Заяагдсан, “захиалга”-ын ихрүүд ТЭДНИЙХ

Ихэр төрнө гэдэг нь бурханы бэлэг, их хувь заяа юм. Хүссэн хэн бүхэн ихэр хүүхэдтэй болоод байдаггүй. Тэгвэл орчин үед мөнгө байвал нэгээр ч зогсохгүй бүр хоёр, гурван ихэр хүүхэдтэй болоход амархан болчихсон. Юу гэхээр, үр тогтоож ихэрлэх моод манай олны танил болон хөрөнгөлөг эрхмүүдийг хошууруулаад удаж байна.

Үр тогтоох үнээрээ дэлхийд Герман улс толгой цохидог бол Солонгос улс хамгийн хямд өртгөөр үр тогтоож өгдөг байна. Хямд болоод ч тэр үү, үйлчлүүлж заншсандаа юу, манай улсаас олон гэр бүл Солонгосоос үр тогтоох үйлчилгээг авсан гэдэг юм билээ. Гэхдээ хамгийн үнэтэй Герман улсад үр тогтоолгуулж хоёр ихэр хүүхэдтэй болсон эрхэм ч бас байх юм.

Үүнээс болж ихэр төрсөн хүүхдүүдийг заяагдмал юм уу, захиалсан юм уу хэмээн асуусан тохиолдол ч бас байдаг байна. Үүнтэй ижилхэн манай улсад ч гэсэн олны танил эрхмүүдийн ихрүүдийг хувь тавилангаар юм уу, хувийн захиалгаар уу гэдгийг ялгаж салгахад бэрх болчихож. Гэхдээ ихэр бүхнийг захиалсан гэж ойлгож болохгүй юм байна шүү. Эцэг эхдээ заяагдаад ихэрлээд, эх орондоо нэрээ дуурсгаж яваа олны танил эрхмүүд манайдаа олон. Тэдний зах зухаас нь дурдахад Төрийн шагналт зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охид болох загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг, дуучин Т.Эгшиглэн гээд үргэлжилнэ. Ингээд олныг үл нуршин олны танил эрхмүүдийн ихрүүдтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн үнэтэй эмнэлэгт мэндэлсэн ихрүүд

Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ залуу гэргийгээсээ хоёр ихэр охинтой болоод дөрвөн жил болжээ. Үе мултарсан нөхөртөө нялхарсан хайрын амтыг мэдрүүлсэн энэ эрх дархтай бүсгүйг Г.Ганцэцэг гэдэг. Тэд дөрвөн жилийн өмнө дэлхийд хамгийн үнэтэй гэх Германд улсад ихрүүдтэй болсон нь энэ.  Аргагүй л сайд хүний гэргий гэсэндээ дэлхийн хамгийн үнэтэй тэргүүлэх зэргийн эмнэлэгт амаржиж, өвөлдөө утаанаас дайжин харь улсад амьдардаг. Ихэр охидоо бусдын нүднээс тун чадмаг нууж чаддаг ч манай хурц дуран хараа тэднийг алдалгүй дарсан шүү.

Гэр дүүрэн “бар”-тай гишүүний ихрүүд

МАН-ын үнэнч хамгаалагч хочтой УИХ-ын гишүүн С.Бямбацогт Солонгос улсад бүтэн жил амарч, аялангаа хоёр ихэр хүүхэдтэй болж ирсэн. Ихрүүдийн анхны шанг тавьсан гэж болох С.Бямбацогтынх сонирхуулахад гэр бүлээрээ бар жилтэй. Гэргий Ц.Ганцэцэг, том хүү, хоёр ихэр, өөрөө гээд бүгд бар жилтэй гэж байгаа. Ихрүүдээ ч олон жил хүлээсний эцэст 2010 оны бар жил хүлээн авцгаасан гэдэг юм билээ. Үүнээс болж түүнийг найз нөхөд нь гэрээрээ дүүрэн бар тэжээдэг хэмээн явуулдаг гэнэ лээ. Ихрүүдээ Б.Содбилэг, Б.Одбилэг хэмээн нэрлэсэн байна.

Ахын зөвлөснөөр...

УИХ-ын гишүүн асан, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очир мөн л Солонгос улсаас ихэр хүүхэдтэй болсон. Нэг намын, төрсөн ахаас дутахааргүй УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос асууж лавлан Солонгос улсад ихэр хүүхдүүдээ өлгийдөж авсан гэдэг. Өдгөө гишүүнийхээ суудлаас бууж сураг алдарсан ч гэлээ намын ах С.Бямбацогтын сүүдэрт байгаа сураг дуулддаг. Сонирхуулахад Э.Мөнх-Очир гэргий Амаржаргалтайгаа Турк улсад танилцаж өдгөө гурван хүүхдийн эцэг өнөр бүлийн тэргүүн болсон билээ. .

 

Арван саяын үнэтэй ихрүүд

Төрийн ордонд ихэр хүүхэдтэй болох моодыг анхлан УИХ-ын эрхэм гишүүн С.Бямбацогт дэлгэрүүлсэн бол урлагийнхан дотроо дуучин Эба дэлгэрүүлсэн гэж болно. Гэргий Ж.Бямбажаваа Солонгосын “Ча” эмнэлэгт бүрэн даатгаж арван сая төгрөг төлөн байж ихэр хүүтэй болсон билээ. Тэд ихэр хөвгүүдээ Э.Батгийх, Э.Бат-Идэр хэмээн нэрлэсэн.

Өнөр бүлийн аав болох хүслэн

Дуучин Quiza буюу Б.Батцэнгэл урлагийнхан дотроо өнөр бүлтэй өрхийн тэргүүнүүдийн тэргүүн эгнээд явдаг. Түүний хувьд уран бүтээлээсээ илүүтэй хувийн амьдралдаа анхаарч урлагаа бүрмөсөн орхисон гэж болно. Анхны охин нь гарав уу, үгүй юу дуулахаа больж улс төрд костюмны хормой хийсгэн гүйх болсон. Том охидуудаа Сийлэн, Уян хэмээн нэрлэсэн бол отгон хүүхдүүд болох ихрүүддээ Амар, Амира хэмээн нэр хайрласан гэдэг. Тэд ихрүүдээ Солонгос улсад өлгийдөн авчээ.

Гадаад эрийн ихэр охид

Хэдэн жилийн өмнө дуучин Э.Минжинсор шиг цуутай, шуугиантай од Монголд байсангүй. Үнэхээр халуухан л бүсгүй байсан даа. Хамгийн сүүлд капитал засвар хийж, арьсаа бов бор болгож аваад алс холын Америкийг зорьсноос хойш усанд хаясан чулуу шиг алга болсон тэрээр төд удалгүй хөөрхөн ихэр охидын ээж болсон мэдээ бидэнд ирж байв. Ихрүүдийн аав нь монгол биш, америк ч биш грек эр гэдэг. Харамсалтай нь дуучин бүсгүй хэдэн жилийн өмнө эх орондоо эргэж ирэхдээ ганц бие, өрх толгойлсон ээжийн дүрээр бидэнтэй уулзсан. Ихэр охидынхоо эцэгтэй хамтран амьдрах бүү хэл тэтгэлэг, тэтгэмж ч авдаггүй гэх тэрээр сүүлдээ бүр холбоо тасарсан гэдэг юм билээ. Гэвч энэ талаар өөрөө ганц үг ганхийгээгүй яваа Минжинсорын ихэр охидыг Викториа, Жессика гэдэг. Харин үр суулгаж ихэрлэсэн үү, хувь зохиолоор ихэртэй болсон уу гэдэг нь эргэлзээтэй.

Гавьяат аав, ээжийн ихрүүд

Монголынхоо нэрийг дэлхийд дуургасан гавьяатай тамирчид бол яах аргагүй олимп, дэлхийн хос медальт Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар. Тэд их спортод гаргасан амжилтаараа ч, хувийн амьдралаараа ч  үргэлж анхаарлын төвд байсаар ирсэн. Хэн хэн нь анхны амьдралдаа цэг тавьж, хамтын амьдрал зохиосон хосуудын анхны хүү Ховор-Эрдэнэ. Удаах нь ихрүүд нь өнгөрсөн жил АНУ-д мэндэлсэн. Том хүүгээ мэндлэхэд нуруун дээрээ хөлийнх нь хэвийг шивүүлж байсан бол ихрүүдээ төрөхөд  гарынх нь алгыг цээжин дээрээ шивүүлсэн Х.Цагаанбаатар шиг романтик аав одоохондоо лав Монголд үгүй.

