Шагнал нь томдсон гавьяат, соёрхолтуудаар хахчихсан цөвүүн цагаар, морин жилийн хаврын дунд сарын нар инээсэн тунгалагхан өдөр шагналдаа томдсон цөөн хэдэн эрхэм гавьяатын одонгоор энгэрээ мялаав. Хамар гуншаа дуучин бацаан, бусдын бүтээлийг судалж, сурталчилснаараа төрийн дээд шагнал авчихдаг гашуудалт инээдэмт байдалд орчихсон ерөнхийлөгч зарлигтай төрийн шагнал ингэж нэг шаварт хутгалдсан нэр төрөө бага ч болов засаж авав гэж сэтгүүлчид өөр хоорондоо шивнэлдлээ. “Харанга”-ын Лхагваа, ҮХЦ-ийн гишүүн, олноо нэр алдарт хүмүүн гэхээсээ илүүтэй оюуны дээд зиндаанд залардаг Тогоочийн Лхагва гуай, “Насны намар”-ыг нам уянгалуулдаг солгой гарч, билэг авьяаст Төмөрхуяг, мэдээж Цоодолын Хулан. Ц.Хулан хатагтай “Grand Lady-2010” буюу анхны манай Соёл урлагийн салбарын оны шилдэг болж байсныг энд бас зориуд онцолмоор санагдана.

Эдэнд нэг л ижил тал бий, хэзээ ч шагнал, одонгийн араас бичиг сачиг, танил тохой татан хөөцөлдөж үзээгүй улс. Бүгд билэг их авьяастай. Ихэнх хүмүүсийг одон тэмдэг нь тодорхойлдог бол сагасан их авьяастай хүмүүсийг шагнал одон биш бүтээл юу нь тодорхойлж, тиймдээ ч тэд шагналыг өнгийг гялалзуулж өгдөг юм биш үү. Тэр өдрүүдэд хэвлэлүүдээр нэг “Харанга”-ын Лхагваа, дуучин Төмөрхуяг нар гарсан. Нүдэнд ил л зүйлд илүүтэй хошуурдаг нь хүний араншин юм хойно, аргагүй байх. Харин гэтэл Ц.Хулангийн талаар тэгтлээ их биш, энэ нь соёлын ертөнцөд ер хүмүүний оюун санааны талбарт өгсөн үзэл санаатай нь харьцуулахад шүү дээ, бусдаар бас ч гэж алдартай аавын цутай охин учраас мэдээж хэвлэлүүд бичсээн, Т.Лхагва гуайн талаар бүр Т үсэг ч харагдсангүй, миний л нүдэнд. Тиймээс энэ хоёр эрхмийг зориуд онцлохоор шийдлээ.
Ердөө сар гаруйн өмнө Т.Лхагва гуйагаас ярилцлага авах зорилготой Удирдлагын академийг зорилоо. Сайндаа ч бас биш, эгч маань шамдуулсны хүчинд хуучны танил, олон жилийн өмнө сурвалжлагчийн хувиар хааяахан зав гарвал Төрийн ордон дахь өрөөгөөр нь зочилж, тамхины утаа баагиулж, шатар нүүж суудаг чөлөөт цагаас нь хугаслан амттай үг яриаг нь сонсдог байснаас хэтрэхгүй хэмжээнд энэ эрхэм хүнийг таньдаг байснаас өөрийн санаачлагаар очоогүй хэрэг л дээ. Эгчийн маань багш түүнийг эгч ёстой шүтнэ. Би ч бас шүтээд гарлаа. Цаг гаруй л ярьж суусан байх. Ойгүй их ажлаа орхиод өдөржин суусан ч уйдамгүй, Монголын болоод дэлхийн түүхийн талаарх гайхамшигт мэдлэг нь, түүнээ ярихдаа хичнээн амттай, логиктой, үзэл санаатай, гаргалгаатай, юутай хээтэй нь урсгахдаа шогийн мэдрэмжийг нь ээ. Хүний ой санамж, ялангуяа энэ эрхэм хүний ой санамж үнэхээр бишрэм. Оюун ухааны гоо сайхан, эгэл энгийн юмны агуу чанар гэдэг...эцэст нь би асуулт бэлдэж эрхэм буурал ах бичгээр хариулт өгөхөөр тохиролцож салцгаалаа. Нэг ярихаараа дуусахгүй, хадуураад явчихдаг юм, чамайг зовооно гэсээр намайг ятгаж дөнгөсөнөөр ийм шийдэлд хүрсэн хэрэг. Тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас ярицлага маань бүтэн болоогүй, хүлээгдэж байгаа. Удахгүй та бүхэндээ хүргэнэ гэхээс яарч догдолж байна.

