Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээн энэ жил Английн нийслэл Лондон хотноо 11 дүгээр сард болохоор тов нь зарлагдсан байна. Харц булаам, хацар гоо бүсгүйчүүдийн олимпид манай улс арав дахь удаагаа оролцох гэж байгааг ажлын хэсгийнхэн өчигдөр албан ёсоор мэдээллээ.


Дэлхийн эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон энэхүү нэр хүндтэй тэмцээнийг хамгийн анх 1951 онд нэг гэр бүлийн хоёр зохион байгуулсан бөгөөд тус наадам ийнхүү 63 дахь удаагаа зохиогдох гэж байгаа юм. Манай улсын хувьд 2005 оноос эхлэн оролцох эрхээ авсан бөгөөд 2014 оны тэмцээнд эх орныхоо нэрийг дуулгах 10 дахь гоо бүсгүйгээ илгээхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Анхлан 2005 оны гуравдугаар сарын 23-нд Азиан Фючир ТББ-ын "Desoft media" компани тэмцээнийг зохион байгуулж "Miss World Limited" компанитай онцгой лиценз эзэмшигчдийн гэрээг хийснээр Монгол Улс дахь албан ёсны шалгаруулагч болсон байна. Энэ жилийн зохион байгуулалтын багт “Desoft media” компанийн захирал М.Эрхэмбаяр болон "Дэлхийн Мисс-2007"-д оролцсон Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, 2009 оны оролцогч Б.Батцэцэг нар ажиллаж байгаа юм.
Дэлхийн гоо сайхны чуулганд тал нутгийн үзэсгэлэнг гайхуулах авхаалжтай, авъяаслаг өөртөө итгэлтэй хэн бүхнийг 2014 оны 6-р сарын 1-нээс MAX MALL төвийн нэгдүгээрт давхарт бүртгэж байгаа бөгөөд 8803-2292, mwo2014mongolia@gmail.com хаягаар холбогдож болох юм.



М.СОНОР
Сэтгэгдэл (1)