Бид өмнө нь арлын орныг өвдөг сөгдүүлсэн ар Монголын алдарт хүчтнүүд болох сумочдынхоо гэр бүл хийгээд үр хүүхдүүдийг нь танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаа бидний амьдарч буй яг энэ цаг үед ид хаваа гайхуулан, Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд нэрээ дуурсгаж, домогт хоёр Мөнх, долоон шилдэг зааны залгамж халаа болон барилдаж буй хүчтнүүдийнхээ эрхэмсэг гэргий нарыг танилцуулах гэж байна. Танд таалагдах нь лавтай.
Андуурсан амраг
Хоймор сайхан нутгаар овоглуулж, 26-хан насандаа улсын харцага цолны болзол хангаад байгаа энэ эрхмийг ирээдүйн аварга хэмээн ам уралдуулан магтах бөхийн хорхойтон хийгээд багш, дасгалжуулагч цөөнгүй. Байсхийгээд л зодоон цохионы хэрэгт нэр холбогдож явдаг Ц.Содномдорж харцага саяхан хүн бүлэглэн зодсон хэрэгт орооцолдож багагүй шуугиан тарьсаныг мэдэх хүн олон байх. Харин арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү, удам дамжсан хүчтэн Ц.Содномдоржийн хувийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэддэгүй. Нэг үе олон бүсгүйн зүрхэнд шар ус хуруулж дуурийн дуучин Ө.Уянгатай өрх тусгаарласан талаар хэвлэл мэдээллээр шуугих болсон ч энэ нь эцэстээ эндүүрэл байж таарсан. Учир нь хоёр ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн харцагын гэргий дуурийн дуучин Ө.Уянгын амидаа бөгөөд Ховд аймгийн харьяат бүсгүй байдаг. Хосууд өдгөө нэг хүүхэдтэй.
Бөхийн удамт гэргий
Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдаж МУ-ын гарьд хэмээх хүндтэй цолны эзэн болсон энэ эрхмийг хүмүүс андахгүй. Үнэхэээр ч үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран хурц, дайчин барилдаанаараа Ж.Бат-Эрдэнэ гарьд Монгол бөхийн дэвжээнд өөрийн орон зайгаа тунхаглаж чадсан хүчтэн. Тэгвэл түүний гэр бүлийн хүн Архангай аймгийн харьяат улсын начин Өлзийбаярын охин. Гарьдын хадам аавынх аав олноо "тавхай" хэмээн алдаршсан улсын заан Лувсан хэмээх харишгүй хүчтэн байсан. Харин хадам ээж нь сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Улсын начин Д.Лхагвадорж, гарьд Н.Ганбаатар нарын авга эгч. Тэгэхээр нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа бөхийн удамтай ховорхон тохиол юм.
Санжаа зааны сэтгүүлч гэргий
Домогт хоёр Мөнх, хожуу үеийн зургаан залуу заанаас хойш Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд тодронхон байгаа хүчтэн бол Улсын заан Ч.Санжаадамба. Олон ч жил улсын цолонд хүрэх бөхчүүдийн тааварт дээгүүр бичигдэж явсан Ч.Санжаадамба заан аймгийн начин цолтой байхдаа л ирээдүйтэй бөх гэдгээ харуулж чадсан. Тахим өгч, авахаас эхлээд Монгол бөхийн ёс жудгийг үлгэр жишээ баримталж буй хүчит зааны ар талыг найдвартай авч яваа гэргийг нь Б.Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат энэ хатагтай сэтгүүлч мэргэжилтэй ч аагтай, алдартай нөхрийнхөө ар талын ажлыг амжуулахын тулд мэргэжилээрээ ажилдаггүй гэнэ лээ. Хосууд өдгөө нэг хүүтэй бөгөөд Санжаа заан ирээдүйд бөх болгох хүсэлтэй байдаг гэсэн шүү.
Идэвхитэн харцагын хуульч эхнэр
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат, МУ-ын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйг заал танхимын барилдаан барагтай бол алгасадгүй сайн бөх төдийгүй нийгмийн идэвхи өндөртэй хүн хэмээн олон түмэн үнэлдэг юм билээ. Тэрээр хоёр талдаа бөхийн удамтай бөгөөд өвөө нь Дундговь аймгийн харъяат Тамсагбулагийн “Босоо хар” хэмээх цэргийн заан Б.Сосорбарам гэж хүн байсан. Харин гэргий Хулан нь Завхан аймгийн харъяат бүсгүй бий. Мөн л бөхийн удамтай хэмээдэг. Хулан хатагтай өдгөө Монгол шуудан банкинд хуулийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд хосууд хоёр хөөрхөн охинтой.
Орооцолдсон барилдааны “од”
Орооцолдсон барилдаанд хамгийн одтой барилддаг нь улсын харцага А.Бямбажав гэдэгтэй хэн ч маргахгүй. МУ-ын начин цолны тааварт олон жил бичигдэж ирсний эцэст улсын харцага хэмээх цолыг хүчит арслан Д.Ганхуягаар авч байсан цаг саяханых. Магадгүй түүнийг харцага гэхээсээ илүүтэй цэргийн хурц арслан гэвэл хүмүүс сайн таних байх. Ямартаа ч түүнийг гэргий Н.Батхишиг хэмээх эмч мэргэжилтэй сайхан бүсгүй байдаг. Хосууд нэг нутгийнх болохоор багаасаа бие биенээ сайн мэддэг байсан гэнэ лээ. Харин улсын харцага А.Бямбажавынх хүү, охин хоёртой өнөр өтгөн айл.
Пүрэвжав + Пүрэвжав
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Л.Пүрэвжав 2004 онд Ардын хувьсгалын баяр наадмаар жинхэнэ цойлж гарсан бөх. Тэр ердөө л аймгийн начин болоод тэр жилээ улсын баяр наадамд анх удаагаа зодоглоход нь хэн ч улсын цолд хүрэх тухай таамаглаагүй байсан. Гурвын даваанд улсын начин Ц.Баянмөнх, дөрвийн даваанд хоёр жил дараалан түрүүлж аварга цолтой анхны наадамдаа зодоглож байсан, аралтай бяртай аварга Г.Өсөхбаяр, уран хурц барилдаантай харцага Э.Батбаатар, Г.Ганхуяг нарыг дараалан тахим буулгасаар МУ-ын харцага цолны болзол хангасан түүхтэй. Тэр цагаас хойш Л.Пүрэвжав төрийн их баяр наадамд дөрвөн удаа шөвгөрөөд байгаа зааны эрэмбэтэй харцагуудын нэг гэгддэг. Мөн түүнийг бөхийн спортод анх хөтөлж ирсэн багш нь Монголчуудын хайр хүндлэлд баттай орон зайг эзэлсэн уран хурц барилдаант даян аварга А.Сүхбат гэдгийг олон хүн мэдэх биз. Харин өсөх идэр, үнэн зоригт харцага Л.Пүрэвжавын гэргий мөн Пүрэвжав хэмээх залуухан бүсгүй байдаг. Харцагатай нэг нутгийнх бөгөөд Дундговь аймгийн “Говийн тэнгэр” FM-ийн хөтлөгчөөр нэг үе ажиллаж байсан бүсгүй билээ.
Сэтгэгдэл (10)