ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг улс төрийн талбарт сонирхолтой кадруудын нэг гэгддэг. Үргэлж сэтгүүлчдийн анхаарлын төвд байдаг атлаа тэр болгон алдаа гаргаад байдаггvй чамбай улстөрч гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрөх байх. Гольфийн спортоор Монголдоо л номер нэгд ордог Ц.Мөнх-Оргил гишүүний хувьд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа 7 сарын 1-ний хэргээс болж багагүй хэл аманд өртөж байсан ч одоо болтол шийдчихэж чадахгүй байсаар л байгаа нь цаанаа учиртай биз. Уг нь Ц.Мөнх-Оргилыг сайд байхдаа энэ салбарт бас ч гэж хийсэн ажилтай, хэлэх үгтэй байсан гэдэг.
Хуулийг гууль болгон завхруулдаг, өөрсдийгөө оройн дээд орчирваань мэт өргөмжлөн, ядарсан, зовсон, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон иргэдээс амандаа багтсан мөнгө нэхэж “шантаажилдаг” даварсан өмгөөлөгчдийн хандыг Ц.Мөнх-Оргил сайд хага дарж чадсан хэмээн салбарынхан нь ярьж байсан удаатай. Тэгэхээр энэ хүний хийсэн бүтээсэн зүйлийг үнэлэх хэрэгтэй болов уу. Ямартаа ч улс төр гэх ширүүхэн дэвжээнээ Харвардын их сургуулийг дүүргэсэн имиж сайтай нөхөр гэнэт орж ирсэн нь саяхан боловч өдгөө нэлээд хэдэн жилийн нүүр үзжээ. Унаган орос школтой тэрээр хойд хөршид цэргийн алба хааж, хал үзээд амжсан төдийгүй АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн цор ганц түшээ гэдэг.
Харин эцэг, эх нь хоёулаа эмч, сэхээтэн гаралтай Ц.Мөнх-Оргил гишүүний мөрөөдлийн гүнж буюу гэргий Д.Бадамцэцэг нь эдийн засгийн чамгүй мэдлэг боловсролтой бүсгүй буй. Эрхэм гишүүнийг улс төрд орон зайгаа олоход буюу хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг зохицуулахад АНУ-ын нэр бүхий банкинд урилгаар ажиллаж байсан эхнэрийнх нь нөлөө их гэж учир мэдэх хүмүүс шивнэлддэг юм билээ. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Даш-Өлзийн дунд охин хатагтай Д.Бадамцэцэг дунд сургуулиа алтан медальтай төгсөн Вашингтоны их сургуулийг дүүргэж, Колумбын их сургуульд мастер хамгаалсан Монголын ууган бизнесменүүдийн нэг ч гэгдэг.
Сэтгэгдэл (1)