“Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэдгийг утга төгөлдөр харуулж яваа ганц бие олны танил ээжүүд жижигхэн Монголд минь бодсоноос олон юм гээч. Монголын салбар салбарын нүүр царай болж ард түмэндээ үлгэр дуурайлал үзүүлж явдаг бүсгүйчүүд маань анхны амьдралаа аз жаргалтай эхлүүлсэн хэдий ч нэг л өдөр энгэртээ тэврэх үртэй үлдэцгээсэн байх юм. Энэ жижигхэн Монголын цөөхөн хэдэн одуудын тэн хагас гээд хэлчихэд дэгсдсэн болохгүй хүмүүс ганц биеэр амьдарч байгаа юм чинь тэр Холливуудын одууд арван удаа гэрлэж хоёр хоногийн дотор салдаг энүүхэнд биз.
Энэ удаад зөвхөн урлагийн дуучин ганц бие ээж, аавуудыг танилцуулж байгаа бол үүний үргэлжлэлийг загварын болон жүжигчин бүсгүйчүүдээр үргэлжлүүлэх болно.
Дуучин сингл ээжүүд:
Дуучин Г. Эрдэнэтунгалаг
Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй сүүлийн хэдэн жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон. Охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрбээр экс нөхөртөө зориулж “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шарх авсан олон хүнд нэгийг бодогдуулсан гэхэд хилсдэхгүй. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон. Тэгвэл өнөөдрийг хүртэл уран бүтээлийг нь ойлгож, охинд нь аав болчихоор хүнийг олж амжаагүй яваа дуучин Г.Эрдэнэтунгалагын экс салав уу, үгүй юу аль хэдийнэ хоёр дахь гэргий, хоёр дахь охинтой болоод амжсан гэж байгаа.
Дуучин Ө.Уянга
Дуурийн гоцлол дуучин Ө.Уянга үргэлж хайр дурлалын романсаараа дуулиан шуугиан тарьсаар ирсэн манай урлагийн цуутай бүсгүйчүүдийн нэг. Анхлан “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсных гургалдай хоолойтой энэ бүсгүй цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай. Нэр алдарт хүрэхийн хэрээр хувийн амьдрал нь таатай бус байдаг урлагийн хүмүүсийн адилаар тэр хүүгийнхээ эцгээс өрх тусгаарлаад удаж байгаа. Түүнээс хойш олон арван эртэй нэр холбогдсон боловч өнөөг хүртэл ганц бие явсаар. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ө.Уянга дуурийн найрал дуучин Б.Баатархүү хэмээх өөрөөсөө дүүмэд эртэй шинэхэн дурлалын романс үүсгээд байгаа аж. Өмнө нь “Улаанбаатар” чуулгад дуулж байсан Ө.Уянгын шинэхэн хайрын эзэн урлагийн гэр бүлээс гаралтай, дуучин аавын хүү гэнэ лээ. Эрсний эцэст олно гэгчээр Ө.Уянга одоо л нэг мэргэжил нэг, сонирхол хобби болоод зэрэг зиндаа дүйцэх жинхэнэ заяаны ханиа оллоо, үүрэндээ суулаа хэмээн ойр дотныхон нь ихэд олзуурхаж, ам сайтай байгаа гэсэн. Хосууддаа урт удаан амьдрал, аз жаргалыг хүсье.
Дуучин Д.Отгонжаргал
Монголын урлагийн талбарт гялалзаж буй Д.Отгонжаргал мөн л өрх толгойлсон ганц бие ээж. Уран бүтээлийг нь ойлгохгүйн улмаас охиныхоо эцгээс салсан гэж ярьдаг Д.Отгонжаргал ойрын үед хүнтэй суух бодолгүй яваа гэнэ лээ. Тэрээр нэгэнтээ “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно. Миний охин хайрын минь баталгаа” хэмээн ярьсан удаатай.
