Урлагийн шүншигтэй эцэг

Монголын хөгжмийн урлагийн ноён оргил Д.Лувсаншарав агсныг эцсийн замд нь үдэх ёслол өнөөдөр болж буй.  

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны тухай "Гранд" сэтгүүлд гарч байсан энэхүү хөргийг хүргэж байна. 

Сайн хүний үр, сүүт гүүний унага хэмээн монголчууд эрт дээр үеэс чухалчилж ирсэн нь учиртай. Чухамдаа хүн гэгч амьтны ааш араншин, амжилт бүтээл, хувь төөрөг  хүртэл удмын сангийн мэдээллээс шалтгаалж өөр өөр байдаг нь жам ёсных. Энэ үүднээс манай сэтгүүл “Гранд family” буланг хөтөлдөг. Энэ дугаартаа бид агуу их Д.Лувсаншаравынхныг онцоллоо.

Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё гэсэн мөртүүдийг амандаа хүлхэж үзээгүй монгол хүн гэж байдаг болов уу. Хүн бүрийн хүүхэд балчир насны сүлд дуу энэ бүтээлийн эзэн, Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравыг Монголын шинэ цагийн хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэгд зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг.

Хэнтий нутгийн хүү Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар Чайковскийг хөгжмийн зохиолч, удирдаачаар дүүргэсэн нь өнгөрсөн зууны дөчөөд оны явдал. Тэр цагаас шинэ Монголын хөрсөнд урлаг, соёлын үрийг тарих их ачаа үүрсэн залуу Д.Лувсаншарав тэрхүү үүргээ онц биелүүлснийх өдгөө Лууяа багш хэмээх их хүндлэл хүлээсэн амьд домог, өвгөн уул болжээ. Нийтийн дуу гэвэл “Би чамд хайртай”, “Хэрлэн”, “Усны тунгалаг Тамирын гол”, “Дурлал хайрыг минь дамжуулаасай” тэргүүтэн, “Нүгэл буян”, “Аман хуур”, “Тэмцэл”, “Өглөө” “Моторын дуу”, “Хань” гээд өнгөрсөн зууны хит кинонууд, “Хан бүргэд”, “Учиртай гурван толгой” үндэсний томоохон дууриуд бүгд Лууяа багшаар овоглогдоно.

Зөвхөн хөгжмийн зохиолч, уран бүтээлч байсан уу гэвэл бас үгүй. Алдарт “Бөмбөгөр ногоон” театрыг анхны багш Г.Бирваагийнхаа хамтаар эмхлэн босгосон нь дөчөөд он бол, тавиад оны дундуур орон нутгийн хөгжимт драмын ууган театруудыг гардан авч, жараад оны эхээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын үндэс суурийг тавилцаж, далаад онд Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгын гал голомтыг бадраасан бүтээн байгуулалт, удирдагчийн гавьяа ч түүнийх. Хөгжмийн урлагийн тулгын гурван чулуу, амьд домог, агуу авьяас гэхээс өөр яахав.

“Бөмбөгөр ногоон”-ы сайхан бүсгүй
Эрхэм хөгжмийн зохиолч идэр залуудаа ёстой Юндэн гөөгөө байсан гэдэг. Харин насны хайрын эзэн Нансалмаа нь “Бөмбөгөр ногоон”-ы цуутай сайхан хүүхнүүдийн нэг Загдын Долгорсүрэн хэмээх нүд унагам сайхан бүсгүй. “Нандин эрдэнэ”, “Моторын дуу”, “Хань” зэрэг кинонд залуу халуун насаа мөнхөлсөн тэр сайхан бүсгүй нэгэн их авьяас, онгодын төлөө уран бүтээлийн карьераа зольж, Хөдөлмөрийн баатарын арын албыг үүрэхдээ элэг бүтэн аз жаргалтай халуун бүлийг элгэндээ тэвэрсэн жинхэнэ монгол бүсгүй. Театруудын дарга, боловсролтой, авьястай сайхан залууд нүд унагаж, сэтгэл алдрах бүсгүйчүүд, үзэсгэлэнт жүжигчин бүсгүйд харц шидлэх эрчүүд, үүнийг тойрсон их хов жив, атаархлын дунд хайр сэтгэлээ бүтэн авч үлдсэн хосууд 1998 онд үр, ач зээгээрээ хүрээлүүлэн Алтан хуримаа хийсэн бахархам, хайрлам намтартай. Агуу хөгжмийн зохиолчид 4 хүүхэд төрүүлж өгсөн сайхан монгол бүсгүйг эрхэм хөгжмийн зохиолч Эгшиглэнт эх Янжинлхамын дүрээр уран зурагт мөнхөлсөн нь бий. Ингэхэд Лууяа багш хөгжим зохиохоос гадна зурах хосгүй онгод авьяастай гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. Бүтээлүүдээрээ уран зургийн үзэсгэлэн хүртэл гаргаж байсан нь саяхан. Авьяас гэдэг бурханы бэлэг, онгод гэдэг сэтгэлийн хүч байдгийг эндээс харж болохоор.

