Шоу бизнесийн од Ким Кардашиан дуучин Кэньяа Уэст нарын хурим өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болж ихээхэн дуулиан дагуулсан.
Манай гаригийн хамгийн хүсэмжит хүүхнүүдийн нэг Ким Кардашяны гэр бүлийг танилцуулж байна.

Гуч дөнгөж гарч яваа энэ шавилхан бүсгүй өөрийгөө төдийгүй гэр бүлийнхнээ хүссэнээрээ амьдарч, идэж ууж зугаацсаныхаа төлөө асар өндөр хөлс авдаг супер од болгож чадсан юм. Энэ агуу амжилтын нууц нь орчин цагийн хүсэмжит эмэгтэй хүний идеал болсон Ким Кардашян өөрөө. Тодруулбал түүний дуу алдам гоо үзэсгэлэн. Холливудын хамгийн секси, хамгийн тачаангуй, хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг Кардашяны юу өмсч, юу бодож, хэнтэй болзож, хаана хооллож, өнөөдөр аль хөл дээрээ боссоныг мэдэхийг хүсдэг эрчүүд төдийгүй бүсгүйчүүд сая саяараа байна. Кимийн блог руу нэг сард 40 сая хүн ханддаг нь энэ бүсгүйн нэр хүнд, хүсэмжит байдлыг улам баталж байгаа юм.
Порно одоос баян хатагтай хүртэл
Ким Кардашяныг загвар өмсөгч, жүжигчин, бизнес эрхлэгч, порно од гээд олон тодотгол дагана. Хэдийгээр интернетийн ертөцөөс Кардашяны порно бичлэг, энэ тухай мэдээлэл бүрэн арчигдсан ч нэгэн цагт тэрээр үнэтэй порно од байсан нь түүх болон үлджээ. Үүнийг Ким хэзээ ч баталж, эсвэл няцааж байсангүй. Кардашян алдарт хүрч, мөнгө олохын тулд камерын өмнө секс хийдэг байсан байлаа гээд муу хүн болчихгүй. Муу хүн болоо ч үгүй. Харин ч алдар хүндэд хүрэх замаа өөрийнхөө гараар засахад энэ бүсгүйд дэм хүч болж байсан нь дамжиггүй юм.
Ким 2007 оноос хойш олон арван паппараци зурагчин араасаа дагуулдаг “жинхэнэ од” болж хувирсан юм. Болсон явдлыг эргэн сануулахад тухайн үеийн найз залуу Ray J, Ким хоёрын секс дүрс бичлэгтэй хуурцаг нууцлаг шалтгаанаар нийтэд ил болсон билээ. Одоо Ким D-A-S-H бутикийг эгч дүү хоёртойгоо хамтран ажиллуулахаас гадна өөрийн бизнесийг эхлүүлсэн агуу амжилттай бүсгүй болж чадсан. Олон хүний мөрөөдлийн гүнж, олон охидын үлгэр дууриал болсон энэ бүсгүйг Холливудад анх Линдсей Лохан болон бусад жүжигчдийн стилист хийн хөл тавьсан гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй.
Амжилт
Тэрээр 2009 онд Ким Кардашян нэрийн сүрчгээ гаргасан бол эмэгтэй хувцасны bebe, витамин тэжээлийн GNC гутлын ShoeDazzle гэх нэр хүндтэй байгууллагуудтай өндөр хөлстэй гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Ким Кардашяныг “Нью-Йорк Пост” сонин 2010 оны хамгийн өндөр үнэтэй телевизийн шоуны оролцогч гэж зарласан бөгөөд Ким “Кардашяныхантай хамт урагшаа” шоу, бүтээгдэхүүний борлуулалтаас 6 сая ам.долларын ашиг олсон гэх мэдээлэл гарчээ. Тэрээр Нью Жерсей Нетс сагсан бөмбөгийн багийн тамирчин Крис Хампристэй асар өндөр зардалтай, тансаг хурим хийгээд ердөө 2 сарын дараа салах өргөдлөө гаргаж байсан билээ.
