Ятгах урлагийн хаан Монголд!

“Си Би Эм” ХХК болон Жеймс Пассин нарын урилгаар уран илтгэгч, домогт арилжаачин, Волл Стритийн хөрөнгийн оператор асан Жордан Белфорт Монголд зочилж байгаа. Тэрээр өчигдөр Монголд ирсэн бөгөөд өнөөдөр 19.00 цагт “Blue Sky” цамхагт лекцээ унших юм. Ингээд алдарт илтгэгчийн амьдрал, үзэл бодолтой танилцана уу.

Бизнесийн хамгийн чухал зүйлсийн нэг бол хэлэлцээрийн төгсгөлийг сайн хийх явдал юм. Төгсгөл сайн хийхгүйгээр мөнгө олох хэцүү. Straight Line System нь зөвхөн хөрөнгийн зах зээл дээр төдийгүй хүний төсөөлж болох бүхий л бизнесүүдэд гайхалттай эерэг нөлөө үзүүлж чаддаг юм.

-Волл Стритийн Чоно Жордан Белфорт

 

Ихэнх хүмүүсийн хувьд хэрэв үнэн байж чадвал амьдрал нь агуу, баялаг, домог мэт байж чаддаг. Ихэнх нь нас барсан хойноо алдаршддаг нь амьд ахуйдаа тэд үнэн амьдрал, үнэн нүүр царайгаа бусдад дэлгэдэггүйгээс үүдэлтэй. Харин амьд ахуйдаа алдаршиж, домог болох хүмүүс ч бий. Тун цөөхөн эдгээр хүмүүс гол нь өнгөрсөн амьдрал хийгээд амьдралынхаа алдаа оноо, муу муухайг  ч бусдаас нууж хаалгүй хэлсэндээ ийн аладршдаг гэж болно. Агуу их байна гэдэг үнэн сэтгэл, үнэн өөрөө юм гэдэг гаргалгаа эндээс үүдэлтэй. Чухам ийм эрхмүүдийн нэг Волл Стритийн Чоно хочит Жордан Белфорт.

Арилжих онцгой авьяас

Өдгөө 52 настай, жүүд гаралтай, ятгах, арилжих онцгой авьяастай Жордан Белфорт нэгэн цагт дэлхийн нийслэл, хөл хөдөлгөөнт Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр дээрх онцгой авьяасаараа цуурай хадуулж, бусдыг бишрүүлж явсан баялаг намтартай нэгэн. Энгийн нэгэн бал байсан ч эгэлгүй юм шиг итгүүлээд зарж орхидогт түүний онцгой авьяас оршдог байв.

Намтрын хуудас сөхвөл тэрээр 1962 оны 7-р сарын 9-нд Нью-Йоркийн Күийнс дүүрэгт жүүд гаралтай гэр бүлд мэндэлжээ. Нягтлан бодогч эцэгтэй байсан бяцхан Белфорт бага байхын худалдаа наймаа хийх авьяастай байсан бөгөөд 1980 оны үед далайн гаралтай бүтээгдэхүүн худалдах бизнес эрхэлж амьдралын гараагаа эхлүүлэв. Гэсэн ч компани нь дампуурснаар Волл Стритийн Хөрөнгийн биржид ажилтнаар орж, энэ цагаас өнөөх гайхалтай авьяасаа хувьцаа зарахад ашиглаж эхэлснээр Чонын адал явдалт амьдрал эхэлсэн түүхтэй.

Волл Стритийн Чоно

Жордан Белфорт өөрийн хамтрагч Данни Порушийн хамтаар “pump and dump” буюу хий хөөрөгдөөд дараа нь хаях аргаар мөнгө залилдаг байжээ. Тэд үйлчлүүлэгчиддээ хувьцаа шахаж улмаар хувьцааны үнэ өсмөгц өөрсдийн хувийг өндөр үнээр зардаг байсан гэсэн үг. 1980-аад оны сүүл үеэр Жордан 5 хүртэлх долларын үнэтэй хувьцааг хүмүүст ямар ч хамаагүй аргаар зарж борлуулан 50 хувийг нь авах замаар богино хугацааны дотор тэрбумтан боллоо. Түүний байгуулсан “Страттон Оакмонт” компани нүд ирмэхийн зуур 2-12, 12-1000 ажилтантай болж, бүх ажилчид нь элбэг хангалуун амьдарч эхэллээ. Энэ үедээ Холливудын оддын нэг кинонд тоглоод олдог хэмжээний ашгийг ердөө нэг сарын дотор олдог байсан гээд бодохгүй юу.

