Буратино эгчийг дугааргүй оруул!

Тэртээ 1983 онд ДБЭТ-ын тайзнаа амилсан Л.Толстойн “Алтан түлхүүр” жүжгийн гол дүр Буратиногийн дүрийг бүтээсэн СТА О.Норолхоо “Гэгээн муза” наадмаас хүндэтгэлийн шагналыг хүртсэн билээ. Түүнээс асар их техник, дуу хоолойны хүч, хөдөлгөөний эвсэл шаардсан энэхүү дүр БСШУЯ-наас олгодог “Шилдэг дүр”-ийн шагналыг авчирсан төдийгүй, 1984 онд театраасаа орон сууцаар шагнуулж байсан гэдэг. Энэ дүр, О.Норолхоо хоёр салшгүй холбоотой явсаар он цагийг элээж. Тухайн үед жүжгийн Крабас Барабасын дүрд МУГЖ жүжигчин Ч.Алтан-Өлзий, Карлод жүжигчин Б.Пүрэв, З.Пүрэв, Пьерод жүжигчин Д.Оюунцэцэг, С.Алтанхуяг, Мальвинад жүжигчин Д.Долгорсүрэн Дуремарт Ч.Найдандорж нар тоглож найруулагчаар Б.Мөнхдорж, зураачаар Ц.Давааням нар ажиллажээ. Хүүхэд багачуудын сонирхлыг ихэд татдаг уг жүжгийн малгайны худалдагчийн дүрийн бидний сайн танил жүжигчин Л.Чаминчулуун, Арленкийн дүрийг өгүүлэхүйн урлагийн мастер Г.Равдан нар бүтээсэн байна.

О.Норолхоогийн хувьд УДЭТ-т мэргэжлээрээ 22 жил ажиллахдаа 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглосон юм. Панчёвийн “Шовгор малгайтын дууль” жүжигт 18 настай дөрвөн ихэр хүүхдийн дүрийг нэг дор бүтээсэн нь түүний оргил  үе байсан гэж хэлж болно.

Түүнийг хаа ч явсан хүүхэд үүхэдгүй таньдаг. Нэг удаа Эрээнээр урагшаа гарах гээд дугаарлаад зогсож байтал нэг генерал харчихаад “Буратино эгчийг дугаарлахгүй оруул” гэж байсан гэдэг. Насаараа хүүхдийн жүжигт дүр бүтээсэн О.Норолхоо одоо ч хүүхдэрхүү зантай хэвээр. Хааяа хөгшинтэйгөө гадуур гарахаар нэг мэдэхэд чулуу өшиглөчихсөн зогсож байдаг гэсэн шүү. Түүний бага охин хүүхэлдэйн театрт дууны найруулагчаар ажилладаг. Ханьтайгаа хүүхэлдэйн театрт очиж жүжиг үзэхээрээ баярлаж хөөрөн яг л жүжигт тоглож байсан үедээ эргэж очих шиг болдог аж. Түүний хань насаараа Драмын театрын гэрэлтүүлгийн инженерээр ажилласан. Хүүхдүүд нь театрын 17 дугаарын өрөөнд бужигнаж өссөн гээд бодохоор О.Норолхоогийн амьдрал тэр чигээрээ драмын түүх гэлтэй.

Д.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025