Нэг хэсэг эхнэрийнх нь дансаар Монголд байхгүй их мөнгө эргэлдэж, ард нь Ё.Отгонбаяр нуугдаж байсан гэсэн дуулианд холбогдсон УИХ-ын гишүүн Ё. Отгонбаяр найранд уригдсан шиг ээ алхаж явна. Тэрээр нэг хэсэг эхнэрийг нь хилс хэрэгт тулган барьж хорилоо гэж байсан бол сүүлд нь өөрөө бусдыг дарамталж, шантаажилсан хэрэгт унахаа шахсан. Түүний гэргий О.Эрдэнэсолонгын нийт 26 дансаар 300 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн гэсэн мэдээлэл олон хүнийг эргэлзүүлж, ийм их хэмжээний мөнгө улсын төсөвт ч байхгүй гэлцэж байв. Харин тухайн үед УМБГ-аас:
“2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж байгаад хэсэг залууст зодуулж, машинаа дээрэмдүүллээ” гэх мэдээллийг УМБГ-т ирүүлсэн. Тэрээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “Одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ” гэжээ. Иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх мэдээллүүд нь батлагдсан.
Зодсон, хээл хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь бүгд үүнийг гэрчилж байгаа. Ё.Отгонбаяр тэр хүнтэй хамт хоолонд орохдоо хахуулийн мөнгө нэхэж, мөнгөний хэмжээний талаар тохиролцож байгаа баримт нь ч бий. Ийм учраас Ё.Отгонбаяр гишүүнийг шалгах шаардлагатай болсон. Ингээд шалгах явцад Монголбанкны санхүүгийн мэдээллийн албанаас тодорхой мэдээлэл авч, мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулсан. Энэ үеэр Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсныг тогтоосон. Жишээлбэл, 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 300 сая, 420 сая, 338 сая, 80 сая төгрөг дараалан О.Эрдэнэсолонгын дансанд орж, дахин хоёр дансаар дамжин өөр банкны нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй бэлнээр гаргасан байдаг” гэж мэдээлж байсан юм.
Харин одоо энэ хэрэг хэрхсэн, Ё.Отгонбаяр буруутай байсан эсэх нь ч бүү мэд, чимээгүй болоод байгаа. Лав л Ё.Отгонбаяр гишүүн инээд алдаад явж байна даг. Ер нь манайд аймшигтай том гэмт хэрэг илрүүлсэн гэсэн баахан мэдээлэл цацагдаж, тэгсгээд чимээгүй болдог. Басхүү авлига, хээл хахууль гэсэн том нэрнээс эхлээд буу шуу хадгалсан, байр худалдаж аваад татварынх нь мөнгийг төлөөгүй гэсэн шиг хэрэг болж өндөрлөдөг. Хэрвээ үнэхээр ийм хэрэг хийгээгүй, эсвэл батлагдаагүй бол хүнийг олон сая төгрөгийн хэрэгт шалгалаа гэж сүр бадруулсан шигээ хэрэгсэхгүй боллоо, худлаа байж ээ гэж зарлаж, нэр төрийг нь сэргээж баймаар юм.
А.АНУ
Сэтгэгдэл (1)