Би сэтгүүлчийнхээ саваагүй зангаар, тань шиг хүн л гавьяат мавьяат, төрийн одон шагнал авч байх ёстой биз дээ гэлээ. Хариуд нь тоож байгаа ч юм алга, тамхиа баагиулангаа, өгвөл өгнө биз, өгөхгүй бол тоох ч үгүй. Өөрийгөө шагнуулна гэж гүйх ч үгүй. Харин энийг маань шагнаад өгөөч гэж цөөнгүй хүний өмнөөс тодорхойлж, тус дөмөг болж байсан шүү гэлээ.
Их бодь сэтгэлээр орчлон гэгээрч
Энгийн юмны яруу сайханд хүмүүс шүтэх нь хэзээ бол? хэмээн хэн ч билээ нэгэн найрагч шүлэглэсэн байдаг. Энэ бодь сэтгэл чинь нийгэм олон нийтэд нийтлэг байдаггүй, ерөөс нэг хоёрхон эрхэм, агуу хүнд байдаг, байсаар ирсэн боловч бид тэр бүр мэдэрч чаддаггүй, олж мэддэггүй нандин үнэт чанар юм байна. Хар л даа, сая гавьяат багш авахад нь мэдсэнээсээ мэдээгүй нь олон өнгөрч байх жишээний. Ийм л нэг эрхэм хүн бидний дунд амьдарч явна.
Цаг үе бүхэн түүхээ бичих, түүхийг гэрэлтүүлэх баатраа өөрөө төрүүлж байдаг нь энэ амьдралд дурлах, хүн болж төрсөндөө талархах бас нэг шалтгаан юм уу даа.
Одонгоо гялалзуулсан Хулан АУЗ аавтайгаа хөтлөлцсөөр шатаар бууж ирэв. Угаас эрхэмсүү, танхи харагддаг Цоодолын эрх шар Хулангийн төрх мөн дөө, аав, охин хоёрыг харсан сэтгүүлчид маань, хэн нь хэнийгээ дөмнөөд байгаам болоо хэмээн тэрүүхэндээ нудралцаад авсан. Нээрээ л дорнын өвгөн их найрагчийн гараас нь хөтөлж, оюун сэтгэлээс нь дөмнөсөөр Монголын их яруу найрагт өгсөн их өглөг Хулан охин өдгөө Цоодолын Хулан биш, Хулангийн аав Цоодол гуай гэгдэх хүртлээ цог хийморьтой, гал халуун сэтгэл үнэртэн үнэртэн асч дүрэлзсэн найраг шүлгээрээ орон зайгаа дархалсан байх нь.
Амьдаараа домог болсон эрхэмсэг хатагтай уг нь аль хэдийнэ төрийн шагнал авах байв, хэрэв манайд юм бүхэн зүй тогтлоороо явдаг байсан бол, хэрэв манайхан оюуны их гялбааг үнэлэх оюун санааны бядтайсан бол. Учир юу гэвэл, 1991 онд түүний тэрлэсэн,
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрахсан гэдэг бадгаараа тэрбээр Японоос “XXI зууны дэлхийн 100 шилдэг найрагч”-ийн нэг болчихсон юм. Энэ бол асар том үнэлэмж, агуу их мэдрэмж юм. Явж явж оюуны өндөр мэдрэмжтэй ард түмэн л түүх нь төрүүлсэн баатар-охид, хөвгүүдээрээ дамжуулан дэлхийн тавцанд товойж, бадардаг юм байна. Бид харин өөрсдийгөө үнэлж чаддаггүйдээ тамын тогоондоо эргэлдсээр иржээ. Гэвч үгийн шид, үгийн хүч гэж гайхалтай, хаа холын япончууд, дэлхий нийт дээрх мөртүүдийг олж уншиж, шүүрч аваад зөвхөн үүнийг тэрлэснийх нь төлөө Хуланд шинэ зууны дэлхийн шилдэг найрагчийн тэмдэг медальгүй титмээ зүүгээд өгчихөж. Ингэснээрээ тэд өөрсдийгөө найраг үгийн гүн философийг ойлгодог, авьяасыг биширдэг, үнэлдэг агуу оюуны болоод мэдрэмжийн бядтай, ихэмсэг ард түмэн гэдгээ тунхаглачихаж байгаа юм л даа.