Бага нас
Кимийн эцэг Роберт Кардашян 1995 онд хүн амины хэргээр шүүгдэж байсан реппер О.Жей. Симпсоны дотны найз, өмгөөлөгч гэдгээрээ жинхэнэ од болж байсан хүн. Тэрээр 2003 оны намар хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Роберт Кардашян 1978 онд Крис хэмээх бүсгүйтэй гэрлэж, 3 охин, нэг хүүгийн ижий аав болжээ. Тэдний 1980 онд төрсөн дунд охин нь үзэсгэлэнт Ким билээ. Крис Кардашян манай баатар Кимийг 10 настайд 4 хүүхдийнхээ эцгээс салж, өрх толгойлон амьдрах болсон ч жилийн дараа гэхэд олимпийн наадмын 10 төрөлтийн аварга тамирчин Брюс Женнертэй гэрлэж, түүний овгийг авчээ. Шинэ нөхөртөө Крис хоёр охин төрүүлж өгсөн байна.
Өдгөө Америкт Кимд дурласан залуус, өөрийгөө лесби гэж төөрөлдөж яваа охид “Кардашяныхантай хамт урагшаа” шоуг анги алгасалгүй үзэж байна. Төрмөл гоо үзэсгэлэн шигээ ухаантай Ким гэр бүлийнхнээ элбэг хангалуун амьдрал руу чирж оруулах үүд хаалга нь дээрх шоу байсан юм.
Гэр бүл
Кимийн эгч дүү хоёр Коуртни, Клой гэх ижилхэн үсгээр эхэлсэн нэртэй. Коуртни Кардашяны тухайд эцэг эхийнх нь хүсэн хүлээж төрүүлсэн анхны охин. Коуртни одоо хоёр охин дүүгийнхээ хамтаар D-A-S-H нэртэй эмэгтэй хувцасны бутикээ Калабасас, Миами, Нью-Йорк хотуудад ажиллуулдаг. Том Кардашян өмнө нь Filthy Rich: Cattle Drive хэмээх реалити шоунд оролцож байсан. Скотт Дисик гэх залуутай олон жил хамт амьдарч одоо, Масон Даш Дисик хэмээх хүүтэй болсон бөгөөд хоёр дахь хүүхэд нь энэ сард төрөх гэж байгаа.
Кимийн 4 дүүгийн тухайд хамгийн том нь “Даллес Маверикс” багийн тоглогч Ламар Одомтой гэрлэж нөхрийнхөө Одом гэх овгийг авсан Клой Кардашян. Клойг хоёр эгчтэйгээ D-A-S-H дэлгүүрээ хамтран ажиллуулдаг гэх албан мэдээлэл бий. Тэрээр эгчийнхээ буянаар оддын өвчинд автаж, 2007 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын нөлөөнд орсон үедээ автомашин жолоодсон гэх хэргээр баривчлагдаж байсан бол тун ч удалгүй чармай шалдан зургаа татуулж олныг ангайлгаж байлаа. Тэрээр амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагын үйл ажиллагааг дэмжиж “Амьтны арьс нөмөрснөөс нүцгэн явахыг илүүд үзэж байна” гэсэн тайлбартайгаар эхээс төрсөн биеээрээ зургаа татуулахыг зөвшөөрсөн байна. Клой реалити шоуг дэмжсэн хэвээр бөгөөд The Celebrity Apprentice шоуны 8 дахь улирлын нэвтрүүлэгт оролцсон байна.
Ким Кардашяны ганц эрэгтэй дүү Роб 1987 онд Лос-Анжелос хотод төржээ. Хэдий бага залуу ч Роб Кардашян загвар өмсөж, өөрийн оймсны үйлдвэрээ удирддаг байна. Тэрээр гэр бүлийнхээ энэ шоунаас гадна “Ододтой бүжиглэсэн нь” тэмцээнд өрсөлдөж, 13 дахь шоуны дэд байрт шалгарч байжээ.
Кендалл Женнер бол Кимийн эх нэг, эцэг өөр том дүү. Кендалл одоо “Вилгелмина Моделс” агентлагт загвар өмсдөг бөгөөд “Forever 21” –ийн нүүр царай болж, “Sherri Hill's” брэндийн даашинзыг сурталчилж байжээ. Крис, Брюс Женнер нарын отгон Кили 1997 онд төрсөн, одоо 14 настай. Түүнийг “Paper” сэтгүүл эгч Кендаллынх нь хамт хамгийн хөөрхөн хүмүүсийн жагсаалтанд оруулжээ. Нялх Женнер өдгөө фото моделийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд OK!, Teen Vogue сэтгүүлүүдэд зургаа татуулж, нэрт гэрэл зурагчин Ник Саглимбенитэй хамтран ажиллаж байгаа юм.
