| 6 | С.Баяр | “Seoul Royal County” хотхоны аппартмент |
| 7 | С.Баярцогт | “Орчлон” хотхонд таун хаус |
| 8 | Б.Бат-Эрдэнэ | “Dream land” хотхонд таун хаус |
| 9 | Г.Батхүү | “Green Villa” хотхон |
| 10 | Д.Кекүшюзан Батбаяр | “Green Land” хотхон, тусдаа хаус |
| 11 | Батж.Батбаяр | Шинэ төгөл |
| 12 | Н.Батбаяр | Өөрийн бариулсан “Жаргалан” хотхонд тусдаа хаус |
| 13 | Я.Батсуурь | “Нархан” хотхонд апппартмент |
| 14 | Л.Болд | Санзайд тусдаа хаус хотхон |
| 15 | С.Бямбацогт | Нүхтэд өөрийн “Ньюпрогресс” компани хотхон бариулж байгаа, хаус |
| 16 | Р.Буд | Нүхтэд хаус |
| 17 | Д.Ганхуяг | “Бридж констракшн” барилгын компанитай. Өөрийн бариулсан “Бридж” хотхонд хаус |
| 18 | Л.Гансүх | “Орчлон” хотхонд таун хаус |
| 19 | Л.Гантөмөр | “Орчлон” хотхонд таун хаус |
| 20 | Р.Гончигдорж | Зайсанд таун хаус |
| 21 | Л.Гүндалай | “Оргил” хотхонд таун хаус |
| 22 | Д.Дамба-Очир | “Очир” төв барилгын компанитай, хаус |
| 23 | Д.Загджав | Нүхтийн аманд хаус |
| 24 | Д.Зоригт | “Bella Vista” таун хаус |
| 25 | Э.Мөнх-Очир | “Жаргалан” хотхон, тусдаа хаус |
| 26 | Х.Наранхүү | Одоогоор мэдээлэл алга |
| 27 | Ц.Нямдорж | Bella Vista хотхонд компанийн нэр дээр байдаг сууцанд амьдардаг |
| 28 | С.Оюун | Japan town |
| 29 | Д.Одхүү | Зайсанд Андууд хотхонд таун хаус |
| 30 | Д.Оюунхорол | Japan town хороолол, аппартмент |
| 31 | Ч.Сайханбилэг | “Оргил” хотхон, таун хаус |
| 32 | Ш.Сайхансамбуу | SS club-ын хашаан дахь хаус, 4-р хороололд тусдаа хаус |
| 33 | Ц.Сэдванчиг | Бридж хотхон |
| 34 | Д.Тэрбишдагва | Баянбулагийн аманд тусдаа хаус |
| 35 | Ч.Улаан | Green Villa |
| 36 | Ч.Хүрэлбаатар | “Bella Vista”-д таун хаус |
| 37 | Ц.Цэнгэл | Зайсанд тусдаа хаус |
| 38 | О.Чулуунбат | “Оргил” хотхон, таун хаус |
| 39 | Б.Чойжилсүрэн |
“Рапид харш” хотхонд тусдаа хаус |
| 40 | Н.Энхболд | Рояал кастле |
| 41 | Ө.Энхтүвшин | Нүхтэд хаус |
| 42 | Ё.Отгонбаяр | “Bella Vista”, таун хаус |
| 43 | У.Хүрэлсүх | Роял кастле |
| 44 | Н.Энхбаяр | Нүхтэд хаус, Удирдлагын академийн хойно орон сууц |
| 45 | Н.Багабанди | “Роял кастл” таун хаус |
| 46 | Х.Баттулга |
Жаргалан хотхон, хаус |
| 47 | Ц.Мөнх-Оргил | “Орчлон” хотхон, таун хаус |
| 48 | Д.Зоригт | “Зайсан” хотхон, таун хаус |
Сэтгэгдэл (18)