Анжелина Жоли хүчирхийллийн эсрэг

Өнгөрсөн мягмар гариг буюу зургадугаар сарын 10-ны өдөр Английн Лондон хотноо зохиогдсон “Бослого мөргөлдөөний улмаас үүсэх бэлгийн дарамтыг эцэслэн зогсоох олон улсын чуулган” –ы үеэр Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли оролцож үг хэллээ.

Тэрээр “Бослого мөргөлдөөн, дайн самууны үеэр бэлгийн хүчирхийлэл ихсэх нь зайлсхийх боломжгүй зүйл гэдэг бол хий хоосон цуурхал. Үүнээс зайлсхийх боломжгүй байна гэсэн зүйл байхгүй. Бэлгийн хүчирхийлэл бол энгийн ард руу чиглэсэн дайны зэвсэг гэсэн үг. Энэ нь секстэй ямар ч холбоогүй зөвхөн эрх мэдлийн төлөөх зүйл юм. Энгийн иргэд бяцхан хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээр тамлан зовоож, доромжилж байна” хэмээн ярьсан байна.

Энэхүү чуулганд 100 гаруй орны төлөөлөгчид, 900 гаруй мэргэжилтнүүд оролцсон бөгөөд жүжигчин Анжелина Жоли  “Энэ удаагийн чуулган бол гарцаа байхгүй дээрх сэдвийг хөндсөн хамгийн том чуулган болж байна. Дэлхийн эргэн тойронд маш олон хүн дэлхий дээр болж буй зүйлийг өөрчлөхийг хүсч хүн бүр өөр өөрсдийн арга барилаар үүнд ханддаг” хэмээн ярьжээ.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй бөгөөд баримтат кино, хэлэлцүүлэг, олон улсын арилжааны газар болон жүжигчдийн сэтгэгдэл гэх зэрэг 200 гаруй арга хэмжээ зохиогдох юм байна.

Анжелина Жоли нөхөр Брэд Питт болон хүүхдүүдийн хамт тус арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд та бид алдартнуудын гэр бүл маань сайн санааны үйлсэд хамгийн түрүүнд оролцдогийг мэднэ. Тэрээр “Би Нэгдсэн Үндэсний Байгууллагатай хамтарч ажиллаад 12 жил болж байна. Энэ ажлынхаа хүрээнд тусламж хэрэгтэй байгаа газруудад очиж ажиллахдаа би үргэлж баяртай байдаг” хэмээн People сэтгүүлд өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа дурдаж байсан байна.

Жоли чуулганы үеэр үргэлжлүүлэн “Би Афганистанаас эхлээд Сомалиагаас амьд үлдсэн олон хүмүүстэй уулзаж байсан. Тэд бүгд бидний адил хүмүүс боловч ганц л том ялгаа биднийг заагладаг байсан. Бид аюулгүй нийгэмд амьдардаг. Өвдөж зовсон үедээ эмнэлэгт үзүүлдэг, ямар нэг хэрэгт орвол хуулийн байгууллагаар шийдүүлдэг. Харин тэдгээр амьд үлдэгсэд орогнох байр, эсвэл дэлбэрэлтэнд өртөж юу ч үгүй болсон гудамжинд амьдардаг. Тэнд ямар ч хууль дүрэм гэж байхгүй. Өмгөөлж хамгаалах цагдаа шүүх, эмнэлэг тэр ч байтугай шударга ёс ч тэнд харагдаггүй. Энэ л бидний гол ялгаа. Олон улсын байгууллагын хувьд энэ нь бидний хариуцаж засч янзлах ёстой асуудлуудын нэг” хэмээн ярьсан байна.

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025