МУГЖ, дуучин С.Эрдэнэцэцэг
Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин С.Эрдэнэцэцэг хайр сэтгэлийн тал дээр асуудалтай хэмээн олны хэл аманд өртдөг нэгэн. Анхны амьдралаа эгэл нэгэн залуутай эхлүүлж хүүгээ тэвэрч үлдсэн дуучин С.Эрдэнэцэцэг одоог хүртэл ганц бие ээж. Хослон дуулж, хамтран амьдарч явсан алтан партнер МУГЖ У.Далантайтай хайрын романс үүсгэж олон жил явсан. Гэвч тэдний хамтын амьдрал, хослон дуулах хувь ерөөл хэдхэн жилийн настай байсан гэдэг. Ийнхүү алтан партнероосоо салсныхаа дараахан япон эрийг дагаж арлын Япон руу явах дээрээ тулсан ч урлагт амь амьдралаа зориулсан нэгэн болохоор аргагүйн эрхэнд үлдсэн гэнэ лээ.
Дуучин Э.Номин-Эрдэнэ
Дуучин Э.Номин-Эрдэнэ хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Арвины дүүтэй гэр бүл болж, төд удалгүй салж анхны амьдралдаа цэг тавьсан. Хосууд Жасмин гэх хөөрхөн охинтой. Хэдийгээр Э.Номин-Эрдэнийг монгол хүүхдэд гадаад нэр өглөө хэмээн дургүйцэх хүмүүс байсан ч дуучин бүсгүй “богино мөртлөө содон нэртэй хүний хувь тавилан сайн байдаг” гэж хэлж буруушаасан нэгний амыг нь тагласан удаатай. Үүнтэй адилхан түүний богино гэсэн анхны амьдрал нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж гэнэ лээ.
МУГЖ Б.Сарантуяа
Гурван хүүхдийн ээж хэдий ч насны ханьтайгаа учраагүй яваа поп хатагтай дуучин Б.Сарантуяа одоо хүртэл ганц бие хэвээр. Дуулиан шуугиантай амьдрал, салалт түүнийг тойрсон биш дайраад өнгөрсөн ч гандан бууралгүй өөрийн хүү охин, дүүгийнхээ ганц охиныг гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх гээд зүтгэж яваа чадалтай бүсгүй.
Дуучин С.Сэрчмаа
“Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдөж байсан дуучин бүсгүй нэг л өдөр Өвөрмонгол хүнтэй суулаа хэмээн шуугиан тарьсан. Хөлгүй их найр хийж ,гэр бүл болсноо зарласан ч тэдний гэрлэлт мөн л бүтэлгүйтсэн. Дуучин бүсгүй “бидний гэрлэлт зөвхөн хайран дээр тогтдог” гэж ам бардам ярьж байсан хэдий ч жил хүрэхгүй Хураа охиноо дагуулан нутагтаа бүр мөсөн ирсэн. Уран бүтээлийг нь ойлгож, хайр гэдгийг хальтхан мэдрүүлж өгсөн анхны нөхөр Баярт нь аль хэдийнэ дараагийн амьдралдаа хөл тавьсан сурагтай.
Бонустай аавууд
Тэгвэл ганц бие ээжүүдийн адил бонустай аав бас олон байна шүү. Гэхдээ анхны амьдралаа тийм ч хурдан мартаж чаддаггүй ганц бие ээжүүдийг бодвол бонустой аав нар сэргэлэн, цовоогоор хоёр дахь амьдралаа хормын төдийд л эхлүүлсэнийг дараах мэдээллээс харцгаая. Орчин үед дагавар хүүхэдтэй эрчүүдийг “бонустай аав” гэлцдэг. Бодвол өхөөрдсөн санаатай юм уу даа. Хичнээн өөр дээрээ хүүхдээ аваагүй хоёр дахь амьдралаа баталгаажуулаагүй хэдий ч тэд аль хэдийнэ нэг, хоёр, гурван хүүхдийг эцэг болчихсон явна.