Яагаад?
Кимийн хайрт гэр бүлийн галзуурам тансаг амьдралын тухай танилцуулахын өмнө Ким Кардашяныг олон зуун мянган ам.доллар зарлагаддаг “А” зэрэглэлийн одууд оролцсон үдэшлэгүүдийг голж шилэн байж оролцдог хүн болоход юу нөлөөлсөн тухай бодоцгооё л доо. Секс бичлэг, сайхан өгзөг үү? Реалити шоуны нэр хүндийг шинэ түвшинд аваачсан Кардашяны гэр бүл өнөөдөр яаж жилдээ 65 сая ам.долларын орлого олдог хүмүүс болсон бэ?

“Кардашяныхантай хамт урагшаа” шоу E! телевизээр ням гарагуудад нэвтэрсэн эхний сардаа л 18-34 насны залуусын дунд маш хурдан хит болж нийт 1,3 сая үзэгчийг өөртөө татаж чадсан байдаг. Ийм маягаар олон хүний анхаарал татаж чадсан нь тэднийг нийгэмд тустай ямар нэг материаллаг үйлдвэрлэл эрхлээгүй ч чинээлэг, дээд зиндааныхны хүрээлэлд багтсаны нууц юм. Тэдний зураг, нэр хаа сайгүй. Энэ хүмүүс өөрсдийнхөө хүссэнээр амьдарч, телевизийн камер, сэтгүүлчдийг ор хөнжил, халаас гээд хувийн амьдрал руу нь өнгийхийг дуртайяа зөвшөөрч байна. Миний асуултын хариулт ердөө энэ, ийм хялбар.
Энэ гэр бүл өдгөө телевизийн эзэнт гүрэн эзэмшдэг болжээ. “Кардашяныхантай хамт урагшаа” шоу гурван улирал гарсан бол 4 дэхь удаагийнх нь “Коуртни Ким хоёр Нью-Йоркод” нэртэйгээр гарчээ. Тун ч удахгүй отгон охин Клой, нөхөр NBA-ын од Ламар Одом нарын шоу дэлгэцнээ гарах гэж байна. Энэ гэр бүлд байхгүй зүйл гэж байхгүй. Бестселлер болсон ном, сүрчиг, Sears бэлэн хувцасны брэнд... Энэ гайхалтай амьдралыг цогцлооход өрхийн тэргүүн, “эмэгчин бар” Крис Женнерийн оруулсан хувь нэмрийг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Тэрээр хоёр эцгийн 6 хүүхдээ эвтэй найртай байлгаж, тэднийгээ дэмжин, урамшуулж эцэст нь оддын зэрэгт хүндлэгдэж, улаан хивсэн дээр алхдаг алдартан болгон өсгөсөн байна.

Сэтгүүл: Коуртнын хүүхэд, Клойн хуримын мэдээлэлтэй сэтгүүлээс нийт 300 мянган ам.долларын ашиг олсон байна. Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа энэ гэр бүлийн гишүүдийн нэг нь сэтгүүлийн нүүрийг чимдэг бөгөөд зургаа татуулж, ярилцлага өгснийхөө төлөө мөнгө авдаг байна.
Гэрээ: Кардашяныхан олон тооны өндөр ашигтай гэрээ байгуулдаг. Эдгээрийн дундаас Клой КардашЯны нүүр царайг нь тодорхойлж буй QuickTrim жин бууруулах бүтээгдэхүүнийг онцолж байна.
Үнэ: Ким Кардашяны хөөрхөн царай, дур булаам өгзгийг харахын тулд нэг удаад 100 мянган ам.доллар төлөх шаардлагатай. Заримдаа олон улсын чанартай арга хэмжээнд 1 сая ам.доллараар зочлох нь Кимийн хувьд энгийн үзэгдэл.
Tweets: Ким Твиттер хуудсандаа 6 сая дагагчтай. Түүний блогт нэг сард 40 сая хүн ханддаг. Энэ бүсгүйн цахим ертөнцөд сурталчилгааны чанартай үг тавиулахад 25 мянган ам.доллараас үнэ нь эхэлдэг байна.
Гранд сэтгүүл.
Сэтгэгдэл (2)