Энэ шүлгээрээ нэрийдсэн маш уран тансаг ном бий. Анхных нь 2006 оны үед хэвлэгдэж байсан санагдана. Уншигчдын хүсэлтээр гурав дахиа хэвлэгдээд дууссан энэ ном төрийн шагнал байтугайг авах том үзэл санаатай бүтээл. Ер нь түүн шиг дурлалын зүгээр нэг шаналан мэт шүлгийнхээ ард хүртэл үзэл санаа хавчуулж, дайж чаддаг ТОМ найрагч хэд ч байдаг юм. Хүн нэг бүр нь ертөнцийг үзэх үзэлтэй иргэн байж гэмээнэ чухам иргэнээс төр улс нь бүрэлддэг улс орон зөв замд асуудал багатай хөгждөгийг хэлэх үү, чухамдаа уншсан хүн болгонд ертөнцийг зөв, зүрх сэтгэлтэй хандах үзэл санаа олгохуйц энэ л номыг олон олноор хэвлэн, олшруулж олон олон хүнд уншуулахыг чин сэтгэлээс хүсдэгээ нуумгүй байна. Үр хойчдоо үлдээх миний хамгийн том баялаг, нандин бэлэг-номын санд минь энэ ном алтан ганжуур мэт үнэ цэнэ, орон зай эзэлнэ гэж бодоход л би баян хүн гэж бахархдаг даа. Ийм ном бэлэглэсний чинь төлөө, унших тоолондоо мэлмэрүүлж эсвэл омогшиж баярладаг оюун, сэтгэлийнхээ өмнөөс соёрхож буй бэлэг гэж эрхэмсэг Grand Lady минь, та бодоорой.
“Зүгээр л нэг амьдрахсан” гэж би номоо нэрлэлээ. Хүн төрөлхтний чин хүсэл мэт энэ үгийг хүн бүрт ойлгуулахын төлөө, энэ эрээн ертөнцөд зүгээр л нэг амьдарч болохгүйн учир байна. Номынхоо өмнөтгөлд тэр ингэж үзэглэсэн байдаг юм.
“Хулан амаа хамхих нь цөөн болж, өөртөө хааяа зэвүү хүрэх л юм”. Ийм гарчигтай ярилцлагыг тэрээр СГЗ болсныхоо дараахан өгч. Гоё хэлж. Бас гунигтай сонсогдов.
Та амаа хамхиж болохгүй, дуу хоолойгоо ард түмнээсээ бүү харамла! Тань шиг хүмүүст Бурханаас илгээсэн даалгавар ч юм билүү. Учир нь та бол үзэгдэл, өгөгдөл, онцгой генийн байгууламж юм.
М.Уранчимэг
Хамгийн том тус оюун санаанд хүргэх тусыг бодон “Зүгээр л нэг амьдрахсан” номоос дур мэдэн нэгэн нийтлэлийг оруулчихлаа.
Ц.ХУЛАН
Ард түмэнтэйгээ байна гэдэг хүний дээд заяа...
Р.Чойном
Залуу насаа би нэг их шаргал өвсөн дундах ганцхан хөх цэцгээр дүрслэн бодном, энэхэн удаа. Бусдаас содон амьдарч, сондгойрохын бөөн хүслэн явжээ. Гэсэн ч миний залуу нас ихэнх хүний боддог шиг амар хялбар байсангүй. Хүүгээ хүн царайчлахгүй өсгөх гэсэн далдуур хор шар, хүүдээ аав болж чадаагүй хүний хойноос мөрөөсөх гуниг, энэ бүхний зэрэгцээ аавынхаа нэрийг унагачихгүйн шамдал, алдаа оноогоор дүүрэн он жилүүд байв.
Тэгэхэд намайг ганцхан юм л аварсан санагддаг. Учир нь би аавыгаа, хориод настайдаа жаахан ч атугай ойлгох шиг болсон. Бичиж буй энэхэн хэсгийг ч хожим нь уншихнаа, миний тухай биш аавын ч тухай болж хувирсан байх юм. Гайхах юмгүй л дээ. Хүний үзэл бодол нэг их холоос хийсч ирдэггүй, алганаасаа хөтөлж өсгөсөн аав ээжээс анхлан ургадгаас тэр биз ээ.
