Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг гаргасан. “Монгол наадам” цогцолборын хүрээнд наадамчдыг эрүүл аюулгуй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн Хүй долоон худагт шинээр хоёр үйлчилгээний талбай , хатуу хучилттай долоон мянган авто машины зогсоол болон 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5км авто зам барьж ашиглалтанд оруулсан.
Харин энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон 4м өргөн 2.7км авто зам болон 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барихаар төлөвлөжээ. Түүнчлэн энэ жилээс эхлэн Хүй долоон худаг руу “Railbus” буюу төмөр замын автобусыг явуулахаар болсон байна. Наадамчдыг тээвэрлэх Railbus нь давааны өртөөн дээр зогсох бөгөөд цаашаа наадмын талбай руу үйлчлүүлэгчдийг эко автобусаар тээвэрлэх юм байна.
Тус төмөр замын автобус буюу “Railbus”-ийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран ОХУ-ын “Трансмаш холдинг” компаниас РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг оруулж ирсэн юм. РА-2 маркийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой 100 км/цагийн хурдтай явдаг. Уг Railbus-ийг ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотын түгжрэл 30% буурна хэмээн ам гарсан гэнэ шүү. Ийнхүү Улаанбаатар хот маань өдөр ирэх тусам хөгжин дээшилсээр байна.
Б.ГАН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл байхгүй байна