БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ. Дэлхийн томчууд цугласан Шанхайн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ганзагалаатай ирэв хэмээн олон нийт сонирхож байгаа.
Албан мэдээллээр бол Шанхайн уулзалтын хамтарсан тунхаглалд Монгол Улсын санаачилсан цөмийн зэвсэггүй статусаа бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол улсын дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага зэргийг оруулсан байна.
“Энх тайван,тогтвортой, хамтын ажиллагааны шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор болсон уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчтэй төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлж, ирэх намар болох Халх голын ялалтын ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг хүссэн.
Харин манай хоёр аварга хөрш хийн хоолой дамжуулан тавих талаар аль хэдийнэ тохиролцоод Монгол дотооддоо хэрэлдэн суусаар хоцорлоо гэсэн шүүмжлэл бас энэ өдрүүдэд гарсан юм.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна