Мартин Скорсез
Алдарт “Авиатор”-ын “эцэг”, Оскарын шагналт кино найруулагч Мартин Скорсез одоо 71 настай бөгөөд тэрээр амьдралынхаа турш таван удаа гэрлэжээ. Анхны эхнэр Ларэн Мэригээс нэг охин мэндэлсэн. 1976 онд Скорсез зохиолч Жулиа Камеронтай гэрлэж, мөн нэг охинтой болсон нь одоо жүжигчин Доминика Скорсез билээ. Харамсалтай нь тэдний гэрлэлт ганцхан жилийн л настай байв. Найруулагч эрхмийн гурав дахь сонголт нь үзэсгэлэнтэй итали жүжигчин, загвар өмсөгч Изабелла Розелини байсан юм. Изабелла Розелини бүтэн 14 жилийн турш Францын гоо сайхны “Lancome” брэндийн нүүр царай болж байсан билээ. Тэдний гэрлэлт дөрвөн жил үргэлжилжээ. Харин дараа нь Скорсез кино продюсер эмэгтэй Барбара Де Финатай дэр нэгтгэсэн. Тэд харин харьцангуй урт буюу зургаан жил хамтдаа амьдарсан аж. Ингээд нэрт найруулагч Скорсез 1999 онд Хелен Моррис гэх жирийн нэгэн эмэгтэйтэй амьдралаа холбосноор заяаны ханиа олсон гэлтэй. Францеска гэх охинтой хосууд өнөөдрийг хүртэл хамтдаа эв найртай амьдарч байгаа юм. Дашрамд сонирхуулахад, Скорсез өөрийн найруулсан “Авиатор”, “Departed” гэсэн хоёр кинондоо охин Францескаг тоглуулаад амжсан байна.

Билли Боб Торнтон
Жүжигчин, найруулагч, хөгжимчин Билли Боб Торнтон одоо 58 настай. Тэрбээр нийт таван удаа гэрлэснээс гурван эхнэрийн дөрвөн хүүхэдтэй аж. 1986 онд жүжигчин Тони Лоренстай гэрлэж, хоёр жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан. 1990-1992 оны хооронд жүжигчин Синда Уиллиамстай, дараа нь Плэйбой сэтгүүлийн модель Петра Даун Черниактай тус тус гэр бүл бололцсон байна. Черниак түүнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд 1997 онд тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулжээ. 1997-1999 оны хооронд Билли жүжигчин бүсгүй Лаура Дернтэй болзож, сүй тавьсан байсан боловч гэнэтхэн түүнийгээ цуцлан 2000 онд Холливуудын дур булаам бүсгүй Анжелина Жолитой гэрлэсэн билээ. Тэдний хайр дурлалын харилцаа 1999 онд хамтдаа “Pushing Tin” кинонд тоглосноор эхэлсэн гэдэг. Гал халуун дурлалцсан хосууд гэрлэхдээ жижиг шилэнд бие биенийхээ дусал цусыг хийн, хоёр биедээ хайртайгаа тангараглан солилцон хүзүүндээ зүүцгээж байсан. 2002 оны гуравдугаар сард хосууд хэвлэлээр Камбожиос хүүхэд өргөж авч байгаа гэж мэдэгдэл хийж байсан ч хожим нь Анжелина ганц бие ээжийн статусаар тэрхүү хүүхдээ өргөж авч байсан нь ил болсон юм. Түүнээс хойш нэг их удалгүй 2003 онд хосууд харилцаагаа төгсгөсөн байна. Харин гэрлэх дуртай Билли Торнтон 2003 оноос хойш нүүр хувиргагч эмэгтэй Конни Энгландтай хамтын амьдралаар амьдарч байгаа бөгөөд тэд дундаасаа нэг охинтой. Өдгөө албан ёсоор гэрлээгүй ч хосууд аз жаргалтай хамтын амьдралаа үргэлжлүүлсээр байна. Билли “Би дахин гэрлэхгүй. Гэрлэх нь надад тохирохгүй зүйл байна” гэж хэвлэлд нэгэнтээ ярьсан билээ.

Микки Руни
Өдгөө 93 настай, амьдралынхаа ихэнхийг Америкийн кино, дэлгэцийн урлагт зориулсан найруулагч Микки Руни нэг Эммигийн шагнал, хоёр ч Алтан бөмбөрцгийн эзэн. Түүнийг Холливуудын хамгийн олон гэрлэсэн хүнээр нэрлэдэг билээ. Амьдралынхаа туршид тэрбээр найман удаа гэрлэсэн бөгөөд найман эхнэрээс есөн хүүхэд, нийт 19 ач гучтай өнөр өтгөн гэр бүлтэй нэгэн. 1942 онд Микки Руни Холливуудын үзэсгэлэнт эмэгтэй жүжигчин Ава Гарднертай гэрлэж байв. Тэгээд Авагийн од болон гялалзахын өмнөхөн тэдний гэрлэлт төгсгөл болсон гэдэг. Дараа нь Руни Алабамад цэргийн алба хааж байхдаа тухайн орон нутгийн гоо бүсгүйгээр тодорч байсан Бетти Жэйнтэй гэрлэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед Руни Европоос эргэж ирээд эхнэр Беттигээс гэрлэлтээ цуцлуулсан байна. Түүний дараа Марта, Элэйн гэсэн хоёр ч жүжигчин эмэгтэйтэй амьдралаа холбоод маш богино хугацааг хамт өнгөрүүлсэн. Харин 1958 онд Микки Руни үнэн сэтгэлээсээ хайрлаж дурлан Барбара Анн Томсон гэх эмэгтэйтэй гэр бүл бололцсон байна. Гэвч 1966 онд гай дайрч, хайрт эхнэр нь хүн амины аллагад өртжээ. Гүн депресст орсон Руниг Барбарагийн сайн найз тайвшруулж, бага насны хүүхдүүдийг нь өсгөхөд туслаж байсан гэдэг. Ингээд тэд бие биендээ дасч, гэр бүл бололцсон байна. Харамсалтай нь, эхнэрийнхээ сайн найзтай гэрлэсэн тэдний хамтын амьдрал 100 өдрийн л настай байв. Дараа нь Руни таван жилийн турш Каролин гэх эмэгтэйтэй амьдраад мөн л салалтаар төгсчээ. Ингээд түүний найм дахь гэрлэлт бүтэлтэй болж, тэрбээр 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл эхнэр Жэн Чэмбэрлиний хамт аз жаргалтай амьдарч байгаа аж.

Ларри Кинг
80 настай ярилцлагын хаан Ларри Кинг амьдралынхаа туршид нийт долоон удаа гэрлэснээрээ олон гэрлэсэн алдартнуудын дунд дээгүүрт давхидаг. Анх 18 настайдаа ахлах сургуулийнхаа анхны дурласан охин Фреда Миллертэй гэрлэж байжээ. Эцэг, эхүүдийн дарамт, шахалтаар тэдний гэрлэлт нэг жил болоод л өндөрлөсөн байна. Үүний дараа нэг их удалгүй Эннет Кэй гэх эмэгтэйтэй гэрлэсэн нь богино насалж, эмэгтэй залуу сэтгүүлчид анхны хүүхдийг нь төрүүлж өгснөөр тэдний харилцаа төгсгөл болжээ. 1961 онд Ларри Плэйбой сэтгүүлийн модель Ален Акинстай гэрлэж, жилийн дараа нэг хүүтэй болоод мөн л хоёр тийш болсон байна. 1963 онд Ларри ээлжит гэрлэлтээ хийж, Мэри Франсис гэгч эмэгтэйтэй суужээ. Гэвч нэг жил л амьдарчээ. Тэгээд дахиад өмнөх эхнэр, модель Ален Акинстай гэрлэж, дахин нэг хүүхэдтэй болцгоосон байна. Энэ удаад тэд арай удаан буюу таван жил хамтдаа амьдарч, 1972 онд хоёр дахь удаагаа салжээ. 1989 оны зун тэрбээр Жули Александр гэх бизнес эмэгтэйтэй танилцаж, анхны болзоон дээрээ гэрлэх санал тавин гэрлэсэн юм. Ажлын шаардлагаар хоёр өөр хотод амьдарч байсан хосуудын харилцаа хөндийрч, тэд хоёр жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан байна. Зургаа дахь гэрлэлтийнхээ дараа ярилцлагын хаан жүжигчин бүсгүй Дийн Ландтай хэсэг болзож, бүр сүй хүртэл тавиад амжив. Таван долоо хоног болзсон тэдний романс гэрлэлтэнд хүрч амжилгүй саллаа. Түүний долоо дахь эхнэр нь хуучин дуучин байсан телевизийн нэвтрүүлэгч Шаун Саутвик бөгөөд Ларригаас 36 насаар дүү, залуу эмэгтэй билээ. Тэд 1997 оны есдүгээр сард Ларриг зүрхний мэс засалд орохоос гурав хоногийн өмнө эмнэлэгт гэрлэлтээ албан ёсоор батлуулсан гэдэг. Хосууд хоёр хүүхэдтэй. Тэд албан ёсоор гэрлэлтээ 2010 оны дөрөвдүгээр сард цуцлуулсан юм.

Сэтгэгдэл (4)