Хулан бол домог. Түүнийг үхвэл л тэр маш сайн сайхан хүн явсныг монголчууд зуун хувь хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл тэр яруу найрагч, журамт анд нөхдөөс гадна, бас хамгийн ардчилсан үзэлтэй, үнэнч шударга амьдарсан.

Түүнээс олон хүн жийрхдэг. Хүүхнүүд түүний хөөрхөнд, гоё арьстай, гоё хөлтэйд битүүхэндээ атаархаж, “Дээр нь бас шүлэг бичээд байхдаа яахав дээ” гэж эгдүүцдэг. Энэ бол юу ч биш. Нөхрөө түүнд алдчихаас үхэтлээ айдаг эмс олноороо эргэн тойронд нь байдаг. Харин Хулан хаяагаа хадрахгүй нь бас үнэн.
Хулангийн хэл ус, боловсролыг монголчууд бүгд мэдсэн. Өмнө нь яагаад ингэж олны өмнө боловсролоо гаргахгүй даруухан, загнуулаад л, гөвшүүлээд явсныг нь ёстой гайхсан. Энэ бол тэвчээр. Боловсрол түүнийг байгаагаас нь даруухан харагдуулдаг. Улаанбаатар телевизийн Л.Балхжав, Н.Сувд, Д.Сосорбарам нарын Хуланг олон жил мэддэг улс зориудаар “To be or Not”-д шүүгчээр суулгаж түүний атаархагчид, түүнийг байнга муу хэлэх ажилтай явдаг улст хариу барьсан.
Хулан бас тэнэг. Компьютер ёстой мэдэхгүй. Гайгүй сайндаа word-той. Яруу найргийг үзгээр бичдэг болохоос точвлуулаар бичихгүй гэж зөрүүдэлдэг. Компьютер, интернэт түүнийг айлгадаг. Нэтээр дүүрэн түүний тухай муу хэлсэн comment-үүдийг харсан өдрөө нүдээ хавдтал уйлж, дахиад нэтэд орж үзээгүй гэдэг. Учир нь түүний эсрэг төлбөр хийж, сайтуудад байнга муу мэдээ зохиож өгдөг захиалагчид улс төр, утга зохиол, юугаа ч мэдэхгүй харанхуй масст ч зөндөө бий.
Ардчилал, Хулан хоёр эгч дүү мэт хамааатай. Н.Энхбаярыг хамгийн анх новш гэж одоогоос 15 жилийн өмнө ганцаархнаа “хуцаад” МАХН-ын тойрон хүрээллээс хөөгдөж, 10 гаруй жил ажилгүй шахам явсан. Гэхдээ энэ үед түүний хамгийн сайн шүлгүүд төрсний нэг нь Н.Энхбаярт хаягласан “Цэцгийн толгой тасдаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэдэг шүлгийг Ардчиллын уриа лоозон болгож 2007, 2008 оны сонгуулиар хүмүүст хүргэсэн нь ард олны цээжинд явдаг титэм үг болсон. “Зүгээр нэг амьдрахсан”-гаараа тэрбээр Японоос “XXI зууны дэлхийн 100 шилдэг найрагч”-ийн нэг болсон ч, Монголын төр үнэлээгүй л байна. Нээрэн ч “зүгээр л нэг амьдрах” бол ганц Монголын биш, дэлхийн хүсэл болчихоод байна шүү дээ.
Улс төрд Хулан холбогчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Намуудын их хурлууд, том жижиг найраа, элдэв томилгоонд олон нийтийн эрх ашиг зөрчигдөх шийдвэрт хориг тавих үүднээс оролцсоор ирсэн. Өөрөөр хэлбэр үнэнийг олох, хорчингуудаас хамгаалах, дундуураа хор гүйлгэчихсэн хоёр өөр намын хоёр өөр лидерийг эвлэрүүлдэг зуучлагчийн үүрэгтэй явсаар ирсэн. Ил нийтлэлүүдээс нь гадна хувийн тоглолтууд нь жин дарна. Гар утасныхаа мессэжийн гайхамшигтай уран үгсээ улс төрд ашигладаг. Бас сэтгүүлчийн хувьд олсон баримтуудаа ашигладаг ч байж болох юм. Гэхдээ энэ тухайгаа тэрбээр чанд баттай нууцалдаг. Хожим энэ түүхээрээ сенсаци дэгдээсэн ном бичнэ гэж найзууддаа нэг удаа ам алдсан гэсэн.
МАХН-д тэрбээр 25-хан настайдаа МАХН-ын гишүүн аавыгаа өрөвдөөд орчихсондоо насан туршдаа харамсдаг ч чухамхүү МАХН, хожмын МАН дотор хэрүүл дэгдээж, дотроос нь авлигчдыг нь нэр дуудан цоллож чадсанаараа тэрбээр жинхэнэ ардчилагч юм. ардчиллын төлөө тэр өөрөө ч бас хохирч үзсэн. Ямар сайндаа л 2007 онд Н.Энхбаяр, Хуланг долоон сартай жирэмсэн, цүдийсэн гэдэстэй байхад нь МҮСТӨ-нд II давхарт дуудаж уулзаад заналхийлж байхав дээ. Энэ бол хаа байсан Уянга, Баасан, Ичинноров нараас ч өмнөх явдал. МАХН-д дээгүүр алба хаших боломж түүнд бүрэн байсан. Тэр татгалзсаар ирсэн. 1997 онд, С.ГОнчиг гишүүнийг нас барахад Төв аймгийн МАХН-ын хорооноос дээгүүрт бичигдэж, бараг УИХ-ын гишүүн болох хаалга нээлттэй байсан ч Хулан тэгээгүй, татгалзсан. “Би залуу насаа үзье” гэсэн байдаг. Одоогийн энэ дарга болохыг мөрөөдсөн олон залуус тэгж чадах болов уу? Үүгээрээ Хулан хожсон , МАХН, МАН-ынхантай нэг тогоонд чанагдах аюулаас түүнийг бурхан ёстой аварсан.
Тэрбээр өнөөдөр урвагч гэгдэхгүйн тулд л МАН-аас гарч чадахгүй байгаа болохоос, аль хэдийнээ МАН-ын хүн биш болсон. “Хулан МАХН-тай биш, МАХН Хулантай байх нь чухал” гэж саак томорсон доо. Энэ бол аль тэртээ 2007 он. Ингээд аль ч намгүй шахам “эмэгтэй Дашбалбар”-ын үүргийг олон жил үүрч яваа нь сайн муу нэр өөр дээрээ хураахын цов цондон ч тэр хэнээс ч айхгүй, ард түмнийхээ төлөө үзсээр л байгаа. Шударга, дайчин зангаасаа болоод хэлмэгдсэн талдаа л дуусч байна.
Хоёр дахь хүүхдээ гаргачихаад бие нь гэнэт муудаж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт сэхээнд очиход нь тэр үеийн эмнэлгийн дарга нар Н.Энхбаярын даалгавараар нүдэнд нь буруу тариа тарьж эрүүл мэндийг нь ноцтой хохироосон сэжиг таамаг байдаг ч, тэрбээр хэл ам хийгээгүй, хувь заяатайгаа эвлэрээд өдий хүртэл чимээгүй яваа. Гэтэл түүнд найз нөхөд нь гар сунгасан. Яг тухайн үед Ардчиллын од болсон Ц.Элбэгдорж түүн рүү өөрөө утасдаж, Сингапур луу нэлээд өндөр үнэтэй эмчилгээнд явуулсан бөгөөд эмчилгээний бүх зардлыг “Женко” Тулга даасан гэдэг юм билээ. Тэндээс Хулан эрүүл сайхан, гол нь өөртөө итгэлтэй болж ирснээр утга зохиол, улс төр, ардчилалд хэрэгтэй хүний тоо нэгээр цөөрчихөөгүй юмдаг. Дараа дараачийн сонгуулиудад тэрбээр нийгмийн үзэл санааг бүрдүүлэлцдэг чухал хүмүүсийн нэг хэвээр үлдсэнийг олон явдлаас харж болохоор байдаг.