Монгол улс даяар зах зээлийн нийгэмд шилжиж, нүүдэл суудлын үе байлаа. Их хүйтэн өвлүүд боллоо. XIII хороололд аавынд хүү бид хамт амьдардаг, Дөрвөн-Уул дөнгөж мөлхөж байсан цаг. 1991 оны аравдугаар сарын нэгэн үдэш санаанд тод байна. Аав минь нэг удаа тх оройтож ажлаа тараад, өөрөөр хэлбэл “Ардын эрх” сониноо хэвлэлтэд шилжүүлчихээд ирлээ. Сэлбийн гүүрээр жавар сөрөн явган явсан болохоороо, нэлээд даарчихсан. Үүдэнд орж ирмэгцээ “Ямар их цас вэ?! Арслантай гүүрний тэнд нэг хүүхэн хүүхдээ тэврээд зогсч байна. Малгайгүй юмаа хэн хэн нь. Наашаа явтал нэг өвгөн гуйлга гуйгаад зогсч байна. хэцүү цаг аа мөн...” гэв. Тэр үгээ ямар аялгаар, ямар харцтай, яаж хэлсэн гэж санана та? Ард түмнээ цөвүүн цагаас өмөөрч чадаагүй найрагчийн гуниг, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөөх зовнил, төр засагтаа бухимдсан омог хилэн дүүрэн, энгийн л энэ үгэнд нь яагаад ч юм сэтгэл сэрхийж, дотор өвдсөнсөн, тэр үдэш. Миний хувийн өчүүхэн гуниг гутрал тэр бүхний хажууд юу ч биш, улс орон маань тэр чигээрээ учраа олохгүй үймэлдэн байж...Дэлгүүрийн лангуун дээр гашуун давс, хатсан гоймон л үлджээ. Тэр өдрүүдэд зүсэм талхны оочирт хүүхэд дарагдаж үхсэн тухай сонины мэдээ гарч байсан. Одоо үүнийг санах хүн хэр олон бол?
Миний аав ард түмнээ зовоход нь зовж, жаргахад нь жаргаж яваа яруу найрагч гэдгээр нь би бахархаж, өөрөө ч тийм байхыг хүсдэг. Ерөөс аавын номлол энэ л билээ. Намайг яруу найрагчийн эрх танхи, нялхамсаг охин гэж сонинууд бичдэг. Нээрээн тийм ч юм болов уу гэхээр бас ч үгүй мэт. Бид бүгдийн аав ээж хар багаас л гоё ганган хувцсаар бульдаж, хүссэн амттан бүхнийг авч өгч байгаагүй л санагддаг. Аав Төв хороонд Үзэл суртлын хэлтэс гэх газар ажилтай ч, тухайн үеийн “хурган” дарга нарын охид шиг санасан, сарвайсан бүхнээ бид авахуулж байсангүй. Ялангуяа орос сургуулийн охид ганган гэж жигтэйхэн, нэг хувцсаа хоёр өдөр дараалан өмсөнө гэж бараг үгүй нь надад тээртэй санагддаг байлаа.
Хожим нь олон жилийн дараа Ренчин гуайн хүү Барсболдтой миний бие ярилцаж суухдаа, аав нь мөн л адил охиддоо хөдөөгийнхний өмсдөг “цагаан улт” гутал өмсүүлж, Барсболд хүү өөрөө сургуульд орон ортлоо эгч нарынхаа хуучин “палааж”-аар гоёод дажгүй инээж явсан тухайгаа хуучилсан нь тодхон байна. Төрийн соёрхлын олон мянган төгрөгөө касснаас нь шууд Ленинградын зуданд нэрвэгдсэн Ренчин гуайгаас эхлээд тэр үеийн сэхээтнүүд иймэрхүү л маягаар үр хүүхдүүдээ хүмүүжүүлж, энэ мэтээс аав мөн үлгэр авдаг байсан юм болов уу даа. Монгол улсын Ерөнхийлөгч малчны хотноос л төрсөн болохоос, дөчин мянгатын тоосгон байшин дотроос гараагүй, хүний хувь тавилан, хичээл зүтгэл, эх орноо гэх сэтгэл л хүнийг юманд хүргэдэг гэдэгт ноттой итгээд ч тэр үү, өнөө цагт баячуул үр хүүхдээ аль л төлбөр өндөртэй сургуульд оруулж, түүгээрээ бүр “имиж” болгон өрсөлддөг “моодыг” би хийрхэл төдий зүйл л гэж санах юм, бүү мэд ээ.
