Их Британийн уран зураг хамгаалагч, сэргээн засварлагчид XVII зуунд зурагдсан “View of Scheveningen Sands” уран зургийг цэвэрлэж байх үедээ үнэхээр гэнэтийн зүйл олж илрүүлжээ. Далайн эргийн элсэн дээр тойрч зогсох хүмүүсийн дүрстэй зургийг цэвэрлэх явцад дунд нь халимны зураг тодрон гарч ирсэн байна. Өдийг болтол 150 гаруй жилийн турш хүмүүс уг зургийг зөвхөн далайн эрэг дээр зогссон хүмүүсийн дүрс л гэж боддог байсан юм.

Уг зургийн цэвэрлэх ажилд оролцсон Камбрежийн их сургуулийн Фитцвиллиам музейн оюутан Шан Куанг “Анх харахад энэ зураг нам гүм өвлийн далайн эрэг дээр хэдэн хүн зогсчихсон бага зэрэг уйтгартай зураг. Би энэ зурган дээрх хүмүүс юу хийж тэнд зогсож байгаа юм болоо хэмээн гайхдаг байсан” хэмээн ярьжээ.
Түүнийг зургийг цэвэрлэж эхэлтэл далайн усан дээр нэгэн дарвуул мэт дүрс тодорч иржээ. Ийнхүү цааш үргэлжлүүлэн цэвэрлэж дууссаны дараа зураг дээр халимны дүрс гарч ирсэн байна. Цэвэрлэгээг эхлэхэд гарч ирсэн тэрхүү дарвуул мэт дүрс нь үнэндээ халимны сэрвээ байжээ.
Уг зургийг 1873 онд нэг эрхэм Фитцвиллиам музейд хандивласан бөгөөд тухайн үед ч зураг дээр халим байгааг хэн ч мэдээгүй байна. Чухам ямар учраас хэзээ энэхүү зураг дээрх халимыг дарж нуух болсон нь тодорхойгүй байгаа боловч шинжээчид ойролцоогоор XVII – XIX зууны хооронд халимыг халхалсан байх хэмээн таамаглаж байгаа аж.
“Орчин үед бид урлагийн бүтээлийг бүхлээр нь бодит зүйл хэмээн хүлээн авдаг. Харин өмнө нь уран зургууд нь ихэвчлэн засал чимэглэлийн зүйл мэтээр ойлгогддог байсан. Тиймээс магадгүй тухайн үед энэхүү үхсэн амьтан нь дизайны хувьд онцгүй муухай байсан учраас будгаар дарсан байж болох юм” хэмээн Шан Куанг ярьсан байна.
Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна