“Тэнгис” кино театрт орсон цагаас эхлэн дэлгэцнээ урсах дүрс анхаарал татав. Ажиглавал олны танил хүн биш жирийн нэгэн хосын хамтдаа авахуулсан фото, гоё үгстэй текст сонор мялаана. Орчин үед хайр сэтгэлээ ингэж илэрхийлдэг болсон юм байх даа, жинхэнэ эзэн нь энэ мэндчилгээг их хөлийн газар тавигдсаныг мэдсэн болов уу гэсэн юм бодож зогсов. Нээрээ ч хэн нэгэн нь яг ийм байдлаар сэтгэлээ илчилбэл би л лав баярласандаа “хагарах” байх. Харин та яах вэ?
“Ийм нэгэн дурлал”-ын танхи бүсгүй Б.Баярмаа, сүүлийн үед ихэд ухаажсан төлөвшсөн залуугийн дүрийг бүтээх болсон “A-Cappella” хамтлагийн гишүүн Э.Мөнхтөр нарын тоглосон “Бондоолой” филмийн бүтээл “Миний хайр” кино эхлэхэд тун цөөхөн хором үлдэв. UFO хамтлаг дуулж, танхим дүүрэн үзэгчид цугласан халуухан уур амьсгал дунд нөгөө дэлгэцнээ хайр сэтгэлээ илчилсэн хосуудыг киноны багийнхан урьдаг юм байна. Ид насны сайхан хосууд байна.
Гэргий нь ихэд эр зориг гаргаж тус киноны албан ёсны пэйж рүү бичлэг илгээн нөхөртөө сюрприз барьжээ. Түүний бичлэг шилдгээр шалгаран хайрттайгаа UFO хамтлаг зөвхөн тэдэнд зориулан дуулахыг сонсож, хамтдаа кино үзэх урилга гардав. Нөхөр нь бага зэрэг тэвдэж байгаа бололтой, гэхдээ догдолсон сэтгэл нь ёстой нөгөө духан дээрээ бичээтэй гэдэг шиг амаа цууртал инээж байв.
Хөндлөнгөөс харж зогсоо хүмүүс ч багагүй догдолсон байх. Хайрын энергээр тултал “цэнэглэгдсэн” бид танхим руу орцгоов.
Б.Баярмаа “насанд хүржээ”
Түүнийг бид одоо ч гэсэн Бүжингээр нь тодхон санадаг. Солонгос киногоор бол хамгийн даруухан, хөөрхөн, усгал зөөлөн юм шиг атлаа зовлон даадаг бүсгүйн дүр Б.Баярмаагийнх. Авьяас чадварын хувьд бас ч үгүй юм дуулгах хэмжээний энэ бүсгүй нэг дүрийг тултал гаргадаг тал ажиглагддаг. “Ийм нэгэн дурлал”, “Мойлхон” дээр хоёуланд нь бие давхар болон төрж буй бүсгүйн дүрийг чадмаг бүтээсэн. Амьдрал дээр ч тэрээр гурван хүүхдийн ээж, айл гэрийн сайн эзэгтэй болсон нь найруулагчид түүнийг андуу хараагүйн илрэл юм. Тэр ер нь гэр бүлийн хэв шинжит дүрийг сайн гаргадаг, амьдрал дээр ч энэ тал дээр тун мэдрэмжтэй бүсгүй байх нь.
“Миний хайр”-т тэрээр нөхөртэйгөө үл ойлголцолд хүрээд тэрийгээ засах гэж хичээж буй эхнэрийн дүрийг бүтээв. Гэр бүлийн амьдрал, эхнэр нөхрийн харилцаа, ахуй байдал түүнд шинэ тутам зүйл биш байсан болов уу. Ердөө цаг 30-н минут үргэлжлэх кинондоо зохиолч, найруулагчийн зүгээс амьдралын ээдрээ, сайн тал аль алийг нь багтаахаар ихэд ур ухаан сийлсэн нь харагдаж байв. Нүүрээ тэгтлээ тод будаж шунхдаагүй, даруухан төрхтэй бүсгүйн дүр Б.Баярмаад яг “наалдав”. Уран бүтээлч, жүжигчний хувьд өөрийн цаг гэж байдаг бол түүний оргил цаг магадгүй энэ дүрээс эхэлж байгаа болов уу. Юу ч ярихгүй, нүд амаа эргэлдүүлэхгүй байсан ч харцаараа бүхнийг өгүүлж, уйлахдаа мэлмэртэл тийм гунигтай уйлж, дотоод сэтгэлийн энэлэл шаналлаа үзэгчдэд хүргэх байдал нь хүн бүрт нэгийг бодогдуулсан болов уу.
Э.Мөнхтөрийн орон зай
Хамтлагийн гишүүн дуучин гэдгээсээ илүүтэй авьяаслаг жүжигчин болохоо харуулж яваа Э.Мөнхтөр чамгүй олон уран бүтээлд дүр бүтээжээ. “Сайн уу амьдрал минь”, “Валентины захидал”, “Хайрын рекорд”, “Тагнуулч аав” кинонуудад тэр ихэвчлэн ухаалаг, ухаажиж буй залуугийн дүрийг бүтээдэг.