Жинхэнэ яруу найрагч хүн гэдэг ямагт юухан хээхэн дээр ч атугай ард түмэнтэйгээ байх ёстойг миний аав алгуурхнаа ухааруулж, санаанд минь хадаж, шанаанд минь зуулгаж өсгөсөн юм. ард түмнээсээ авьяас, оюун ухаанаар цоройлон гарах тусмаа даруухан байж сур гэж мэргэд ч бас зүйр үг, оньсого, хэлц үг, дуу туульсаараа хэлжээ. Ард түмний эрэглээнээс хэтэрсэн тансаг амьжиргаа эргээд доог болдог...гэж яваандаа би эргэн тойрноо хараад ухаарсан...Өнөө цагт хүн төрийн албаны өндөр сэнтийд залармагц гэнэт хоргой ямба, минж суусар дээл хүрэм өмсч, үл мэдэг ярвайсхийн алхаж, хэт хутга, хөөрөг, хурдан морь, барилдах бөхөөр хүртэл гангарч харагддаг. Хоол горьдсон нохой шиг ядмаг нийгмийн нуруун дээр хоргой өмссөн гахай шиг ноёд ингэж залардаг биз. Баянаараа тэнэгээ нуусан нийгэм ч ийнхүү бүрэлддэг биз. Харин ижий түүх хэнд маань ч ялгаагүй хандсаар ирсэн дээ.
Албан тушаалын өндөр, халтай шатнаас аав аль залуу байхын үеэсээ татгалзаж, Баянхонгор ч билүү аймгийн даргаар томилъё гэхэд нь хойш сууж, мөн тэр үеийн дарга нарын ганц сургууль Нийгмийн Ухааны Академид хүртэл явалгүй, харин шүлэг уран бүтээлийнхээ мөрийг хөөсөн гэдэг юм. Ингэснээрээ аав алдаагүй. Олон сайхан шүлэг дуулв туурвиж, монгол хэлтний яруу найргийг иргэний уянгын ухаарлаар чимсэн юм. Найрагч хүн амьдралаа бичдэг гэдэг. Тийм ч биз, үгүй ч биз. Аавын шүлгийн түүврийг үе үехэн эргүүлж суухад миний муу аавын өөрийнх нь дүр төрх босч ирж, “Хошуу нутагтаа алдартай харамч...хоёр хүүгээ амьтнаас түрүү цэрэгт өгдөг” өнөөх эцэг шиг, “Уул мэдэхгүй талаа шоолсон юм шиг уужуу Дондог” шиг, “Хадаг дэжид” шиг, “Цагаан сараар дээлээ алдаг, оног сольж, царцаан даль шиг бүрээстэй гэртээ зовж жаргадаг...” өнөө л Ороо Эрэнцэн шигээ санагддаг юм. “Эхийн захиас” гэж нэг айхтар шүлэг бий. Унших бүртээ би нүдээ норгоно. Аавынхаа чухам ямар шүлгэнд дуртай вэ ч гэх шиг надаас асуудаг. Би тэр нь сайн, энэ нь муу гэж яаж ялгахсан билээ. эцгийн үг буруу ч бай гэсэн, бусдаас аавыгаа өмгөөлөх л хорвоо.
Өөрөө даанч даруу, эгэл гэмээр, түүнээ дагаад зарим нэг найрагчийн адил өөрийгөө “рекламдаад” байхгүй н над “арчаагүй” гэмээр санагддагаа ч нуух юун. Зурагт, радио, сонин хэвлэлд ярилцлага цөөн өгнө. Удаа дараагийн УИХ-ын сонгуульд намаа төлөөлж орооч хэмээн нэг бус нам санал тавьсан боловч мөн л үгүй. Нэрэлхүү зан уу, угаас улс төрийн сэнтий халгаатайг мэддэгийнх үү, бүү мэд. Хүнтэй ам мурийхиыг нь би насаараа үзээгүй. Шунахыг нь, хүн хуурахыг нь ер мэдэхгүй. Өөрт нь юм байвал бусадтай хуваалцахсан гэнэ. Лав л миний мэдэхээр, түүвэр нь хэвлэгдэхэд хивсний үйлдвэр нэлээд хэдийг хивсээр авч, аав тэр цөөн хэдэн хивсийг орцныхоо аль л ядруухан зутруухан айлд зээлээр өгч, заримаас нь бол бүр мөнгөө огт аваагүй орхисон санагдана. Намайг нэг удаа аавындаа, тэр үед ховордсон “Алтан тариа”-ны гурил ахиухан аваачихад аав баярласандаа ч юм уу, хуучин идэж байсан хятад мятад янз бүрийн гурилаа олон балчир хүүхэдтэй хөршийндөө өгөхдөө андуураад шинэ гурилаасаа дээжилж өгчихөөд, уулгамчаараа дуудуулан ээжид зэмлүүлж байсансан. Хонь гаргалаа гэхэд айл амьтсантай гэдэс хуваалцах гэж бидэнтэй уралдан түмпэн сав барьж гүйх нь халаг болно. Аав минь ийм л нэг эгэл, гэхдээ их юм уншиж, тэр хэрээрээ сэхээрсэн, их бодсон, төрийн хар хүн явсаар, орчлонгоос нэг их юм нэхэж шаардалгүйгээр, үнэн шударгад итгэсээр насыг элээж буй уужуухан дорнын өвгөн найрагч билээ...Ийм л аавын хүү би одоо цагт, яг л аавын жижиг модель мэт байж чадна гэж үү? Зөөлөн хонгор ааштай гэгддэг асан охин би том болоод муу хүний нүүрэн дээр буулгаад авахаас сийхгүй хурц омголон загнадаг, хүнтэй сониноор хэрэлддэг, нам төрөө шүүмжилчихдэг “хачин” амьтан болсон доо. Үүнээ би буруу гэхгүй ээ.
Уурсан хилэгнэж буй дүр гаргавч цаанаа өрөвдөхийн одонд төрсөн шиг байна. Тэгэхээр “Номхон бурханыг нохой долооно” гээчээс зугтаж байгаа юм уу даа. Евгений Евтушенкод “Сайхан сэтгэл нударгатай байх ёстой” гэсэн мөр бий. Харанхуй гудманд нэг муу согтуу юм бүсгүй хүнийг хоргоож байхад жишим ч үгүй өнгөрөх “томоотой” нэгэн, ойрхон байгаа эргүүлийн цагдаа руу гүйх “тусч” нөгөө нэг хүн, тэр дороо очоод бүсгүйн өмнүүр орох “сагсуу” гэх болов уу, гурав дахь нэгэн...Би сүүлчийнхийг сайн хүн гэнээ...Сайн сайхныг, бас эмзэг арчаагүйг хамгаалж, хэзээ нэгэн цагт өмгөөлнө дөө гэж хйош тавьсаар явтал цаг хугацаа өнгөрчихсөн байх нь бий. Нэг л мэдэхэд өөрөө ч нэг бэртэгчин болж орхиод, зодуулан гангинах нялх гөлөг, нөхөртөө ч юм уу, дээрэлхүүлж буй ядмаг бүсгүйн дэргэдүүр жишимгүй өнгөрдөг болох вий...Хашир зөнгөр болж, орчлонийн гоё сайхныг үл мэдрэн, энэ ертөнцөд мөнгө хөрөнгө хураахын тулд л ирчихсэн мэт загнах вий...Уран бүтээлдээ ч цаг үеэ ямар нэг хэмжээгээр эс тусгаж, цаг үеийнхээ өмнөөс үг хэлэх тэнхээгүй, эс тоож, эс ухаарсан мэт явах нь бас л амиа бодсон бэртэгчний араншин мөөн. Хүнд үг, малд шилбүүр л таарна бус уу гэж би гөжин, хэн хүнд, өөдгүй юмнуудад хүртэл зөөлөн аядуу байх гэдэг аавыгаа ч хааяа шүүмжилдэг тэрслүү үзэлсэн болсон юм. Амьдрал над хялбар замыг өгч, хэн нэгний өмөг түшгийг эртхэн насанд минь соёрхсон бол ийм адайр болохгүй ч байсан у, хэн мэдэхэв.