“Маамуу нааш ир”-ийг хамтран зохиогч        
Өнгөрсөн онд хөшөө дурсгалтай болсон “Маамуу нааш ир” дуугаа Д.Лувсаншарав гуай том охинтойгоо хамтран зохиосон гэж ярих дуртай. Гадаадад хөгжмийн зохиолчоор суралцаж байсан залуу Д.Лувсаншарав амралтаараа эх орондоо ирэхэд 6 настай, мандолинтой бяцхан охин нь дуулж бүжиглэн шулагнана. Аавыгаа хөгжим зохиож байхад дагаж дуулна. Зарим аялгууг нь өөрчилж дуулснаас санаа авч бага зэрэг нотны өөрчлөлт хийсэн аж. Тэрхүү бяцхан хөгжмийн зохиолч хожмоо төгөлдөр хуурч болсон нь Л.Халиунсүрэн хэмээх хатагтай.

Бүр тодруулбал төгөлдөр хуурч Амигийн ээж. Нэгэн үед Дуурийн театрыг нуруундаа үүрч дүүрч явсан концертмейстр бүсгүй Монголын сонгодог урлагт олон дуучид бэлдэж өгсөн нь өдгөө ард, гавьяатууд болжээ. Тун ч нууцлаг энэ хатагтай өдгөө СУИС-д багшилж буй. Гурав дахь үеийн залгамжлагч төрөн гарсан нь төгөлдөр хуурч Ами. Сонгодог урлагт залуу халуун, эрч хүчтэй нэгэн орон зайг уран бүтээлээрээ тамгалан байж урлагт мэндэлсэн залуу төгөлдөр хуурч авхай аргагүй агуу хөгжмийн зохиолчийн үр удам гэсэндээ богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна хаан хөгжмийг сонгодог дэг жаягаар нь тоглодог хэмээх үнэлгээг мэргэжлийн хүрээнийхнээс авдаг билээ.

Ганган Л.Даваахүү
Амьдрал дандаа тэгш дүүрэн байдаггүй. Эрээн бараан ээлжилдэг жамтай. Домогт хөгжмийн зохиолчийн ууган хүү идэр залуухан насандаа тэнгэрт хальсан гашуун түүх саяхных. Ааш зан, авьяас онгод, гадаад төрх гээд буй бүхнээрээ аавыгаа дуурайсан тэр эрхэм “Ганган Даваахүү” гэгддэг байв. Мөн л П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн дэргэдэх дунд сургуулийг найрал дууны удирдаач мэргэжлээр, Ленинградын хөгжмийн их сургуулийг дуурь-найрал хөгжмийн удирдаачаар дүүргэсэн тэрээр авьяаслаг хөгжмийн зохиолчоос гадна найрал дууны чадварлаг удирдаач байлаа. ХБК, УБДС, СУИС-д багш, дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр 30 гаруй жил ажиллахын зэрэгцээ дан найрал дууны томоохон хэмжээний бүтээлүүд, хүүхдийн дан найрал дуу, гоцлол дуу зэрэг зуу гаруй уран бүтээл туурвисан нь эгшиглэж үлджээ. Агуу их авьяасын үргэлжлэл гэдэг энэ юм. Үүнийг нотлох гэсэн мэт ганган Даваахүүгийн хүү Ариунсайхан хэмээх залуу хэдэн жилийн өмнө германчуудтай хамтран “Хадаг” кино хийж, дэлхийн кино урлагт шуугиан тарьж байсан найруулагч залуу эр байдаг. Германд амьдардаг Ариунсайхан одоогоор дахин нэг кино хийхээр эх орондоо ирчихсэн байгаа гэсэн.   

Харин удаах охин Л.Ундрах урлаг бус соёлын салбарт данстай. Хэл уран зохиолын багш тэрээр  Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд редактораар ажиллаж байгаад АНУ-ыг зорьсон нь сурч боловсрох  зорилготой. Тэгвэл отгон хүү Л.Баярсайхан огт өөр мэргэжилтэй. Эрхүүд агнуурзүйч мэргэжил эзэмшсэн ч хожим урлагт урвасан нь ёстой л яс, цусны урлагт хайртай халуун сэтгэл гэлтэй. Нэгэн үе найрал дуучин байсан энэ эр сүүлийн үед кино урлагт эргэлт буцалтгүй хөл тавьж, “Долоон бурхан” зэрэг түүхэн кинонуудад баатрын дүр бүтээж, авьяасаа гайхуулах боллоо. Бооёо дандаа эмээгийн дүрд тоглодог шиг Баярсайхан ёс юм шиг баатрын дүрд тоглодог хэмээн уран бүтээлч нөхөд нь цаашлуулдаг хүүгээ Д.Лувсаншарав гуай ээжийнхээ шийрийг хатаах нь хэмээн тун ч сэтгэл хангалуун байгаа гэдэг шүү.

Гурван үеэрээ Монголын урлагт хүчин зүтгэж, хайр сэтгэлээ, амьдралаа зориулж яваа агуу их Д.Лувсаншаравынхныг товч танилцуулахад ийм байна. Энэ эгэлгүй их авьяастан, хүний сайхан сэтгэл, хайрлам оршихуй чухамдаа Монголын урлагийн түүхийг түүчээлэх нэгэн их гэр бүлийг зуун өртөөлөн төрүүлэх бурханы шүншигтэй төрсөн юм болов уу гэх бодол төрнө. Жинхэнэ урлагийн авьяас гэдэг бурханы бэлэг, урлагт хүчин зүтгэх нь үүрэг даалгавар байдаг билээ.

"Гранд" сэтгүүл

2012 он №27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025