Бүсгүйчүүдийн гайхалтай бүтээлүүд

ХХ зууны сүүл гэхэд зохион бүтээгчидэд олгосон зохиогчийн эрхийг дөнгөж арван хувь нь л эмэгтэй зохион бүтээгчидэд олгогдсон байдаг. Гэсэн ч хүн төрөлхтний бүтээсэн хамгийн алдартай бүтээлүүдийг эргэн харах юм бол нилээд хувь нь эмэгтэй зохион бүтээгчдийн бүтээл байдаг. Бид бүхний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг цаасан уутнаас эхлээд “Монополи” хүртэл бүгд эмэгтэйчүүдийнх. Гэтэл яагаад эдгээр зохиогчдын бүтээлүүд зөвхөн арван хувийг эзэлж байна вэ? Учир нь тэд бүтээсэн бүтээлээ үнэлүүлж эрх олж авахын тулд маш их саад тотгорыг давах хэрэгтэй болдог. Үүнээс гадна эрчүүд ихэвчлэн тэдний санааг хулгайлчихдаг байна. Ингээд эмэгтэйчүүдийн бүтээсэн сонирхолтой бүтээлүүдийг танилцуулж байна.

Шар айраг

Шар айргийг хэн анх бүтээсэн тухай одоогоор ямар ч баримт байхгүй. Гэсэн ч судлаачдын үзэж байгаагаар хэдэн мянган жилийн турш шар айргийг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг байсан байна.

Ойролцоогоор 7000 гаруй жилийн тэртээ эртний Месопотамиа болон Сүмэриа улсуудад шар айргийг зөвхөн эмэгтэй хүн нэрж борлуулах эрхтэй байжээ. Шар айргийг бурхан эхийн бэлэг ч гэж үздэг байсан байна.

Компьютер програмчлал

Аравдугаар сарын 15 бол Ада Лоовлэйсийн өдөр. Дэлхийн хамгийн анхны компьютерын програмист, математикийн ухааны гоц авьяастан байсан тэрээр хамгийн анх тооцоолон бодох машин өөрийн гэсэн хэлтэй болохыг тайлбарласан байна. Хэрвээ машины ойлгох хэлээр бид компьютерт заавар өгөх юм бол түүн дээр математикийн бодлого бодож, шинэ хөгжим зохиохоос гадна өөр олон зүйлсийг хийх боломжтой гэдгийг нээж танилцуулсан байна. Тэрээр дөнгөж хорьхон насандаа Лондонгийн их сургуулийн зохион бүтээгч Чарлз Баббэжийн “Analytical Engine” загвар дээр ажиллаж байжээ. Энэ нь компьютерын хамгийн эртний загваруудын нэг юм. Харамсалтай нь Ада 36 насандаа өөд болсон бөгөөд түүнээс хойш олон олон залуус түүний санааг хэрэгжүүлэн өөрийн нэр дээр бүртгүүлэхээр оролдож байгаа юм.

Хөхний даруулга

Орчин үеийн бүсгүйчүүдийн хэрэглэдэг хөхний даруулганы загварын зохиогчийн эрхийг хамгийн анх 1913 онд авч байжээ. Нью-Йорк хотын дээд зиндааны хатагтай нарын нэг Мэри Фэлпс Жэкоб нэгэн үдэшлэгт явахаар даашинз худалдан авчээ. Тухайн үед бүсгүйчүүдийн өмсдөг байсан дотуур хувцас түүний даашинзанд тун зохимжгүй харагдаж зарим хэсгээрээ ил гарж байжээ. Тиймээс дараа нь тэрээр хоёр ширхэг гарын алчуур болон урт тууз ашиглан бэлхүүсэвчний өөр нэг загвар гаргасан нь одоогийн хөхний даруулганы анхны загвар байв. Түүний энэ загвар найз нөхөд гэр бүлийнхэн гээд олон хүнд таалагдсан бөгөөд 1914 оны арваннэгдүгээр сард “Backless Brassiere” гэсэн зохиогчийн эрх олгогджээ.

