Хуучраагүй хэрэг буюу 37 жилийн өмнө шоронгоос оргосон эмэгтэй

Хэрэг хуучирдаггүй гэж үг ултай гэдгийг батлах нэгэн мэдээлэл байна. Тодруулбал, өдгөө 60 настай эмэгтэйг 37 жилийн өмнө Мичиганы шоронгоос оргосон хэрэгт сэжиглэж байгаа аж.   Харин түүний өмгөөлөгч Лиса Дамиани үйлчлүүлэгчээ шоронгоос оргосон Жюди Линн Хэймэн гэгч биш  Жэми Люис хэмээн шүүхийн өмнө мэдэгджээ.

Мичиганы эрх баригчдын мэдэгдэж буйгаар Хэймэн нь 1977 онд Детройтоос 56 километр зайд байрладаг Япсилант шоронгоос оргосон  юм байна. Тэрээр Детройт хотын их дэлгүүрээс хувцас хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдан  18-24 сарын хугацаанд хоригдох ял авсан аж. Гэвч 8 сарын дараа шоронгоос  оргосон түүхтэй аж.

Харин Сан Диего хотын цагдаагийн ажилтнууд 37 жилийн дараа  Хэймэнийг барихаар гэрт нь очиход  тэрээр өөрийгөө Жэми Люис хэмээн танилцуулж бичиг баримтаа хүртэл үзүүлжээ.  Гэсэн хэдий ч Холбооны мөрдөх товчооны мэдээлж буйгаар  түүний хурууны хээ Хэймэний хурууны хээтэй яг таарчээ. Мөн  өөр цагдаагийн хэлтсүүдээс  өөр хүний нэр дээр бүртгэгдсэн ижил хурууны хээнүүдийг ч илрүүлсэн байна.

Цагдаагийн офицерийн хэлснээр түүний нүд нь  Мичиганы шоронгоос оргосон Хэймэний зурагтай харьцуулан үзэхэд маш адилхан байсан гэнэ.

Гэсэн хэдий ч өмгөөлөгч Дамиани мэдэгдэхдээ “Бид түүнийг Хэймэнтай адилхан гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс бид зүс тогтоох протоколын дүгнэлтийг сонссоны дараа үнэн худлын талаар шүүхэд зарга мэдүүлэх болно” гэсэн байна.

Харин Мичиганы төлөөлөгч Русс Марлан  “Хэймэн хэдийгээр хуурамч нэр ашиглаж байгаа ч бид түүнээс  урьд нь авсан хурууны хээний тусламжтай барьж чадсан. Мөн дээрээс нь Сан Диегогийн цагдаа нар хүртэл түүнийг таньж байсан” хэмээн хэлжээ.

Мичиганы  эрх баригчид Хэймэний хулгайн хэргийнх нь ялыг бүрэн эдлүүлж дуусгах шаардлага тавьж байгаа бөгөөд шоронгоос оргосон гэсэн  шинэ зүйл ангиар  нэмж шийтгэж болзошгүй байгаа аж.

Хэймэнтэй сүүлийн 6 жил хөрш амьдарсан Падилла  “Тэр их зожиг хүн шиг санагддаг. Их ганцаардмал юм шиг боловч ерөнхийдөө сайн хүн. Түүний 3 хүү нь нилээд сайн хүмүүжилтэй өссөн харагддаг”  хэмээн ярьжээ.

Хэрвээ хуулийнхан түүнийг буруутайг  тогтоох юм бол Мичиганы хуулиар  хэдэн жил шоронд суухыг нь эцэслэн  шийдвэрлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025