МАН-ын авилгачдыг сонгуульд өвдөг шороодуулна гэж Ц.Шаравдорж, Т.Ганди, У.Барсболд нарыг амлан авч, бузар булхайг нь өөрийн хувийн “Ардын төр” сониноороо “нүдэж” эхэлсэн. Шаравааг ”Хумсаа нуусан мигуй” нэр дор “Гандирс” хотхоных нь яаж боссон түүх, Т.Гандигийн эрүүл мэндийн сайд байхдаа II эмнэлгийн хашаанд оронсууц бариулах зөвшөөрлийг тэр үеийн 25 сая төгрөгийн авилга авч олгосныг эзэдтэй нь гаргаж ирсэн. У.Барсолдын Хөшөөтийн уурхайг сэтгүүлчдээс хамгийн анх олж илрүүлж, энэ сэдэв рүү хошууруулж, эцэстээ хэргийн бүрдэлгүйгээр Ц.Хулан СБД-ийн шүүхэд хагас сая төгрөгөөр торгуулиад дууссан. Гэтэл зургаан жилийн дараа Монголбанкны Л.Пүрэвдорж, У.Барсболд нарын бүл ах дүүс энэ уурхайн цаад эзэд гэдгээ өөрсдөө зарлаад, өмчөө хамгаалаад гараад ирсэн байдаг даа! Ямар ч л байсан МАХН, одоогийн МАН-д хамгийн “чимээгүй олигархи” гурвал 2007 оны сонгуулиар гурвуулаа унасан түүх Хулангаас үүдсэн нь энэ юм.
Сониныг нь хааж, эзнийг нь дарамталж, гүтгэсэн бүх түүхийг тэр туулсан. Тэр бүү хэл хүүхнүүдийн ид мөрөөдөл болоод байсан Асашёорюү Д.Дагвадоржоор “эргүүлүүлж” хувийн алдаагаар нь шантаажилъя гэсэн МАН-ын хэсэг улсын төлөвлөгөө “бүтээгүй” явдал ч байдаг. Их аваргын цаад санаа шүлэг сонсох бус өөр зорилго агуулсан гэдгийг найрагч өөрөө мэдэж очсон уу, бүү мэд, ямар ч л байсан Арслан тайжийг “Цогзолмаа” шиг согтоож унагаад зугтаж гарч ирсэн тул захиалагчдын хэрэг бүтээгүй гэдэг юм билээ. Харин хоёр дахь удаа мөнгөний боломжоосоо шалтгаалан цөөн хувиар хэвлэгддэг, зөвхөн төрийн ордонд тараагдаж авилгачдын сүнсийг зайлуулдаг тэрхүү “Ардын төр” сониныг худалдаж авах саналтай Асашёорюү маань дахиад хоёр дахиа уулзсан байгаа юм. Энэ удаад Хулан мөнгөөр худалдагдаагүй, хоёр гарын шуу нь хөх эрээн болтлоо зодолдсон гэх яриа бий. Хулан ахиад л бүдрээгүй нь гайхалтай. Гэрчүүд нь хаяанд байна даа. Тэд чуулга хавиар том том дарга хийгээд л, морьд нь түрүү магнай болоод л, улсын наадмаар. Харин энэ бүгдийн дараа Аса, Хулан хоёр эр улс мэт нөхөрлөж эхэлсэн. Нөхөрлөөд сүйд болохгүй ч Аса Хуланг ёстой хүндэтгэж явдгаа цөөнгүй хүнд ярьсан байх жишээний, Хулан ч мөн тийм хариу барьж яваа. “Ардын төр” сонины бүх дугаар одоо архивт үлдсэн нь хожмоо ардчилагч Хулангийн намтарт нэмэх хуудас болж таарна.
Одоо Хулангийн цаг уг нь эхэлж байна. Хүүхэлдэйн театрыг босгож, улсад олон сая төгрөгийн орлого ашиг оруулдаг газар болгосон шигээ, МЗЭ-ийг өөд нь татья гээд ТУЗ-ын даргаар өрсөлдөж, 18- хан саналаар үеийнхээ эрх мэдэл, эрх ашиг хайсан хэдэн хүнд “хийлгэлээ”. Гэвч Галсансүхээс өгсүүлээд түүний үеийнхэн бүгд Хулангаа дэмжиж байгаа нь тодорхой. Эрх мэдэл, эрх ашгийн явцуу бүлэглэлийн хуйвалдааныг эсэргүүцсэн зохиолчид цөмөөрөө шахам Хулангийнхаа талд байгаа ч 16 жил дарамтлуулсан тэднээс үнэнийг дуугарах зоригтон бараг олдохгүй л болов уу.
Монголчууд түүнийг хайрлах биш гэхэд ядахнаа нийтээрээ хүлээн зөвшөөрөхөд тэр зүгээр л үхчих хэрэгтэй. Тэр болтол дор хаяж 50 жил байгаа гэж найдъя. Хулан бол домог.

Б.ДӨЛГӨӨН
Сэтгэгдэл (7)