Нийслэлийн төв талбайд том, том хар уут бөмбийлдөж, заримаас нь ишигний туурай цухуйж, заримынх нь хажууд хоёр толгойтой, найман хөлтэй хурга, гаж хөгжилтэй унага хэвтэж байна.
Энэ бол цөмийн хог хаягдлыг эсэргүүцэж байгаа иргэний нийгмийн байгууллагынхны эсэргүүцлийн тайван цуглаан зохион байгуулагсдын хэлээд ойшоохгүй байгаа бодит байдлыг төр, захиргааныханд дахин ойлгуулах гэсэн илэрхийлэл юм байна. Францын “Арева” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд туршилтын олборлолт хийснээс хойш нутгийн иргэдийн мал үхэж, хээл хаяж, гажиг хөгжилтэй төл төрөх болсон. Газар дээр нь ажиллаад ирсэн Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатарын хэлснээр бол өдгөө зөвхөн албан ёсоор бүртгэгдсэнээр бол анх 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд 22 тугал үхсэн бол өдгөө Зүүнбаян суманд 214, Улаанбадрахад 289 мал үхээд байгаа. Гэхдээ албан ёсоор бүртгүүлээгүй үхэл, хорогдол ч маш их байгаа аж.
Ийн хүн малгүй уранаас болж хордож байхад төр засгийн байгууллагууд жишим ч үгүй байгааг төр засгийнхан эсэргүүцэж байна. Өмнө нь удаа дараа шаардлага тавьж байсан тэд өнөөдөр ч төр засгийнхан хайхрахгүй хэвээр байх юм бол асуудлыг олон улсын төвшинд гаргаж тавьж, зохих байгууллагуудад хандана гэж байгаа аж.
Мөн өчигдөр тэднийг цуглаандаа бэлтгэж байхад нь цагдаагийнхан эдгээр үзүүлэн болон ураны хаягдлыг илэрхийлж уутанд хийсэн хөөсөнцрүүдийг нэг бүрчлэн гаргаж зүсэж сүйтгэжээ. Цагдаагийнхан үүнийгээ элдэв аюултай бодис байж магадгүй тул шалгаж байна гэж тайлбарласан аж. Харин үүнийхээ оронд Улаанбадрах суманд дүмбийж байгаа жинхэнэ хортой хог хаягдлыг шалгамаар юм даа, манай төр засгийнхан.






А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна