Анхны эхнэрүүдийн клуб

Шинэ Монголын тэргүүн баячууд болоод улс төрчид хөрөнгө мөнгөний их үзүүрээс атгамагцаа ёс юм шиг гэргийгээ сольдог моод дэлгэрээд буй. Гэхдээ бүгд биш л дээ. Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн хэлсэнчлэн цаг хугацаа явах тусам эмэгтэйчүүдийг харах өнцөг өөрчлөгддөг гэх афоризмаар үүнийг зөвтгөж болох ч нөгөө талаар замын дунд ханилж явсан ханиа оймс лугаа солино гэдэг хүний мөстэй хүнээс гарах араншин лав биш. Амьдрал эрээн бараан хойно нэгэн цагт хайртай дуртай гэж ханилж суучихаад таарч тохирохгүй бол нэг л амьдрах хорвоод аз жаргалаа хайсан нь дээр ч юм шиг. Ер нь тэгээд бусдын амьдралыг бид шүүх эрхгүй тул олныг үл нуршин зарим нэр алдартай эрхмүүдийн анхны эхнэрүүдтэй танилцъя. 

Д.Батбаяр, П.Буянбилэг

Элэг нэгт сумочиддоо зам засаж, араасаа дагуулсан Кёкүшюзан Д.Батбаяр дүү охиныхоо найз бүсгүйг эргүүлдсээр байж авч суусан нь анхны гэргий П.Буянбилэг нь. Нүдээрээ инээсэн, тун ч буянлаг төрхийн энэ бүсгүй дипломатч Пүрэвсүрэн хэмээх эрхмийн эрх танхи бага охин. Бага наснаасаа харийн хэл, соёлоос суралцаж, харьцангуй оюунлаг, элит гэр бүлд төрж өссөн нь П.Буянбилэг хатагтайн гадаад төрх, үг, үйлдэл бүрээс харагддаг.  Тухайн үед гадаадад суралцаж байсан П.Буянбилэг хатагтай ёстой залуу халуун насны хайр болоод бүх зүйлээ эрхэм сумоч гишүүнд өгч, хүү, охин 2 төрүүлж өгсөн. Анхны хүүгээ төрсний дараа тэд Монгол, Япон дамнасан хөлгүй их хурим найр хийж, хэзээ ч салахгүй мэт тэдний аз жаргалтай фото зураг бүхий мэдээллүүд хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимж байлаа. Эр эм байтугай эрүү, нүүр салдаг гэгчээр Д.Батбаяр сумочийг зодог тайлах үетэй зэрэгцэн тэдний харилцаанд ан цав сууж эхэлсэн байдаг. Боловсрол мэдлэг, угсаа гарал, амьдралд хандах хандлага, оюуны зэрэг зиндаагаараа хосууд бие биенээсээ хол ялгаатай нөгөө талаар Д.Батбаяр гишүүний утсан дээрээс эвгүй видео бичлэг олдсон нь тэртэй тэргүй холдож, хөрсөн тэдний харилцааг таслах эцсийн зогсоол нь байсан гэдэг. Эрхэм сумоч Их хуралд сонгогдсныхоо дараа эхнэрээсээ өрх тусгаарласанаа албан ёсоор зарлаж, дуучин Т.Баясгалантай амьдрах болсон. Эртнээс нууцхан харилцаатай байсан сумоч, дуучин хоёрын хайрын романс хүүтэй болж, бизнесээ өргөжүүлсэнээр үргэлжилж байгаа. Хамгийн хачирхалтай нь хөрөнгө мөнгө, бэл нүнжгээр хэр баргийн хүнээс дутахааргүй эрхэм гишүүн анхны гэргий, хүүхдүүддээ гар татаж, нарийлсан нь шүүгчдийн хүртэл эгдүүг хүргэсэн гэх юм билээ. 