Хүний эмч, ховсчин С.Хүрэлбаатар
Монгол эрчүүдийг хоёр эхнэртэй байхыг уриалж олон оныг үдэж буй хүн бол ховсчин С.Хүрэлбаатар. Монгол ген, монгол цусаа хамгаалж үлдэхийн тулд эрчүүд хоёр эхнэртэй байх ёстой хэмээн тунхагладаг С.Хүрэлбаатар эмч чухам энэ л зарчмаасаа болж анхны гэргий хоёр хүүхдээсээ өрх тусгаарласан гэдэг. Тэрбээр өмнөх эхнэрээсээ хоёр том болсон хүүтэй бөгөөд бага хүү нь өөртэй нь хамт амьдардаг гэнэ лээ. Ийнхүү хувийн эмнэлэгээ томруулж, анхны эхнэрээ сольсон хэдий ч хаана ч бонустайгаа хамт гэж байгаа.
Жүжигчин Б.Тамир
Жүжигчин Б.Тамир гурван жилийн өмнө “Маск” продакшны жүжигчин Г.Золзаяатай дэр нэгтгэж хөөрхөн охинтой болж аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмээд байсан. Гэтэл мэргэжил нэгт хосуудын хамтын амьдрал гурван жилийн настай байсан бөгөөд охиноо жүжигчин Г.Золзаяа хайр халамжиндаа авч үлдсэн. Харин Б.Тамир ганц бие аавын дүрд нээх удаан тоглоогүй төдийгүй мөн л мэргэжил нэгт Соёлоо гэх бүсгүйг хоёр дахь гэргийгээрээ сонгоод удаж байна. Анхны амьдрал, хөөрхөн охинынхоо ээжтэй нь одоо хүртэл тийм ч тааламжтай бус харилцдаг гэдэг ч хосууд охиноо хамтран халамжилдаг гэсэн. Ийнхүү эдгээр бонустай аав дотроос хамгийн залуухан бонустай ааваар жүжигчин Б.Тамир тодроод буй.
МУГТ, боксчин Н.Баярсайхан
Монгол улсын гавъяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, боксчин Н.Баярсайхан 2008 онд хоёр хүүхэдтэйгээ “эхнэрээсээ хоцорсон”. Түүхийг сөхвөл, 1990-ээд оны дундуур мисс Н.Чулуун-Эрдэнэ боксчин Н.Баярсайханыг ихэр хүүхэдтэй анхны гэргийгээс нь салгаж суусан гэдэг. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд дундаасаа гарсан хоёр үрээ эцэгтэй нь хамт орхин өөр эрийн цай чанахаар явахад ойр дотныхон нь ихэд цочирдсон билээ. Энэ үйл явдлын дараа боксчин Н.Баярсайхан хоёр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарлаа хандуулж, хувийн бизнесийнхээ хажуугаар Олимпийн медальтнуудын холбооны ажилд гар бие оролцож маш завгүй нэгэн болж хувирсан. Одоо хүртэл амьдрал зохиогоогүй хүүхэн шуухантай холбогдоогүй Н.Баярсайхан бонустай аав хэвээр үлдэхийн хүссэн бололтой.
“Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар
“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Ж.Акбота нар албан ёсоор салаад удаж байгаа. Тэд одоогоос гурван жилийн өмнө Г.Анар гэх хүүтэй болсон бөгөөд тэдний салалтын талаар Ж.Акбота казак байснаас үүдэлтэй хэмээн ойр тойрныхон нь шивнэлддэг. Хичнээн үл ойлголцлын улмаас салсан хэдий ч эхнэр Ж.Акбота нь экс нөхөр Ганбаагаа байнга муу хэлж явдаг тухай яриа гадуур тархсан удаатай. Харин сүүлийн үеийн мэдээллээр “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар хүүгээ өөр дээрээ авахаар шийдсэн гэж сонсогдсон.
Жүжигчин Б.Одбаяр
“Хувьсал” продакшнаас урлагийн гараагаа эхэлсэн “A capella” хамтлагийн дуучин Б.Одбаяр нэг хэсэг топ модель Д.Пүрэвсүрэнтэй хайр сэтгэлийн холбоотой хэмээн хэвлэлүүдээр бичигддэг байсан. Харин тэд энэхүү яриаг үргэлж няцаасаар ирсэн ба жирийн л найзууд хэмээн өөрсдийгөө тодорхойлдог. Харин дээрх цуурхалаас болж жүжигчин Б.Одбаярын гэргий нөхрөө хүүтэйгээ хамт орхиод явсан гэдэг.
М.СОНОР
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл (2)