Сүүлийн үеийн киноны шигтгээ болон эсрэг дүрийг Р.Адьяагүйгээр төсөөлөхөд амаргүй болсон бол эерэг дүрд Э.Мөнхтөр гарцаагүй “сойгдоно”. Тийм ч айхтар тод, нүд хөмсөг болсон төрхтэй биш атлаа цаанаа сэтгэл татам далд увидас мэдрэгддэгээс кино бүтээгчид түүнийг онцолдог болов уу. Ямар ч бүсгүйтэй хамтран тоглосон тэр бас гайхалтай партнер юм. “Миний хайр” кинонд тэрээр амьдралаа хааш нь залахаа мэдэхгүй ч гэргийдээ хайртайгаа чин сэтгэлээсээ мэдэрдэг, хайраа хэтрүүлчих гээд санамсаргүй алдаа гаргадаг, гэмшил дүүрэн нөхрийн дүрийг бүтээв. Б.Баярмаа, Э.Мөнхтөр нар хоёулаа зөөлөн төрхтэй дотооддоо гал цогтой жүжигчид болохоо харуулав.
Үзэл санаа ба хайр
“Single ladies” киногоор их хотыг байлдан дагуулсан А.Миеэгомбо, Бондоолой буюу найруулагч Ц.Золжаргал нарын нүдээр гэр бүл, залуус, хайр сэтгэлийн зөрчил маргаан ийм байна. Хосууд хамтдаа хөл нийлүүлэн алхах нь амьдрал боловч бие биенээ давах гэсэн тэмцэл нь сүүлдээ эрсдэл дагуулдаг нь бодит амьдралд оршдог үнэн билээ. Маргаанд ялагч нь хождоггүй. Гэр бүлийн маргааны дундаар найз нөхөд ороод ирэхээр бүр л утгаа алдах ба хоёр хүн асуудлаа өөрсдөө л хамтдаа шийдэх ёстой гэсэн санааг тэд тусгажээ.
Яг өнөөгийн амьдралд бүсгүйчүүд илүү их ачаа үүрч, золиос гаргаж, бусдын ая талыг харж амьдарч буй гэсэн өмнөх уран бүтээлийн санаагаа энэ кинонд тэд дахин бататгав. Ингэхэд сайн эрчүүд, жинхэнэ эр хүн шиг эр хүн хэр олон бэ гэдэг дээр ч эрэл хайгуул хийж илэрхийлэхийг хичээв. Хэдийгээр “Миний хайр” гэр бүлийн зөрчлийн тухай кино мэт боловч бидний мэдэх мэдэхгүй, тэр бүр анзаардаггүй амьдралын түүхүүдийн нийлбэр байлаа.
Хүүхдээ тэврээд хоцорсон ганц бие ээж, гэргийтэйгээ үл ойлголцон хүүхэдтэй нь орхин салсан аав, аль ч бүлэгт нь хамаарахгүй ч амьдралд яаж хөл тавих учраа олохгүй яваа single залуус. Тэд гол дүрүүдийг тодотгоно. Бид ер нь хайр, гэр бүлийн харилцаагаа хэр нандигнадаг билээ. Үргэлж бусдын үгээр, бусдад таалагдах гэж хичээн хамгийн нандин хүнээ, үнэ цэнтэй амьдралаа өөрийн гараар устгадаг юм биш биз?
Салалт, one night stand, зугаа цэнгэл ... Орчин үеийн залууст үнэхээр хайр, гэр бүлээ, хүүхдээ үнэлэх үнэлэмж алдагдсан гэж үү?

“Миний хайр”-ыг үзсэн хосууд олон байсан. Нулимсыг нь арчин арчин залуу нь бүсгүйгээ аргадах халуун дулаан уур амьсгал танхимд үлдэв. Хүн болгонд гунигт хайрын түүх, бүтэлгүй дурлал, дурсамж бий. Тэр бүгдийг эргэн сануулсан, сэтгэлийн чинадад орших нандин дурсамжийг онгичин гаргасан, яг л энэ мөчид сэтгэлээ уудлан хайраа үнэлэхийг сануулсан “Миний хайр” олон хүнээс талархал хүртэх биз ээ.
Баярлалаа, “Миний хайр”, баярлалаа зохиолч А.Миеэгомбо, найруулагч Ц.Золжаргал!
Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр, хайраас бүтэх зүрх сэтгэлийн вант улс гэр бүл, тэрний эзэн болсон хүүхэд ээж аавтайгаа хамтдаа байвал тэр АЗ ЖАРГАЛ. “Миний хайр”-ын эцсийн хүрэх цэг энэ байлаа.










У.ЦАХИРМАА
Сэтгэгдэл (7)