Нээлтийн тоглолт, Бразилийн дөрвөн гоол

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй спортын хаан хэмээх тодотголтой хөлбөмбөгийн спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн урд шөнө эхэлсэн билээ. Улаанбаатарын цагаар шөнийн хоёр цагт нээлтийн үйл ажиллагаа урьд урьдын тэмцээнүүдийн адил урлаг соёлын үзүүлбэрээр эхэллээ. Энэ жилийн дэлхийн аваргын сүлд дуу “We Are One (Ole Ola)” дууг дуулахаар Бразилын поп од Клаудэ Лэйттэ гарч ирэн түүний араас нээлтийн ажиллагаанд оролцохгүй хэмээн шуугиулаад байсан дуучин Женнифэр Лопез болон Питт Булл нар гарч ирсэн. Бага зэргийн техникийн саатлыг эс тооцвол нээлтийн ажиллагаа сэтгэл татам сайхан болж өнгөрлөө. Ийнхүү үүрийн дөрвөн цагт  энэ жил Бразил улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо.

Сүүлийн хэдэн жил нээлтийн тоглолтыг зохион байгуулагч орны баг эхлүүлдэг болсон заншлаар энэ жил мөн Бразил хэсгийн өөр нэг баг болох Хорватын шигшээ багын эсрэг тоглохоор талбайд гарч ирэв. Энэ жил түрүүлэх багын жагсаалтанд хамгийн эхэнд байгаа Бразилийн шигшээ талбайд гарч ирэхдээ л олны анхаарлыг татаж эхлэв. Багийн ахлагч Тиаго Силвагийн араас бүх тамирчид урд яваа хүнийхээ мөрөн дээрээс баруун гараараа барьж гинж мэт хэлхэлдэн гарч ирсэн нь багын дотоод уур амьсгал хийгээд тоглолтондоо хэрхэн нэг хүн шиг бэлтгэсэн нь харагдаж байлаа.  2002 онд Бразилийн шигшээг дасгалжуулж дэлхийн аварга болгож байсан Луис Флиппэ Сколари энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жил тивүүдийн аваргад түрүүлсэн бүрэлдэхүүнээ сонгосон байсан юм.

Ковач Никогоор удирдуулсан 1998 оны дэлхийн аваргын хүрэл медалт Хорватын шигшээ баг Бразилийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлэн өөрсдийгөө батлахаар ирсэн нь гарцаагүй байлаа. Тэдэнд багийн ахлагч Срна, Моодрич, Олич, Эдиардо зэрэг Европын том том багуудад тоглодог туршлагатай тоглогчид бий.

Ингээд Японы шүүгч Юуичи Нишимура шүглээ үлээснээр Сан Пауло хотын Коринтианс Арена цэнгэлдэхэд цугласан 62000 гаруй үзэгчдийн уухайн дор 2014 оны дэлхийн аваргын эхний тоглолт эхэллээ. Тоглолтын эхнээс л хоёр баг тоглолтын санаачлагыг өөрсдийн талд эргүүлэхээр шийдэмгий тоглолтуудыг үзүүлж эхлэв. Удалгүй тоглолтын 10 дах минутанд Хорватын шигшээ туршлагатай довтлогч Ивица Олич зүүн жигүүрээс довтолгоог эхлүүлэн Бразилийн торгуулийн талбай руу хөндлөн дамжуулалт хаялаа. Түүний бөмбөгөнд Никица Елавич хальт хүрээд өнгөрсөн боловч ард нь гүйж байсан Бразилийн зүүн жигүүрийн хамгаалагч Марсело өөрийн хаалганд гоол хийж орхив.

Уг гоолын дараа Бразилийн довтолгоо илт ширүүсч эхэллээ. 21 дэх минутанд Паулиньо хүчтэй цохилтоор Хорватын хаалгач Стипэ Плетикосаг сандаргаад авсан бол удалгүй Оскар мөн хаалгачийн ур чадварыг сориод амжив. Гэсэн ч Хорватчууд энэ хооронд зүгээр хамгаалаад суусангүй. Тоглолтын 29 дэх минутад Елавич тун аюултай мөргөлтийг хийсэн ч Цезерь хааж чадлаа. Харамсалтай нь хөлбөмбөгийн “чи хийхгүй бол би хийе” бичигдээгүй дүрэм Хорватын шигшээг өршөөсөнгүй. Елавичийн мөргөлтөөс минут ч өнгөрөөгүй байхад дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогчдийн нэг Бразилийн шигшээгийн супер од Неймар торгуулийн талбайн гаднаас хаалгачийн зүүн доод буланд гоёмсог нэгэн цохилтоор гоол хийж тооны харьцааг тэнцүүлэв. Энэхүү гоол цэнгэлдэхийг ёстой л доргиох шиг болсон ч үүнээс хойш гоол оролгүй явсаар эхний үе өндөрлөв.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд Бразилчууд илүүтэй бөмбөг эзэмшиж байсан ч шийдсэн довтолгоо хийж чадахгүй л байв. 67 дахь минутанд Бразилийн жигүүрийн хамгаалагч Дани Алвес чөлөөт цохилт гүйцэтгэсэн ч хараахан хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Үүнээс хэдхэн минутын дараа Бразилийн довтлогч Фрэд айлын торгуулийн талбайд унаснаар Бразилчууд торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болов. Багынхаа бүх чөлөөт цохилтыг гүйцэтгэх эрх авсан Неймар торгуулын цохилтыг амжилттай гүйцэтгэснээр Бразилчууд анх удаа тоглолтыг тэргүүлж эхэллээ.

Бразилчууд гурав дах гоолоо 77 дах минутад хийх боломжтой байсан ч төвийн хамгаалагч Давид Луиз гоолдож чадсангүй. Тоглолтын сүүлийн 10 минут Хорватын давамгайлал дор өндөрллөө. 83 дах минутад Хорватын довтлогч Олич гоол оруулсан ч отон тоглолт хэмээн тооцсонгүй. Үүнээс гурван минутын дараа Лука Модричийн цохилтыг Бразилийн хаалгач арай хийж зайлуулж чадлаа. Ингээд тоглолтын үндсэн цаг дуусч тоглолт дуусах нь уу гэтэл шүүгчийн мэдлийн нэмэлт минутанд Бразил болон Челсигийн залуу тоглогч Оскар тооны харьцааг 3:1 болгосноор тоглолт Бразилчуудын оруулсан дөрвөн гоолоор өндөрлөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025