 

 

“Женко”-гийн орос эхнэрийн ихрүүд

“Женко” Х.Баттулга ер  нь орчин цагт өнөр бүлийн тэргүүнүүдийн тоонд орно шүү. Түүнд хүний өөрийн нийлсэн 8 хүүхэд бий. Албан ёсны анхны эхнэрээс гадна Анжелика нэртэй орос гэргийгээсээ 4 хүүхэдтэй энэ ноёнтон яагаад ч юм сүүлийн эхнэрийн хүүхдүүдээ тэгтлээ олны нүд чихнээс нууцалдаг. Ямартай ч том хоёр нь ихэр хөвгүүд бөгөөд Жеки Чаныг Монголд ирэхэд л нэгэнтээ гэрэлд цохиулсанаас бусдаар ёстой л нуувчинд амьдруулдаг. Ямартаа л Х.Баттулгыг зөвхөн эхнэртээ зориулж газар доогуур явдаг зам, агаараар явдаг тусгай онгоц бэлдэж өгсөн гэдэг  яриа гарч байхав. Мань эр орос хүүхнүүд монгол хүүхнүүдийг бодвол үглэж яншаад, элдэв юм нэхээд байдаггүй, амар гэж ярьдаг гэнэ лээ. Тэгэхээр монгол хүүхнүүд мань гишүүнийг нэлээн л хашраасан бололтой байгаа биз.

“Гацуурт”-ын Л.Чинбатын ихэр зээ нар

Монголын баячуулын эгнээнд түүртэх юмгүй элссэн “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин бизнесмэнүүд дотроо ихрүүдийн буухиаг эвдсэн нэгэн. Чамгүй шалгуур, сорилт, цаг хугацааг туулж байж олон жилийн өмнө цуутай хурим хийсэн хосууд отгон хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа. Харин анхны хүүхдүүд нь ихэр хөвгүүд бөгөөд Л.Чинбат ноёнтонг бизнесээ орхих хүртэл нь нялхруулсан гэдэг. Ихрүүдийг Онч, Мэргэн гэнэ.

“ГОК”-ийн Ч.Ганзоригийн ихэр ач нар

“ГОК”-ийн Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн улс төрд чимээгүй дүүлж яваа нэгэн. Гэргий С.Энхзул нь манай брэнд дэлгүүрүүдийн нэг “Ханбүргэдэй”-н эзэн бүсгүй тун ч даруу төлөв, чамбай хэрнээ цаанаа  дэгжин, ихэмсэг бүсгүй бий. Хэвлэлийнхнээс тэр бүр ойр дотно байдаггүй тэрээр ноён Ч.Ганзоригт ихэр ач тэврүүлж, магнайг нь хагалсан дархан бэр. Тэднийг захиалгаар ихрүүдтэй болсон гэх нь бий.

Олны танил хөрөнгө чинээтэй зарим эрхмүүдийн ихэр хүүхдүүдийг танилцуулахад ийм байна. Цааш цаашид ихрүүдийн буухиа үүгээр дуусна гэж үгүй тул бид ч үргэлжлүүлэн эрэл хайгуул хийсээр байх болно.  Монголын үрс маш олон болтугай.

М.СОНОР

Фото зурагчин Д.ЦЭГЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • yooo
    ugui togtoolgoson ch bai ugui ch bai yamar hamaa bnaa. hun l bol hun biz dee. harin ch mongoliin urs olon l bolj bval boloo yum bish uu. yooo bi ch bas mungutei bol iher gargamaar bn
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин
    Hugshchuud ni ch yahaw orig bh. nyalh iheruud ni bugd hiimel yum biz dee.
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025