Сү.Батболд, Баттуяа

Улс төрийн хамгийн том хүчин МАН-ыг өдгөө толгойлж, монгол төрийн 3 өндөрлөгийн нэгэнд нь заларч буй ерөнхий сайд Сү.Батболдыг гаднаас харахад зөөлөн, буурьтай, барагтай бол гэр бүлийн амьдрал дээр холбироод байхааргүй ноён нуруутай гэж дүгнэхээр. Гадна төрхөөр аливааг бүрэн дүүрэн тодорхойлж болохгүй нөгөө талаас эр хүн гэдэг ухаантай, сүйхээтэй хүүхнүүдийн хувьд хялбар “тоглоом” байдгийн хамгийн тод томруун жишээг энэ эрхмийн туулсан амьдралаас харж болохоор байдаг. Түүний анхны гэргий Баттуяа хэмээх өндөр боловсролтой, нэр шигээ туяа татсан үзэсгэлэнтэй бүсгүй байдгийг үеийнхэн нь шагшдаг. Ноён Сү.Батболдод өөрийг нь өвчсөн мэт дуурайсан Баттүшиг хэмээх ууган хүүг нь төрүүлж өгсөн хатагтай Баттуяа эмэгтэй хүнийхээ хувьд ихэмсэг бардам зантай, эрхэмсэг оршихуйтай нэгэн бөгөөд тиймдээ ч эр нөхрийнхөө гэр бүлээс гадуурх явдлыг уучилж үл тэвчин салж одсон гэдэг. Одоогийн гэргий Х.Отгонтуяа хатагтай ч ухаангүй дурласан хайрынхаа төлөө бүсгүй хүний нарийн нандин ухаан зарж, ирээдүйн ерөнхий сайдыг өөрийн болгож авсан үлгэр домог мэт яриаг их хотын уугуул иргэд ам булаалдан ярих нь захаас аван. Хэн хэнийх нь хувьд 2 дахь сонголт байсан тэд тус бүрдээ нэг, нэг хүүтэй нийлж, өнөөгийн амьдралын эхлэлээ тавьсан. Эрчүүдийн хувьд 2 дахь амьдрал ихэвчлэн алдаатай сонголт байдаг бол эднийх эсрэгээрээ гайхалтай сонголт байж таарсан.

Ерөнхий сайдын анхны гэргий Баттуяа хатагтайн тухайд залуу халуун насны омог бардам аашнаасаа болж хүүгийнхээ ааваас алсандаа харамсаж явдагаа ойр дотныхноосоо нуудаггүй бөгөөд ноён Сү.Батболдоос салсан цагаасаа хойш дахин амьдрал зохиогоогүй ганц бие амьдралыг туулж буй. Түүнд үлдсэн хамгийн том баялаг Баттүшиг хүүдээ хамаг байдгаа зориулж, төдийгөөс өдий хүртэл амьдрахдаа соёл, боловсролтой бүсгүйн хувиар анхны нөхрийнхөө амьдралд оролцдоггүй гэдэг. Хүүгээ сургууль эрдмийн мөр хөөсөн цагаас хойш харь нутагт суурьших болсон тэрээр өнгөрсөн 9-р сард эх орондоо ирээд буцсан байна. Ирэхдээ 2 машин оруулж ирж зарчихаад хүүгийнхээ ажил, хичээлд яаран эргэж буцсан тухай эх сурвалж мэдээлэв.

Ө.Энхтүвшин, Энхтуяа

Ерөнхий сайдын суудлын төлөө Сү.Батболдтой ана мана өрсөлдсөн эрхэм гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мөн л хийгүй эрчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг нэгэн. Сэтгүүлчийн ширээнээс улс төрийн талбарт хөл тавьж, тэр цагаас амжилттай карьер ахиж яваа ноён Ө.Энхтүвшин 2 дахь амьдрал зохиосон улс төрч эрчүүдийн нэг гэдгийг уншигчид андахгүй. Гэхдээ ерөнхий сайдаас ялгаатай тэрээр анхны эхнэрээсээ салснаасаа хойш одоогийн гэргийтэйгээ амьдрал, хувь заяа холбосон. Түшээдийн гэргий нар дотор биеэ авч явах соёл, өнгө толиогоороо илт илүүрхдэг хатагтай У.Булганмаа ааш ааль сайтай, сэргэлэн, авхаалжтай бүсгүй гэгддэг. Нарантуул захын цаана орших “Өгөөмөр” авто зах энэ бүсгүйн бизнес бөгөөд насаараа шахуу төрд алба хашиж буй нөхрийнхөө ар талыг найдвартай авч явдаг дайчин хатагтай. Барагтайд барьц алдахааргүй ноён Ө.Энхтүвшин залуу гэргийнхээ хайр халамжинд бөмбөрч, жаргаж яваагаа ярих бөгөөд би эхнэрийнхээ хөдөлмөрийг завшиж амьдарч буй эр хэмээн хошигнодог.

Ноён Ө.Энхтүвшингийн анхны гэргий Монголын радиогийн 2 Энхтуяа хэмээх ажил мэргэжил, боловсрол чадвараараа салбартаа гайхагддаг 2 бүсгүйн нэг, өдгөө ч радиодоо хариуцлагатай алба хашсаар байгаа. Нөхрөө Радио телевизийн Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад хамтын амьдралдаа цэг тавьсан хосууд дундаасаа 2 хүүхэдтэй. Энэ зун болсон Э.Золбоот хүүгийнхээ хуриман дээр хатагтай Энхтуяа гол үүрэг гүйцэтгэн гар бие оролцсон бөгөөд гоо үзэсгэлэн, намба төрхөөрөө олны харааг булааж байсан.  

М.Энхсайхан, Э.Шүрэнцэцэг

Цагтаа АН-ын хүчтэй лидерүүдийг магнайлж, Ерөнхий сайдын сэнтийд морилж явсан ноён М.Энхсайхан өнгөрсөн сонгуулиар ҮШН хэмээх улс төрийн хүчин байгуулж, их хуралд тоосоо өргөсөн ч бүтлийг эс олсон. Энэ сонгуулиар харин экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай хүч хавсран сонгуульд өрсөлдөхийг байг гэх газаргүй нөхцөл байдал бий болоод байгаа. АН ялалт байгуулж, хүчирхэг байх үед гэргий Э.Шүрэнцэцэгээрээ гоён, арын “фон”-оо хийж явсан энэ эрхмийг анхны гэргийгээсээ өрх тусгаарласан гэхэд одоо ч итгэмээргүй байдгийг нуух юун. Хэзээ ч салахгүй юм шиг хаа сайгүй хөтлөлцөн явдаг байсан тэднийг бие биенээ олсон гайхалтай сайхан хосууд хэмээн тодорхойлдог байсан цаг саяхан. Гадаад төрх, зүс царай, ааш аалиараа улс төрийн хүний гэргий байхад туйлын тохиромжтой хатагтай Э.Шүрэнцэцэг Чингисийн алтан удмын сүүлчийн гүнж гэх язгуур угсаагаараа хаа ч илүүрхдэг нь аргагүй. Эл угсаа гарал нь ч М.Энхсайхан ноёнтныг гэрэлтүүлдэг байсан болов уу гэмээр анхны гэргийгээсээ салснаасаа хойш улс төрийн карьер нь нэг л өөдлөхгүй яваа нь үнэн билээ. Гэвч тэдний салалтын бурууг дан ганц М.Энхсайханд тохоохоосоо илүү гээндээ ч, гоондоо ч гэгчээр Э.Шүрэнцэцэг хатагтай эртнээс манай нэр бүхий бизнесмэн, халхын зартай эрчүүдийн нэгтэй амраг сэтгэлийн харилцаатай байсан нь М.Энхсайхан ноёнтныг арга буюу 2 дахь амьдралдаа хөл тавихад хүргэсэн гэж ярих хүмүүс ч байдаг юм билээ.

Юутай ч Э.Шүрэнцэцэг хатагтай хааяахан Дуурийн театрт айлчилсан шигээ нам гүм амьдрач байгаа бол М.Энхсайхан ноёнтон 2 дахь гэргийнх нь төрүүлж өгсөн хэнц охиныхоо хайранд нялхран гэртээ ихэнх цагаа өнгөрүүлэх болсон. Түүний 2 дахь гэргий Дарханы миссийн тэмцээнд тоосоо өргөж явсан үзэсгэлэнтэй бүсгүй байдаг бөгөөд анхны хүүгээ 2005 онд М.Энхсайхан ноёнтныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад төрүүлсэн гэдэг. 