Нью-Йорк дахь “Страттон Оакмонт”-ын оффист эд хөрөнгийн дарангуйлал, секс, мөрийтэй тоглоом тэргүүтэн энгийн үзэгдэл байсан гэдэг. Нэг жишээ татахад л компанийн туслах ажилтан бүсгүй үсээ хусуулсныхаа төлөө 5000 ам.доллар шагналд нь авч байсан гээд мөнгө хөрөнгөөр туйлах, зугаацах, завхайрах нь Чонын хувьд өдөр тутмын амьдралынх нь хэв маяг боллоо. 

Straight Line System буюу Шулуун Шугамын Ятгах урлаг

Яаж ийм богино хугацаанд тэр толгой эргэм их эд баялгийн эзэн болсон юм бэ?

Ноён Белфорт Straight Line System буюу монголчилбол Шулуун Шугамын Зарчим гэгчийг боловсрлуулсан юм. Нэг бол зар, үгүй бол үх, эсвэл “Харилцагч хувьцаа худалдаж авах эсвэл үхэх хүртэл хэзээ ч харилцуураа тавьж болохгүй” гэсэн дүрмийг Оакмонтын ажилчид мөрддөг байв. Харилцуураа аваад дуусах хүртэл хэрхэн ярьж, итгүүлж, ятгах арга замыг Белфорт бүх ажилчиддаа зааж өгснөөр тус компани тэгтлээ баяжсан түүхтэй. Үүнийгээ тэрээр Straight Line System хэмээн нэрийдсэн юм.

 “БҮХ БОРЛУУЛАЛТ АДИЛХАН. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ер бүх зүйлийг зарахад нэг л зарчим үйлчилдэг. Эхлэх цэгээс төгсгөлийн цэг хүртэл нэг л шулуун шугам байгаа. Тэр шугаман дээр ямар нэг арга замаар ятгах л хэрэгтэй, үр дүнд нь гэрээ хийгдэж, тухайн зүйл зарагдах ёстой”. Энэ бол Белфортын алтан зарчим.

Бидний ихэнх нь төгсгөл сайн хийх авьяасгүй төрдөг. Бас олон хүмүүс ямар нэгэн зүйл борлуулна гэхээр маш олон юм бодсоор эхлэлээс нь төгсгөл хүртэл системтэй явахаа мартаж орхидог. Өөрөөр хэлбэл олон юм бодсоор төгсгөлийн цэгт хүрэх шугамнаасаа гажчихдаг. Ингэж гажихгүйгээр зөвхөн зарах л ёстой гэсэн шулуун шугамаа барьж ятгах хэрэгтэй гэж тэрээр үздэг байна.

Энэ үедээ Белфорт, “Нью-Йорк Пост” сонинд “Ямар нэг дүрэм журамд захирагдахгүй бол хурдан баяжихад илүү амар байх болно” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

 “Хүнд шунал хэрэгтэй!”

Харин хожмоо энэ үеэ ийн дурссан байдаг. “Би тэнэг байсан. Залуухан, 25 настай, туршлагагүй байсан учраас эхний олсон тав, арван  сая доллараараа өөрт байсан бүхий л мөрөөдлөө биелүүлж, бодит болгож эхэлсэн. Цагаан “Феррари” худалдаж авсан. Яагаад гэвэл Дон Жонсон цагаан Ферарритай байсан. Regen Beverly зочид буудлыг нэг өрөөг түрээсэлж авсан. Яагаад гэвэл Ричард Гир “Хөөрхөн хүүхэн” киноныхоо зураг авалтыг тэнд хийсэн. Тэр үед би шуналыг сайн зүйл гэж ойлгодог байсан. Яагаад гэвэл 1987 онд байлдан дагуулж байсан “Wall Street” киноны гол дүр Гордон Гекко, “Шунал хүнд хэрэгтэй” гэж хэлснийг зөв, үнэн гэж боддог байлаа”.

Их хэмжээний мөнгө угаасны хүчинд Белфорт тансаг зэрэглэлийн амьдралаар амьдарч байв. Юун Холливудын оддын тансаглал, түүнд хамгийн том, хамгийн тансаг орд харш, хамгийн үнэтэй спорт машин, мөрийтэй тоглоом, хар тамхи, янхандалт гээд хүний хийж болох муу муухай бүхнийг хийж зугаацна. Хар тамхинд мансуурснаасаа болж унаж явсан нисдэг тэргээ онхолдуулснаас гадна алдарт Коко Шанелийн эзэмшилд байсан дарвуулт завиа хүртэл усанд живүүлж байжээ.

Энэ үеэ Белфорт оюун ухаангүй үе хэмээн тодорхойлсон байдаг. Түүний оюун ухаан өөрт нь бус хар тамхинд харьяалагдаж байжээ. Бусдад муу зүйл хийж, ёс суртахуунгүй загнаж буй бүх мэдрэмжээ хар тамхиар дарангуйлдаг байж. Өглөө, өдөр, орой татах тамхи бүр нь өөр, өөр, үргэлжид мансуурсан байдалтай явсныхаа хүчинд хүнээс гарч боломгүй муу бүхнийг хийдэг байснаа тэрээр хожмоо ухаарч, хүлээн зөвшөөрсөн юм.

Хуулийн шийтгэл

Тансаглал бүхэн, хууль бус юм бүхэн төгсгөлтэй. 1989 онд байгуулагдсан “Страттон Оакмонт” компани 1992 онд хууль, хүчнийхний анхааралд аль хэдийнэ орсон байв. Үнэт Цаасны болон Хөрөнгийн Биржийн хороо уг компанийн хууль бус үйл ажиллагааг таслах зогсоохоор шалгаж эхэлсэн бөгөөд 1999 онд Белфорт хууль бусаар мөнгө угаасан хэргээр шүүхэд дуудагдаж, 2003 онд 4 жилийн хорих ял, 110 сая ам.долларын мөнгөн торгууль төлөх шийтгэл хүлээснээр Чонын хүн болох зам нээгдсэн юм.

Шоронд 22 сар суугаад гарахдаа тэрээр “The Wolf of Wall Street” номтой, хүн мөн чанартай, илүү эелдэг, сайхан сэтгэлт Чоно болон хувирлаа. Уг номонд тэрээр санхүүгийн ертөнцөд хийсэн үсрэнгүй амжилтаасаа эхлээд огцом уналт хүртэлх амьдралаа нэгд нэгэнгүй бичсэн нь 2013 онд Мартин Скорсеззегийн найруулгаар кино болон дэлэгцэнд гарсан юм. Белфортын дүрийг Леонардо Ди Каприо бүтээсэн уг кино Холливудад чамгүй шуугиан тарьсан билээ.

Чоно Монголд

Энэ цагаас дэлхийн өнцөг булан бүрээс түүнд хандсан олон мянган захидал ирж эхэлсэн бөгөөд ихэнх нь Шулуун Шугамын Ятгах Урлагаа зааж өгөхийг хүссэн утгатай байдаг. Хийсэн үйлдэлдээ гэмшсэн Белфорт өдгөө хүмүүст хэрхэн хөрөнгөтэй болж, бизнесийн ертөнцөд амжилт гаргах талаар зөвлөгөө өгдөг болжээ.

Идэвхжүүлэгч уран илтгэгч, домогт арилжаачин тодотголт тэрээр энэ удаад Монголд саатна. Зургадугаар сарын 6-нд CBM компанийн урилгаар ирж лекц унших бөгөөд ятгах урлаг, ямар нэг зүйлийг хэрхэн арилжих, карьераа хэрхэн өсгөх, урт хугацааны баялгийг хэрхэн бий болгох, хөрвөх чадвар муутай хөрөнгөөс хэрхэн мөнгө босгох нууц, Монголын түүхийг гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн арилжих, Монголын Хөрөнгийн зах зээлийг яаж дахин идэвхжүүлэх вэ зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд лекц нь өрнөх ажээ.      

Бэлтгэсэн М.Саян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Алдаж онож ухаан суусан туршлагтай бизнесменээс чи ч ялгаагүй сурах хэрэгтэй Монгол гээх ухаанаар ашигтай талаас сур Жижиг үйлдвэр бгуулж зээл авсан олон Монголчууд дампуурсан шалтгаан нь бүтээгдэхүүнээ борлуулах ятгах авьяас хөгжөөгүй юм Ятгах урлагийг заавал бизнест биш стрессээ дарах өөдрөг байх зэрэг өөр зорилгоор ашиглаж болно Орос синдром шиг бүхнийг харлуулах хэрэггүй
    2014 оны 06 сарын 07
  • Зочин
    iim negen tenemel yank mongoliin luivarchdad surgalt yavuulj humuusiin harmaig herhen segsreh lets tavih yum bna ldaa
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Алдаж онож ухаан суусан туршлагтай бизнесменээс чи ч ялгаагүй сурах хэрэгтэй Монгол гээх ухаанаар ашигтай талаас сур Жижиг үйлдвэр бгуулж зээл авсан олон Монголчууд дампуурсан шалтгаан нь бүтээгдэхүүнээ борлуулах ятгах авьяас хөгжөөгүй юм Ятгах урлагийг заавал бизнест биш стрессээ дарах өөдрөг байх зэрэг өөр зорилгоор ашиглаж болно Орос синдром шиг бүхнийг харлуулах хэрэггүй
      2014 оны 06 сарын 07
  • Зочин
    iim negen tenemel yank mongoliin luivarchdad surgalt yavuulj humuusiin harmaig herhen segsreh lets tavih yum bna ldaa
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025