Жил бүрийн зургадугаар сарын 1-нд нийслэлчүүд хүүхэд багачуудаа хөтлөн төв талбайгаа, тойрч нэг хэрж нэг алхаж, байгаа ганц Хүүхдийн парктаа азтай нэг нь “багтаж” орж чадаж гэмээнэ цөөхөн тоглоомонд нь ганц ч болов суух гэж оочерлож зогсонхон баярладаг. Газрын наймаачдад цөлмүүлсээр “алгын чинээ” болсон паркт яг баярын өдөр тоглож, зугаацана гэдэг бүтэшгүй мөрөөдөл юм хойно, ихэнх эцэг эхчүүд ёсыг бодож Чингис хааны талбайгаар хүүхдээ зугаацуулдаг. Зарим нь бол хөдөө, зусланг сонгож, хөл хөөр дарагдсаны дараа хүүхдүүдээ паркт тухтай зугаалуулах сонголт хийдэг.
Уламжлал ёсоор өчигдөр нийслэлийн төв талбай пиг дүүрэн хүнтэй, мөн л уламлал ёсоор чихэр жимс, хийлдэг бөмбөлбөг, үлээдэг хөөс гээд элдвийг зарах худалдаачид зөндөө. Наадмын талбайг ч Нарантуул зах мэт болгочихдог манай наймаачдын овсгоотойг хэлэх үү, зарим хүн нийслэлийн төв талбай юу, Эрээний бараа зардаг зах уу гэж эргэлзэх шахаж. Гэхдээ энэ удаагийн наймаанд бас шинэлэг зүйл байна. Тухайлбал алт мөнгөн боронзтой “хөшөө” болдог залуус төв талбайд үзүүлбэр үзүүлж, хүмүүс ч тэдэнтэй нэг мянган төгрөгөөр дуртайяа зургаа авахуулж байлаа. Мөн “бяцхан” төлбөртэй алхаж явдаг бамбарууш хөллөсөн жижигхэн тэрэг, хонжворт тоглоом ч хүүхдүүдийг зугаацуулж байлаа. Бас үлгэрийн баатруудын хувцас өмсч хандив цуглуулж явах сайн дурынхантай ч таарлаа.







Монголчуудын бас л жил болгон шагшран үглэдэг мөртлөө салж чаддаггүй хог хэмээх зовлон. Эрээн хувцастай ганган жаалуудтай зэрэгцэн шар хантаазтангууд хогоо цэвэрлэн явж байсан ч аль хэдийнэ энд тэндгүй хог сэгсийж харагдана. Өнөөдөр өглөө ч энд тэндгүй сэгсийсэн “баярын нэмэгдэл” хогийг цэвэрлэж амжаагүй ч байж магад. Хогны сав гэдэг зүйл нүдний гэм хэвээр. Цөөхөн хэдхэн хогийн саваа ч олж онож хогоо хаяж чадахгүй л байна даа, манайхан.



Энэ мэтчилэн шүүмжлэх зүйл бишгүй л харагдана лээ. Гэхдээ энэ жилийн баярын ёслолыг аятайхан өнгөрөөх гэж зохион байгуулагчид нь хэрэндээ л хичээж. Гал команд, цагдаа, түргэн тусламжийн машин бэлэн зогсож, морьтой ганган цагдаа нар эргүүл хийж яваа харагдсан. Басхүү цагдаагийн машинаа Эх үрсийн баярын мэндчилгээгээр чимсэн нь хөөрхөн харагдаж байна лээ.



Дараа жилийн наадам хүртэл даанч хол байна даа гэдэг шиг, ирэх жилийн Эх үрсийн баяр хүртэл 364 хоног хүлээнэ. Нэг өдөр ээж аавынхаа, хайранд эрхэлж, чихэр амттанд бялуурдаг багачуудын маань хувьд өдөр болгон баяр байж, үргэлж өчигдрийнх шиг жаргалтай инээд цацруулж явах болтугай.
А.АНУ
.
Сэтгэгдэл (1)