Цагдаагийн ажилтнуудыг назгайруулсан шинэчлэл

Цагдаагийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хагас жил өнгөрлөө.Гэвч тус байгууллагад хийж буй шинэчлэлд дорвитой ахиц, үр дүн харагдахгүй л байна.Шинэчлэгдсэн зүйл нь “Жигмэд Тогмид”-ын, “Загасчин”-ы гэх зэргээр ард түмний дунд элдвээр нэрлэгдэх болсон дүрэмт хувцас нь.

Хууль зүйн сайд  гурвалжин дүрс зураад үзүүлээд байсан шиг бүтэц зохион байгуулалттай ч болсонгүй. Тэрбээр гурвалжин дүрс зураад ярихдаа “Цагдаагийн байгууллага дээрээ л занхайгаад дарга нар олонтой, анхан шатанд хүн хүрэлцдэггүй. Үүнийг эргүүлж анхан шатандаа олон хүнтэй дээрээ цөөн даргатай болгоно” хэмээсэн. Гэтэл өнөөдөр түүний ам, ажил хоёр нь зөрөөд байна.Цагдаагийн байгууллага өнөөдөр дарга, тэргүүн дэд дарга тус бүр нэг, дэд дарга хоёртой болчихоод байгаа нь сайдын ам, ажлын зөрүүг харуулж буй нэг жишээ.Энэ мэт жижиг гэлтгүй асуудлаас болж цагдаагийн жирийн алба хаагчид бухимдалтай, нулимстай, хүлээлттэй хагас жилийг үдэж байна.Зарим нь энэ бүхнийг тэвчиж, хэсэг хугацааны дараа байдал хэвийн болно хэмээн итгэж байгаа бол нэг хэсэг нь халагдахаар болжээ.

Дахиад л шинэ бүтэцтэй болно гэв үү

90 жилийн түүхтэй Дотоодын цэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль гарган татан буулгаж, цагдаагийн байгууллагатай үйл ажиллагааг нь нэгтгэсэн билээ. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрыг шинээр байгуулж, Нийгмийн хэв журам хамгаалах газрын болон Дотоодын цэргийн алба хаагчдыг нэгтгэн тус газрын мэдэлд өгсөн. Дотоодын цэргийн алба хаагчид цагдаагийн цолтой болж өдгөө ажиллаж байна.Гэтэл энэ шинэ албаныхаа бүтцийг дахин өөрчилж, зарим газар, хэлтсээ татан буулгахаар болоод байгаа гэх.Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр л гэхэд тус газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийг татан буулгахаар санал оруулсан гэх юм билээ.Ингэснээр тус хэлтэст ажиллаж байсан Дотоодын цэргээс тус албанд шилжиж очсон цөөнгүй офицер хаачих нь тодорхойгүй, лааз өшиглөхдөө тулаад байгаа аж.Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр энэ бүтцийг Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын алба хаагчид хүлээн, хаашаа томилогдох, хэзээ халагдах тушаал гарах бол хэмээн хүлээлттэй байв.Мөн Албаны спорт, сургалт бэлтгэлийн төвийн бүтцийг ч бас өөрчилжээ.Банк, дипломат байгууллагын хамгаалалтын газрын орон тоог цомхотгож, хэлтэс болгож, олон алба хаагчийг нөөцөд бүртгэлээ.Үүнээс улбаалаад цагдаагийн алба хаагчдад бас л хүлээлт, бухимдал бий боллоо.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв гэдэг сэтгүүлчидтэй хамгийн ойр байж, мэдээллийг түргэн шуурхай олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нэгжээ татан буулгах эсэх асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд нь талцаж буй гэх.

Энэ мэтээр цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчлөх нэртэй бүтэн жилийг тойрсон ажил бүтэл муутай өдий хүрч, жирийн алба хаагчид нь яах ч учраа олохгүй, тэмцэл хийе гэхээр эрх нь байхгүй болохоор хий дэмий л бухимдаж, бухимдлаа ар гэрийнхэндээ, иргэдэд гаргаж байгаа гэхэд хилсдэхгүй. Зарим нь цагдаагийн байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалт амьдралд нийцэхгүй байгаа талаар удирдлагадаа хандаж бичсэн өргөдөлдөө дурджээ. Зөвхөн бүтэц зохион байгуулалт, цол, хэргэмтэй холбоотой 100 гаруй өргөдөл Б.Билэгт даргын нэр дээр очсон гэх юм билээ.

Цол дагасан амбийц

Цагдаагийн албаны шинэ хуулиар алба хаагчид албан тушаалын цолтой болоод буй.Бага, дунд офицероос шууд дээд офицерийн цол зүүсэн зарим нь баярлаж, цээжээ тэвхийлгэн, мөрөө өргөн алхаж байгаа.Харин өмнө нь зүүж байсан цолноосоо буурсан хэсэг нь бухимдаж явна.

Зарим газар, хэлтэст хурандаа, дэд хурандаа цолтой ажиллаж байсан хүмүүс өнөөдөр албан тушаалын хошууч, ахмад цол зүүнэ гэдэг хэцүү санагдаж буй бололтой.Тиймдээ ч албан тушаалын цол буурсан офицерууд өнөөдөр цагдаагийн дүрэмт хувцсаа өмсөхгүй, албан тушаалын цолоо зүүхгүй байгааг аль ч газар, хэлтэст очсон харж болно.Түүгээр зогсохгүй ЦЕГ-ын дарга нь комиссар цолаа гардаж авсан дэд дарга нартаа албан бичиг цохохдоо “хурандаа С.Баатаржавт” гэж бичиж, бригадын генерал Б.Билэгт гээд гарын үсэг зурсан байхыг ч харав. Эндээс харахад албан тушаалын цолыг хэрэглэх сонирхол дээр доргүй алга бололтой.Жишээ нь, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст дэд хурандаа цолтой ажлаа хийж байсан офицерууд албан тушаалын цолоор ахмад болсон.ЭЦГ-т хэлтсийн дарга хийж, цагдаагийн байгууллагад насаараа буюу 24 жил зүтгэж буй хурандаа өнөөдөр цол буурчихаад сууж байгаа.Орон нутгийн хэсгийн төлөөлөгчөөр мөн л 20 гаруй жил зүтгэж буй нэгэн дэд хурандаа өнөөдөр дэслэгчийн мөрдэс хэрэглэх болсон. Хууль сахиулахын их сургууль төгсөөд нэг жил ажиллаж буй хүү нь өнөөдөр ахмад цол зүүж, аавдаа тушаал өгөөд сууж байгаа инээдэмтэй дүр зураг өнөөдөр цагдаагийн байгууллагад бий болчихоод байна.

Цагдаагийн байгууллагад нэгэн насныхаа амьдралыг зориулж, 20 гаруй жил ажилласан дээрх дэд хурандаа, хурандаа нар өнөөдөр “Төрийн төлөө насаараа үнэнчээр зүтгэсэн.Цолоо хасуулах гэм хийгээгүй” хэмээцгээж буй гэсэн. Уг нь  цэрэг, цагдаагийн алба хаагчдад хүлээлгэдэг сахилгын хамгийн том арга хэмжээ нь цол бууруулах байдаг. Тэгэхээр цол буурч буй офицеруудад ямар сэтгэгдэл төрөх вэ.

Цагдаагийн алба хаагчдын цол буурч буйтай холбоотойгоор цалин нь ч буурсан байна.Үүнээс улбаалаад ар гэрийнх нь амьдралд ч цалингийн хэрүүлүүсдэг тухай мэдээллийг цагдаагийнхан дотроо нууцлаад өнгөрч байгаа юм.Ар гэртээ төдийгүй, ажил албан дээрээ ч албан тушаалын цолноос болж зодолдсон тохиолдол бий гэдгийг цагдаагийн олон алба хаагч хэлж байгаа ч хариуцсан дарга нар нь нууцалж буй.Цол ахисан, нэгхэн жилийн туршлагатай алба хаагч цол буурсан офицертойгоо үе тэнгийн мэт харилцсан нь ахмад настай, ажлын туршлагатай офицеруудын дургүйг хүргэж, үүнээс болж ажлын бус цагаар ч юм уу, ажил дээрээ ч юм уу архи ууж маргалдан зодолдсон гэх мэдээлэл байгаа.Ийм маргаан зодоон болсныг цагдаагийн олон алба хаагч хэлж байсан.

Албан тушаалын цолоор дэд хурандаа, хурандаа болсон алба хаагчийг уг албан тушаалаас нь өөрчилж, жирийн алба хаагч, офицер болохоор бол өнөөдрийн энэ албан тушаалын цол хүртэж, цээж өргөн яваа залуусын  хэд нь цол буурахыг хүлээн зөвшөөрөх бол. Нэлээд хэсэг албан тушаалынхаа төлөө амбийц гаргаж, аль нэгэн нам, улстөрийн хүчний ч юм уу, эсвэл хэн нэгэн даргын төлөө үйлчилж, хурандаа цолоо алдахгүйн тулд хууль бус зүйл хийхгүй гэх газаргүй.

Түүнээс гадна ХСИС-ийг цагдаагийн алба хаагч-эрхзүйч мэргэжлээр төгсөх гэж буй сонсогч нарт ажлын байртай болох эсэх нь ч ойлгомжгүй. Цагдаагийн албаны шинэ хуулиар орон нутагт тасралтгүй ажилласан алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгохоор хуульчилсан. Хэдийгээр үүнийг олгож эхлээгүй ч, уг урамшууллаа авахын төлөө ажлаа өөрчлөхгүй гэх алба хаагч бишгүй гарах нь лавтай. Тэгэхээр шинээр төгсөгчдөд ажлын байр хэрхэх вэ гэсэн асуудал бас гарч ирж буй.

Энэ мэтээс авахуулаад бодож төлөвлөж, үе шаттайгаар хийх ажлыг нэг дор хийх гэж зүтгэж байгаа нь цагдаагийн жирийн алба хаагчдыг бухимдуулж байна.

Цагдаагийн жирийн алба хаагч буюу хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын ажлын ачаалал маш их.Уг нь Хууль зүйн сайд анхан шатны нэгжийн ажлын ачааллыг бууруулах зорилготой хэмээн тайлбарлаж байсан.Гэтэл Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжээд хагас жил болоход бахь байдгаараа л байна.Орон нутагт хоёрхон хүн л үүрэг гүйцэтгэсэн хэвээр. Өнөөдөр хэсгийн байцаагч нар хууль хэрэгжүүлэх, эрүүлжүүлэх, хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, гүйцэтгэх ажлын мэдээлэл цуглуулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, урьдчилан сэргийлэх гээд олон ажлыг зэрэг амжуулдаг. Мөн орон нутагт салбаргүй байгууллагынхан цагдаагийн алба хаагчдыг ажлаа хийхдээ оролцуулах гээд ажлын ачаалал маш өндөр.

Цагдаагийн албаны хуулийн эхэлж хэрэгжүүлэх ёстой гэмээр заалтууд нь хэрэгжихгүй, нэг их ач холбогдолгүй, хуучнаараа байсан ч нэг их гарзгүй заалтууд болох хувцас, цол зэрэг асуудал нь түрүүлж хэрэгжээд буй болохоор цагдаагийн алба хаагчдын бухимдлыг төрүүлж, зарим нь нулимсаа дуслуулахад хүргэж буй гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа “Жигмэд, Тогмид”-ын гэх хувцасны талаар жирийн алба хаагчид ам муутай байна. Тэд “Гурван ээлжийн хувцасны заримынх нь  эдэлгээний хугацаа дуусаагүй байхад хэн нэгний “шахсан” хувцсыг өмсгөлөө. Энэ хувцас нь хөлс гадагшлуулдаггүйн зэрэгцээ харшил өгөөд байна” гэх цагдаагийн олон ажилтантай таарлаа.Орон нутгийн зарим газар, хэлтсийн ажилтнууд харшил өгөөд байна гээд гурван өөр төрлийн хувцас өмсөх тохиолдол ч бий гэнэ.

Энэ мэт асуудлыг цагдаагийн байгууллагын болон Хууль зүйн яамны эрх бүхий албан тушаалтнууд эргэн харж, шинэчлэл нэртэй ажлаа түргэвчлэхгүй бол цагдаагийн байгууллага өдөр ирэх бүр хүчгүйдэж, алба хаагчид нь идэвхгүй, сул дорой болоход ойрхон байна.

 

Г.ЦОЛМОН

Эх сурвалж “Өнөөдөр” сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025