Энэ жилийн ДАШТ хамгийн шинэлэг нь

Бразил улсад зохиогдож байгаа 20 дах удаагийн хөлбөмбөгийн ДАШТ урьд урьдны тэмцээнүүдээсээ техник технологи болон шинжлэх ухааны тал дээр хамгийн шинэлэг дэвшилтэт болж байгаа гэдгээрээ онцлогтой. Тоглогчдыг халууцуулахгүй сэрүүн байлгах өмсгөлөөс эхлээд гоол орсон эсэхийг мэдээллэх технологи зэрэг нь аль ч дэлхийн аваргын тэмцээн дээр харагдаж байгаагүй шинэлэг зүйлүүд юм.

Тоглолтын үед та бидний анхаарлыг татсан нэг зүйл бол шүүгчдийн хэрэглэж буй шүршдэг хөөс. Энэхүү хөөс нь хэсэг хугацааны дараа уусч алга болдог бөгөөд шүүгчид тусгай халаас бүхий бүс зүүж түүндээ хөөсөө авч явах гэнэ. Уг хөөсийг торгуулийн цохилт цохих үед бөмбөгний байрлал болон эсрэг багийн хаалт хоёрын байрлалыг тэмдгэлэхийн тулд ашиглах ажээ.

Мөн энэ дэлхийн аваргын тэмцээнд анх нэвтрүүлж буй технологи бол гоолын зурвас технологи юм. Германы Гоол контрол компаний бүтээсэн энэхүү технологи нь хаалга тус бүр лүү чиглэсэн долоо долоон камерын тусламжтай бөмбөг хаалганы шугамыг давсан эсэхийг шалгах ба камер бүр секундэд 500 зураг авах ба  уг зургуудаа компьютерт илгээж гоол орсон тохиолдолд шүүгчид зүүлгэсэн тусгай бугуйн цаг дээр “гоол” гэсэн бичиг гарах юм байна. Дэлхийн аваргын өмнө хэдэн мянган туршилт хийгдсэн бөгөөд бүх туршилт амжилттай болсон байна.

Энэхүү технологи нь шүүгчдийн ажилд тус болох зорилготой бөгөөд ямар нэг сүлжээнд буюу интернетэд холбогдоогүй учраас гаднаас хакердах ямар ч боломжгүй гэнэ.

Хөлбөмбөгчдийн хувьд хамгийн чухал зүйл нь мэдээж хөлбөмбөгийн пүүз. Сүүлийн жилүүдэд тамирчид гоё чамин загвартайгаас гадна хөлд эвтэйхэн шинэлэг технологи бүхий пүүзнүүдийг илүүд үзэх болсон. Энэ жилийн дэлхийн аваргын үеэр тамирчдын өмсөх пүүзийг үйлдвэрлэгчид дээрх шаардлагуудыг хангасан шинэлэг шилдэг пүүзнүүдийг үйлдэрлэн өөр хоорондоо ширүүн өрсөлдсөөр байна.  

Nike компанийн гаргасан Mercurial Superfly пүүзийг Португалийн од Криштиано Роналдо сурталчилан өмсөж байгаа юм. Энэхүү пүүз нь гурван оёдолт нэхмэлийн технологийг ашиглан илүү нимгэн материалаар хийгдсэн байна. Ингэснээр тамирчин бөмбөгийг цохих үедээ илүү мэдрэх боломжийг олгох юм байна. Мөн уг пүүзэнд түрий хийж өгсөн нь пүүзийг илүү хөлд эвтэйхэн болгож байгаа гэнэ.

Мөн тамирчдын ихээр өмсөж байгаа өөр нэг пүүз бол Warriors –ийн гаргасан Skreamer пүүз юм. Энэ пүүз нь хөлд хөнгөхөн бөгөөд ингэснээр тамирчдын хурдыг нэмэх бөмбөг эзэмшилтийг сайжруулах үүрэгтэйгээс гадна резинэн оруулга нь бөмбөг хүлээж авахад туслах гэнэ.

ДАШТ –ний тоглолтууд цаг агаарын хувьд маш халуун нөхцөлд явагдаж байгаа учраас энэ жилийн багийн өмсгөлүүд тамирчдыг сэрүүн байлгах шинэ технологиудыг шинээр нэвтрүүлсэн. Үүнд Nike компанийн гаргасан Бразилийн шигшээн өмсгөл л гэхэд өмнөх жилүүдийн өмсгөлүүдээс 56 хувь илүү агаар нэвтрүүлдэг хийгдсэн байна. Үүнээс гадна өмсгөлийн 94 хувь полиэфир, 4 хувь нь даавуун материалаар хийгдсэн байна.

Харин Adidas компанийн гаргасан сэрүүцүүлэгч хантааз нь маш их сонирхол татаж байгаа. Бэлтгэлийн үеэр болон тоглолт дууссаны дараа эсвэл өмнө нь өмсөж болох энэхүү хантааз нь тамирчдын биеийн дулааныг бууруулж тогтворжуулах зориулалттай юм байна. Нэмэлт ханцуй залгаж өмсөж болох уг хантаазыг өмсөхийн өмнө хөргөгчинд хийж хөргөх шаардлагатай гэнэ.

Гар утасны технологи асар өндөр хөгжөөд байгаа өнөө үед гар утасны програм үйлдвэрлэгчид энэ удаагийн дэлхийн аваргыг хамгийн цахимжсан дэлхийн аварга хэмээн нэрлээд байгаа. Ухаалаг гар утастай хэрэглэгч бүр тоглолтын талаарх мэдээлэл, зураг бичлэг зэргийг цаг алдалгүй авч хоорондоо мэдээлэл солилцохоос гадна мөрий тавих хүртэл боломжтой байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025