Амьдралын “их сургууль”-ийн зах зухаас суралцаж эхэлж байх үедээ буюу 20 ч хүрээгүй насандаа ээж болсон бүсгүйчүүд олон. Тэгвэл өсвөр насандаа ээж болж, зүтэж, тэмцэж, хатуужиж байж амьдралаа босгосон саятан ээжүүд хэр олон бол?
Одын ээж Патти Маллетэ

Патти Маллетэ бол шоу бизнесийн ертөнцийн гялалзсан оддын нэг Жастин Биберийн ээж юм. Тэрээр дөнгөж 17 настайдаа анхны хүү Жастиныгаа төрүүлжээ. Бараг хүүхдээрээ шахуу байхдаа үрийн зулай үнэрлэсэн тэрээр их сургуулиа орхиход хүрсэн аж. Гэхдээ хожим нь Паттигийн найз хүүг нь харах ажилд туслах болсноор сургуульдаа эргэн орж, диплом өвөртөлжээ.
Засгийн газрын дэмжлэгтэй ч, орлого багатай нөхцөлд өссөн Жастин хүүгийн хөгжмийн авъяас багаасаа илэрсэн гэдэг. Мэдээж одоо бол Жастиныг мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Жастины ээж Патти Маллетэгийн хувьд хүүгийнхээ авъяасын ачаар хөрөнгө мөнгөтэй элбэг дэлбэг амьдрах болсон ч өөрөө зүгээр суусангүй. Түүний бичсэн “Nowhere But Up” ном нь Нью-Йорк Таймс-ын шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтаж байжээ.
Арета Франклин 12 настайдаа...

Нэрт дуучин Арета Франклин бүр 12 настайдаа ээж болсон байх юм. Тэрээр анхны хүү Кларенсаа энэ насан дээрээ өлгийдөж авсан бол хоёр жилийн дараа удаах хүү Эдвардаа төрүүлжээ. Арета хүүхдүүдийнхээ эцгийг хэнд ч хэлж байгаагүй бөгөөд хоёр хүү нь түүний авга эгч дээр өссөн юм байна. Түүний амьдралын үүх түүхийг өнгийж харвал бага байхад нь эцэг эх нь салсан аж. Харин эцэг нь хожмоо алдартай номлогч болжээ. Арета багаасаа дуулах авъяастай байсан бөгөөд хотоор дуу аялан алхах, хөвгүүдтэй нийлэх дуртай хүүхэд байжээ. Түүнчлэн авьяастай гэдгээ багаасаа мэдэрсэн тэрээр хөгжмийн карьераа орхилгүй хөдөлмөрлөж ирсний үрээр өдгөө 60 сая ам.долларын хөрөнгөтэй чадварлаг дуучин болоод байна.
Салсан ч гундаагүй Софиа Вергара

Телевизийн шоу ертөнцийн секс бэлгэ тэмдгүүдийн нэг загвар өмсөгч Софиа Вергараг өсвөр насандаа ээж болсон гэдэгт та итгэх үү? Колумбид өссөн Софиа охин жаахан байхаасаа л загвар өмсч эхэлжээ. Түүнийг нэгэн наран шарлагын газар усны хувцастай явахыг олж харсан зурагчин санал тавьснаар загварын гараагаа эхэлсэн гэдэг. Тэрээр 18 настайдаа Жо Гонзалезтай гэрлэж, тэр жилдээ хүүхэдтэй болжээ. Харамсалтай нь хосууд дараа жил нь салсан байдаг. Гэхдээ салалт нь Софиагийн загварын карьерт огт нөлөөлөөгүй болох нь олон сэтгүүлийн нүүрийг чимж, телевизийн од болж чадсанаас нь харагдаж байгаа юм.
Өв залгамжлагчийн хүүхдийг төрүүлсэн Наталиа Водианова

Ядуу зүдүү амьдралаас гараагаа эхлэн амжилтын түлхүүрийг гартаа атгасан тод томруун жишээнүүдийн нэг бол Наталиа. Оросын нэгэн ядуу айлд төрсөн түүнийг бага байхад аав нь орхиод явжээ. Тэрээр хар багаасаа ээждээ туслан жимс худалдаж мөнгө олдог байж. 15 настайдаа нэгэн загварын агентлагт бүртгүүлсэн нь түүнийг алдартай модель болох замыг нь нээсэн юм. Улмаар 17 нас хүрмэгцээ Парис руу нүүж тэндээсээ ээж рүүгээ мөнгө явуулдаг болсон гэдэг. Тэрээр 19 настай байхдаа Британийн өв залгамжлагч Жастин Портманаас хүүхэдтэй болсон юм.
Шүтээнүүдийн нэг Фантасиа Баррино