Хорь хүрээгүй тэр л насандаа зүгээр нэг өөрийнхөө шальгүй гунигаар гуньж, өөрийгөө л бордож, тордож явсан бол өдийд яах байсан бол оо? Бусадтай л адил, үдэшлэгт өмсөх даашинзгүйдвэл үеийн охиноосоо зээлж, талхны мөнгөгүйдвэл найз нөхдөөсөө өр тавьж, түрийвч зузаалсан үедээ нэг их баян амьтан шиг тараан цацаж, нэг их бардам тэргүүн өргөж явдаг найрагч болсондоо би бахархдаг юм. Эргээд харахад хамгийн сайн гэж өөрөө тоодог шүлгүүд ч улс орны маань амаргүй цаг үе, миний сэтгэлийн хэцүү үед бичигдэн үлджээ. Монгол улсын өмч хувьчлалаас хэдэн ягаан тасалбар аваад учраа ч олоогүй хов хоосон үлдсэн тэр ард түмний нэг эд эс би бусдыгаа зовоход жаргаж яваагүй. Энэ минь зарим нэгний хувьд бахархал биш байх магад л даа. Балчир залуу нас минь хавар хавартаа асгарах алмаас эрдэнийн бороогоор гоёж, намайг нэгэн сайхан залуу хүлээн зогсох намрынн цэцэрлэгийн навчыг мөрөн дээрээ буулган гангарч явлаа. Шүлгээ уншиж, хүнд чин сэтгэлийн үгээ хэлж явсны минь төлөө намайг ивээлдээ авч, байгаа бүхнээ хуваалцсан хүн зон, эгэл олон минь байлаа. Өөр баялаг надад байсангүй. Байр сууцандаа тавих тавилгагүй ч, хоосон ханан дээрээ уруулын будгаар яруу найргийн бадаг бичиж орон гэрээ анх дүүргэсэн юм. Шүлэг хэвлэгдсэн сониноороо ханаа нааж дулаалсан юм. Уран бүтээлийн шагнал, номныхоо хишгээр аж амьдралын аахар шаахар юм худалдаж авах бүртээ ч, энэ жил намайг энэ ном минь л тэжээлээ дээ гэж хайр хүрдэг бөгөөд, Пушкины ойгоор түрүүлсэн шүлгийн урамшлаар цонхны хөшиг хийж, Вивальдигийн үдэшлэг хөтлөөд индүүтэй болж, Удвал гуайнхаа буянаар хүний нүдэнд торох анхны торгон, хээнцэр дээлтэй болж, Буяннэмэх, Нацагдорж...энийг надад өгсөн шүү гэж нэг их юмтай хүн шиг муу гэрээ тойруулан харж бүртгэж суудаг билээ. Цагаан мөртэй мөнгө гэж байдаг бол энэ нь шүлэг бичээд олсон мөнгө, цагаан мөртэй нөхөрлөл гэж байдаг бол энэ нь эгэл олонтойгоо мөр нийлсэн харгуй зам юм аа.
Эрдэнэт хотод бидний хэдэн найрагч “Уурхайчин” соёлын төвийн тайзнаа уулзалт хийж байв. Халуухан сэтгэлтэй уншигчид хагацах дургүй, дөрвөн цаг үргэлжилсэн уулзалтын сүүлд бүр “маазраад” найрагчдыг нэг нэг дуулахыг хүслээ. Би хүүгээ, тэр үед дөрөвтэй л болов уу, өөрийн оронд микрофон руу түлхэж “зальдав”. Тэгсэн хүү маань ямар ч эхлэл, дахилтгүйгээр шууд л,
“Аавын үгүйд аав болсон
Ард олноо хайрлаж яваарай” гээд цааш мэдэх жаахан хэсгийг дутуу дуулахчаа болоод над дээр тожигнотол гүйгээд ирсэнд үзэгчид өхөөрдөн, инээлдэж, харин миний дотор өмрөх шиг болсон. Нээрэн л хагас өнчин яваа миний хүү шиг хүн энэ дууг хаанаас сурахчаа болж энэ олон амьтны өмнө санаандгүй гаргана вэ? Хажуу тийш харвал Ичинхорлоогийн маань нүдэнд ч нулимс гялтагнаж байна. Энэ л дууны, П.Пүрэвдорж гэж Монголын хамгийн цэцэнхэн найрагчийн бадаг бол хүн хэзээ ч ганцаардахгүй, олноо түшиж, ард түмнээ гэж явахад “Хүү нь өсч том болоод....хүний хүслийг газарт бүтээдгийн” сонгодог бичээс чухамхүү мөн юм аа.
Сэтгэгдэл (1)