Нэг удаагийн гар утас

1999 оны 11 сард Рандис-Лиза Алтшул дэлхийн хамгийн анхны нэг удаагийн хэрэглээний гар утасны патентыг авчээ. Phone-card-phone гэж нэрлэгдэх болсон энэ утас нь гурван ширхэг төлбөрийн картыг нийлүүлсэн мэт зузаантай бөгөөд дахин боловсруулсан цаасаар хийсэн юм байна. Уг утас нь 60 минутын ярианы эрхтэй бөгөөд дуудлага хийж мессеж явуулах боломжтой юм байна. Ярианы эрх нь дуусмагц нэмж ярианы эрх суулгах юм уу шууд хогийн саванд хаясан болох гэнэ.

Машиндаа утсаараа ярьж явсан Алтшулын утасны сүлжээ байн байн тасалдан түүний бухимдлыг төрүүлж байсан учраас утсаа машиныхаа цонхоор шидэж орхисон байна. Удалгүй тэрээр гар утас хаяж үрэгдүүлэхэд хэтэрхий үнэтэй болохыг ухаарсан бөгөөд удалгүй нэг удаагийн хэрэглээний гар утас бүтээх санаагаа олж авчээ.

Аяга таваг угаагч

Магадгүй та аяга таваг угаагчийг анх хэн нэгэн аяга угаахаас залхсан хүн бүтээсэн биз гэж бодож байгаа байх. Тэгвэл харин ч эсрэгээрээ. Анхны аяга таваг угаагчийг бүтээн зохиогчийн эрхийг нь авсан хүн дээд зиндааны авхай байжээ. Тансаг оройн зоог барьсны дараа зарц нар нь цэвэрлэгээ хийж байхдаа түүний хайртай шаазан тавагнуудыг байнга хагалж гэмтээдэг байв. Үүнээс залхсан тэрээр аяга тавгийг хагалалгүйгээр цэвэрлэдэг төхөөрөмж бүтээх санааг олж авсан байна. Тэрээр уг төхөөрөмжийг бүтээн 1886 онд зохиогчийн эрх авчээ.

Цаасан уут

Маргарет Найт яг ч цаасан уутыг бүтээсэн нэгэн биш бөгөөд тухайн үеийн цаасан уутнуут ч уут гэхээсээ илүү дугтуй хэлбэрийн юм зөөхөд тийм ч тохиромжтой биш байсан юм. Харин Маргарет цаасан уутны ёроол хавтгай дөрвөлжин байх хэрэгтэй болохыг хамгийн анх анзаарч олж харжээ. Үүнээс хойш олон зуун жилийн турш цаасан уут нь байгаль орчинд хэрэгтэй бүтээгдэхүүний нэгээр нэрлэгдэж ирсэн бөгөөд үүнийх нь төлөө бид Маргаретэд талархах ёстой билээ.

Дугуй цахилгаан хөрөө

Табита Баббет жирийн нэг нэхмэлчин байжээ. 1810 онд тэрээр дугуй хөрөөг бүтээсэн нь хоёр ахынхаа ажлыг илүү хялбар болгох зорилготой байсан байна. Түүний ах нар нь мод тайрдаг ажил хийдэг байсан бөгөөд гар хөрөө ашигладаг байжээ. Уг хөрөө нь хоёр хүн хоёр талаас нь ээлжлэн татаж модыг хөрөөддөг байсан бөгөөд зөвхөн нэг тал руугаа татагдахдаа л модыг зүсч буцахдаа ямарч үр дүнгүй байгааг Баббет ажиглажээ. Тиймээс энэхүү цаг болон энергийг хэмнэхээр тэрээр зөвхөн нэг тал руугаа эргэдэг дугуй хөрөөг бүтээсэн байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025