Америкийн шүтээн нэвтрүүлгийн шилдэг оролцогч Баррино багадаа тун хүнд амьдралыг туулсан гэнэ. Ахлах сургуульд байхдаа ангийнхаа хүүхдийн дайралтанд өртсөн тэрээр сургуулиа хаяжээ. Түүнийг 16 настай байхад хүү Зион Куарри Баррино нь төрсөн бөгөөд “Америкийн шүтээн” тэмцээний гуравдугаар улиралын тэмцээнд түрүүлэх үед хүү нь дөнгөж гурван настай байсан байна. Одоо Баррина олонд алдартай дуучин болсон. Тэрээр жилд дунджаар дөрвөн сая ам.долларын орлого олдог ажээ.
Эсэргүүцэгч Вэнди Дэйвис

Техас мужийн сенатын гишүүн Вэнди анх 2013 онд нөхөн үржихүйн тухай хуулийг эсэргүүцэн гарч ирснээр олонд танигдах болсон байна. Ээж нь түүнийг өсвөр насандаа төрүүлж, ганцаараа өсгөсөн юм. Вэнди анхны охин Эмбэрээ төрүүлэхдээ 19 настай байжээ. Тэр хуульч болохоор суралцаж байх хугацаандаа явуулын амбаарт амьдарч байсан гэдэг. Тэрээр анхны нөхрөөсөө салсан бөгөөд хожим нь Жэфф Дэвис хэмээх залуутай гэрлэн дахин охинтой болжээ. Харамсалтай нь 2005 онд гэрлэлтээ цуцлуулан охидоо ганцаараа өсгөх болсон байна. Түүний хууль эсэргүүцсэн хөдөлгөөний дараа Вэндиг дахин сонгох хөтөлбөрт цуглуулж байсан хандив ганц өдрийн дотор 100 сая ам.долларт хүрч байжээ.
69-ийн эзэн Катерина Хагес

Катерина Небраска мужийн Омаха хотод төржээ. Түүнийг төрөхөд аав нь коллежийн оюутан байсан байна. Катерина 16 настайдаа хүү Алфредийгаа төрүүлжээ. Коллежид байхдаа нийгмийн ажилд тун идэвхтэй байсан тэрээр их сургуулийнхаа радио станцын борлуулалтын менежер хийдэг байсан ба хожмоо “Чимээгүй шуурга” хэмээх радио хөтөлбөрийг явуулдаг болжээ. Удалгүй тэрээр “Радио нэг” нэртэй хэвлэлийн компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө тус компани нь Америк даяар 69 салбартай том компани болон өргөжөөд байна. Түүний жилийн дундаж орлого 240 сая ам.доллар.
Шашика Тайр-Хиллийн ухаан

Гүрж гаралтай Шашика 15 настайдаа хөл хүнд болж их сургуулиа орхиж байжээ. Тухайн үед түүний амьдрал тийм ч амар байсангүй. Гэхдээ тэрээр шаргуу хөдөлмөр, гүйлгээ ухааныхаа ачаар амьдралаа өөрчилж чаджээ. Эмээгээ нас барснаас хойш тэрээр ар гэрийн амьдралдаа илүү анхаарал хандуулах болсон байна. Улмаар “Miracle Home Care” нэртэй 24 цагийн асаргааны бизнес эрхлэх болжээ. Тус компанийн гол үйл ажиллагаа нь өвчтэй хэвтрийн хүмүүсийг гэрээр асардаг үйлчилгээ юм. Шашика анх бизнесээ эхлэхдээ 700 ам.доллартой байсан бол одоо жилд дунджаар 7 сая ам.долларын ашигтай ажилладаг болжээ.
Зүдэрсэн ч зүтгэсэн Маяа Анжело

Өнөө цагийн хамгийн алдартай яруу найрагчдын нэг Маяа ямар ч хүний зүрхийг шархлуулам амьдралыг туулсан юм. Хойд эцгийнхээ гарт таван жил нэг ч үг хэлж чадалгүй бэлгийн дарамтанд байсан тэрээр 17 настайдаа жирэмсэн болж, их сургуулиа дөнгөж төгсөөд хүүгээ төрүүлжээ. Хүүгээ ганцаараа өсгөх гэж маш их зүдэрч байхдаа тэрээр “Торонд байгаа шувуу яагаад дуулдгийг би мэднэ” гэх мэт сонгодог бүтээлүүдээ гаргасан байдаг. Одоо тэрээр жилд 34 сая ам.долларын орлого олдог юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна