Домогт Примадонна

Зууны манлай дуурийн дуучин хэмээх алдартаа илүү хайртай хэмээн онцолсон Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуай өдгөө 70 насны сүүдэр зооглож буй. Гэлээ гэхдээ тэр Хөгжим бүжгийн коллеждоо багшилсаар явна. Хөл жаахан муу, нулимс ойрхон болсноос биш дал хүрсэн гэхээргүй толиотой, гялалзаж сууна. Сонгодог урлагийн буян юм болов уу. Хэд наслахаа мэдэхгүй, хэрвээ цаг хугацаа олдвол надад байгаа бүхнээ хойч үеийнхэндээ үлдээхийг хүсэж, цаг хугацаатай өрсөж сууна, ядахдаа театрын сайн үзэгч бэлдээд үлдээхсэн хэмээсэн түүний 70 насны ойд дуурийн театрын 9 гоцлооч буюу 9 примадонна хүндэтгэл үзүүлэх тоглолтыг саяхан хийсэн юм. Тоглолтын турш нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн зууны манлай, домогт примаддона цагтаа агуу их Оросын “Большой театр”-т дуулж, сонгодог урлагаар дэлхийг дэглэж явсан цуутай хатагтай. Агуу их Уртнасан гэхэд баргийн төрийн өндөрлөгөөс хүндэтгэж, сүрдэж хүлээж авдаг байсан домог мэт яриа бол ердөө өнгөрсөн зууных. Бидний амьдарч явсан 20-р зууны сүүл үеийнх. Түүний залуу нас, гоо үзэсгэлэнт төрхийг өнөөгийнхтэй нь харьцуулан харахад танд юу бодогдож байна. Мөн алдарт примадоннагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд 69 нас хүрч байгаа юм байна.

Залуу примадонна

Театрын хамгийн залуу гавьяат С.Мөнгөнцэцэг Х.Уртнасан гуай хоёр нэг нутгийнх. Домогт примадонна түүнийг хамгийн сонгодог барилтай дуучин хэмээн үнэлдэг. Болгарт сонгодог дуулаачийн мэргэжил эзэмшсэн С.Мөнгөнцэцэг гавьяат 2009 оны сүүлээр Глинкээс алт авчирч элэг нэгтнүүдээ баярлуулж байв. Монголын түүхэн дэхь анхны олон улсын сонгодог олимпоос авчирсан алтан медаль гэдэг утгаараа тэр эх орныхоо өмнө түүхэн гавьяа байгуулж, гуч гаруйхан насандаа МУГЖ хэмээх цолоор энгэрээ мялааж, гучин сая төгрөгөөр гавьяагаа үнэлүүлсэн. Харин үзэгчид түүнд залуу примадонна өргөмжлөл хайрласан. Авьяас чадал, гоо үзэсгэлэн, сонгодог урлагийн зүтгэлтэн хатагтайд байж болох этик, соёл, боловсрол бүхэн түүнд байдаг. Тэр нэг л өдөр дэлхийн дэвжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болохыг үгүйсгэх аргагүй. Түүнд улам их амжилт хүсье, эх орных нь нэрийн өмнөөс.


 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025