Ч.Улаан, Буд

Бас л өөлөх юмгүй, гялалзсан, чамбай эр Ч.Улааныг гаднаас нь харахад буурьтай, шав дэвхийсэн нэгэн. Төрөлх Сүхбаатар аймгаасаа торох юмгүй их хуралд сонгогддог түүнийг улс төр болоод нутагтаа нэр шигээ номер нэг, дайчин ноён гэдэг. Хаанаас нь ч харсан цэмцгэр, нямбай ноён Ч.Улаан улс төрчийн хувьд төдий хурц өнцөгтай, тод төрхтэй биш ч гэлээ эдийн засагчийн толгой нь яах аргагүй төрд хэрэгтэй. Цагтаа Монгол төрийн жасыг атгаж явсан экс сангийн сайд чухамдаа энэ албыг хашиж байхдаа 2 дахь амьдралынхаа сонголтыг хийсэн гэх нь бий.

Түүний анхны гэргий Дарьгангын цуутай дархчуудын нэгний цорын ганц эрх танхи Буд хэмээх бүсгүй бий. Цагийн сайханд гэгчээр залуу халуун насандаа нуруу туруу, зүс царай сайтай Буд хатагтай бэл нүнжигтэй эцгээсээ өвөлж, залгамжилж авсан эд юм ихтэй хадамлаж байсныг нь ордныхон ярьдаг байв. Өдгөө нас дээр гарч, өтөл суусан хатагтай Буд эр нөхөртөө 3 хүүхэд төрүүлж өгсөн нь бүгд нас биед хүрч, сургууль соёлын мөр хөөх нь хөөж, амьдралаа төвхөнүүлэх нь төвхөнүүлсэн гэдэг. Ноён Ч.Улаан өндөр настай ээжийгээ гэргийнхэ асаргаанд орхиж, 2 дахь гэргийгээ даган 5-р сургуулийн тэндэх байрнаасаа Зайсан дахь хаус руугаа нүүхэд араас нь цай, сүүнийхээ дээжийг өргөсөөр үлдсэн гэх хүмүүс ч тааралддаг. Учир нь Ч.Улаан гишүүн гэргийнхээ хамаатан бүсгүйг 2 дахь гэргийгээрээ сонгосонтой холбоотой хэмээн үнэн худал нь үл мэдэгдэх, итгэхэд бэрх яриа байдаг.

Экс сангийн сайдын одоогийн гэргий ганган дэгжин гэж нүд бүлтэрмээр, байсхийгээд гадагшаа охиноо аваад нисчихдэг ямбатай  залуу бүсгүй хүүхдээ салхилуулж хааяахан гарахаас бусдаар олны нүднээс тунчиг жийрхдэг, хар нүдний шилнээс салдаггүй бүсгүй байдаг хэмээн хөршүүд нь ярьцгаадаг.  

О.Чулуунбат, Баасансүрэн

Ерөөс байгаа байдал, зан характер, амьдралын хэв маягаараа эгэл жирийн хүмүүсийг бодвол арай л өөр эрхэм гишүүн О.Чулуунбат Монголбанкны Чука хэмээх мөнхөд үл салах өргөмжлөлтэй болсон нэгэн. Хэзээ ч тухайлсан бизнес хийж байгаагүй ч хөрөнгө бэлээр баргийнбизнесмэнүүдийг хол орхих зангарагтай. Дон Жуан типийн эрчүүдэд байх ёстой байдал төрх ч түүнээс ханх тавьдаг нь өөрийнхөөрөө, нээлттэй зантай нь холбоотой биз ээ. Түүний анхны гэргий Баасансүрэн хэмээх эгэл даруухан бүсгүй бий. Эрхэм банкирт хүү, охин 2 төрүүлж өгсөн нь өдгөө дээдсийн хүүхдүүд дотроо орон зай, хүрээлэлтэй залуус байдаг. Өөрийг нь copy-дсон мэт дуурайсан ууган хүү Ч.Бөрдөнбат нь цагтаа хар тамхины хэрэгт холбогдож, онгоцны буудал дээрээс Ганцхудаг тийш ачигдаж байсан түүхтэй. Тэрээр дуулж хуурдах тунчиг дуртай Ч.Очгэрэл хэмээх бүсгүйтэй сууж ноён Чукаг өвөө болгосон. Харин охин Ч.Агиймаа нь С.Жавхлангийн экс гэргий Г.Долгормаагийн дүү дүү буюу “Торгоны зам”-ын Гантөмөрийн ганц хүү Г.Түвдэндоржтой сууж мөн л 2 хүүхдийн ээж болсон. Залуу хатагтай Ч.Агиймаа сүүлийн үед ээжийгээ дагуулан энд тэнд үзэгдэж харагдах нь их болсон. О.Чулуунбат гишүүний дараагийн гэргий нь Цэндмаа хэмээх бүсгүй байдгийг уншигчид маань андахгүй биз ээ.

Ц.Мянганбаяр, Б.Болор

Мөн л манай сэтгүүл анхлан танилцуулж байсан Б.Болор хэмээх бүсгүй алтны магнат Ц.Мянганбаярын анхны гэргий, ууган хүүхдүүдийнх нь ээж. Ховд аймгийн Намын төв хороонд удирдах алба хашиж явсан Банзрагч хэмээх эрхмийн охин түүний эгч нь О.Сувд хэмээх бүсгүй Монгол костюмс“ төвийн захирал, Гоёл наадмыг анхлан зохион байгуулагчдын нэг ажил хэрэгч, дайчин бүсгүй байдаг. Багш мэргэжилтэй хатагтай Б.Болор хойно боловсрол эзэмшсэн мэдлэг чадвартай даруухан бүсгүй. Өдгөө МУИС-ийн Эдийн засгийн сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажилладаг тэрээр дуулж хуурдах дуртай, гитар шаггүй сайн тоглодог урлагт элэгтэй нэгэн гэдэг. Алтны магнат эр анхны гэргийгээсээ өрх тусгаарлахдаа 100 сая төгрөг өгч байсан хэмээн ойр дотныхон нь ярьцгаадаг. Хүүхдүүдийнхээ ааваас салснаас хойш чамгүй олон жил ганц бие амьдарсан бүсгүй өдгөө Мэндээ хэмээх бизнесмэн эртэй сайн сайхан амьдарч байгаа гэдэг. 13-р хорооллын тэнд байдаг Ану-Үжин хэмээх рестораны эзэн энэ эрхмийг олонх нь “Zet”-ийн Мэндээ хэмээн авгайлдаг.  

 

 

Д.Жаргалсайхан, С.Туул

Монголын рок попын загалмайлсан эцэг, буржгар үс, бүрх малгай, савхин хүрмээр имижээ бүрдүүлдэг УГЖ Д.Жаргалсайхан яах аргагүй бидний цаг үед амьдарч яваа тод томруун орон зайтай эрхэм. Урлагийнхны амьдралд хэзээд олны өмнө дэлгэсэн ном шиг байдаг жишгийг сөрж, хувийн амьдралаа цайз хэрэм мэт нууцалж чаддаг Жагаа гавьяат 3 дахь амьдралаа зохиосон нэгэн. Хэзээ ч үл хөгшрөх алтан тайзны эзэн тэрээр хувийн уурхайтай, чамгүй бэл нүнжигтэй ноёнтон. Түүний одоогийн гэргий, цэл залуухан Мөнхзул бүсгүйг манай сэтгүүл анхлан олон нийтэд танилцуулж байсан бол энэ удаад анхны гэргий С.Туулыг нь танд танилцуулъя. 

Жагаа гавьяатын ууган хүү, “Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилангийн ээж С.Туул бүсгүй нүдээрээ инээсэн, эгэл даруухан бүсгүй одоо ч ганц бие амьдарч яваа. Тэд 6-р сургуулийн паралель анги байсан бөгөөд 1977 онд анх бие биенээ харж байжээ. Улмаар 10-р ангид байхдаа Жагаа гавьяат анхны гэргийдээ хайраа илчилж байсан түүхтэй. Энэ тухай С.Туул бүсгүй “”Хөдөлмөр” зусланд амарч байхдаа намрын намуухан орой Сөгнөгөрийн голын дэргэд би чамд хайртай гэснийг нь одоо ч би мартаагүй” хэмээн дурссан удаатай. Тэдний хамтын амьдрал мөн л ялихгүй зүйлээс болж 2 тийш болсон нь хувь заяаны төөрөг нөгөө талаас залуу халуун насны ааг омог байсан гэлтэй. Эрхэм гавьяатыг Ленинградад барилгын инженерийн дээд сургуульд сурч байхад нь нэг оюутан охиноос захиа ирсэнээр зөрчил, үл ойлголцол үүсэж тэдний салах эхлэл тавигдсан гэдэг. “Яг хүүгээ төрүүлчихсэн байсныг хэлэх үү, тунимхай, хүлээцгүй зангаасаа болж  ханиасаа салсан. Одоо их харамсдаг” хэмээн С.Туул бүсгүй ярьсан байдаг. Тэр цагаас хойш ганц бие амьдарч яваа гавьяатын анхны гэргий байгаа бүхнээ хүүдээ зориулсан бөгөөд нэгэн үед “Сүнс” хамтлагт дуулж, овоо олонд танигдаж байсан Ж.Замилан чамгүй хугацаанд Солонгост ажиллаж, амьдарч байгаа өдгөө эх орондоо эргэж ирээд байгаа.

Ц.Дашдорж, Б.Согоосүрэн

Үндэсний үйлдвэрлэгч “Монгол тамхи Со” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын эрхэм гишүүн Ц.Дашдорж тамхины бизнес эрхэлж, хөрөнгө бэлээ зузаатгасан бизнесмэн эр. Хөрөнгө чинээтэй болохоороо авааль гэргийгээсээ нүүр бууруулдаг муухай монгол эрсийн ноён Ц.Дашдоржийн анхны гэргий Б.Согоосүрэн хэмээх бизнес сэтгэлгээ сайтай, сэргэлэн сүйхээтэй бүсгүй бий. Монголын шоу бизнесийн нэг гол төв UB Palace-ыг удирддаг гал цогтой хатагтай багш, сэтгүүлч мэргэжилтэй.  Эрхэм гишүүнд 2 хүүхэд төрүүлж өгсөн тэрээр залуу халуун насны хайраар учирч, төдийгөөс өдий хүрэхдээ нөхрийнхөө найдвартай ар тал байж, бизнесээ босгоход чамлахааргүй дэм тус болсон гэдэг. Тиймдээ ч нөхрийнхөө залуу бүсгүйтэй романс үүсгэсэн урвалтыг уучилж чадаагүйгээр тэдний хамтын амьдрал төгсгөлийн цэгээ хатгасан гэдэг. Угийн гал цогтой, өөртөө итгэлтэй, хаана ч өөрийгөө аваад явчих чадалтай хатагтай Б.Согоосүрэн нөхрийнхөө урвалтын хариуг чангахан шиг өгч, өөрөөсөө үе мултарсан залуутай хамтран амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Ойр дотныхон нь компанийнх нь хамгаалагчаар ажиллаж байсан залуу эр гишүүний экс гэргийн одоогийн нөхөр гэдэг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • baysgalan
    chi xen be Batbayr uu te
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • Gerel
    Batboldiin huuchin ehner ni gerel tatuulsan avgai baidaggui yumaa. Arhi ih uudag aimar hel amtai heruulch buduuleg avgai bdag yum. Harin odoogiin ehnerteigee suugaad ajil amidral ni Batbold suga deeshilsen. Battuya hayagdaad baahan hudlaa tsuu yaria gargasan hudalch avgai. Unasan bohod shaltag mundahgui ee gej. Uuriigee ingej bichuuleed yahav dee. Uruvdchihloo.
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025