Авлигатай тэмцэх газрынхан Эрчим хүчний яамны Диспетчерийн үндэсний төвийн гурван ажилтанг өчигдөр баривчилсан гэсэн мэдээлэл байна. Тухайн өдөр 17.00 цагт дотоод сүлжээгээр АТГ-аас шалгалт ирэх тул бүх ажилтан, ажилчид ажлынхаа байрнаас гарахгүй байх анхааруулга өгчээ.
Ингээд яг 17.00 цагт цагт энгийн хувцастай 3-4 залуу орж ирэн дэд дарга н.Балжинням, Холбоо мэдээллийн албаны дарга н.Мөнхбаяр, ерөнхий нягтлан бодогч Баярцэнгэл нарыг нэр цохон дуудаж, аваад гарчээ. Гэнэтийн үйл явдалд цочирдсон хүмүүс яахаа мэдэхгүй сандарч байтал “Дулаан хувцас өмсөөрэй” гэж зөвлөн захирамжилснаар шууд баривчлан хорих гэж байгаа нь тодорхой болсон учраас цуг байсан хүмүүс баривчлагдаж байгаа гуравтаа чадах ядахаараа дулаан цамц тэргүүтнээ тайлж өгөн, өмсгөөд үлджээ.
Ийн гэнэтийн баривчилгаа болсонд одоо ч тэндхийн ажилтнууд гайхан сандарсан хэвээр байгаа бөгөөд 2,6 тэрбум төгрөгний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ гэж хоорондоо ярилцаж байгаа аж. Мөн өнөөдрөөс эхлэн тус байгууллагын бүх санхүүгийн баримтуудыг шалгаж, нярав, нягтлан тэргүүтнийг дуудаж асуулга асууж байгаа гэнэ.
А.АНАНД
Сэтгэгдэл байхгүй байна