“Алтанбулаг” –ын бүс нээгдэнэ

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийг зургадугаар сарын 22-нд албан ёсоор нээхээр болсон байна. Чөлөөт бүсийг нээснээр манай эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Монгол Улс 2015 онд БНХАУ болон ОХУ-ын хооронд 100 тэрбум ам.доллартай тэнцэх худалдаа хийнэ гэж стратегийн гэрээ байгуулжээ. Өмнөд хойд хоёр хөршийн худалдаа наймаа Алтанбулаг чөлөөт худалдааны бүсээр дамжихад манай улс дунджаар 100 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой гэнэ. Ингэснээр эдийн засаг тогтворжиж, долларын нөөц бий болох зэрэг макро эдийн засагт нөлөөлөхүйц үр дүн гарна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар дотоодын 87 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.

Худалдааны бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг энэ сарын 10-нд баталсан. Журмаар ОХУ-ын иргэд тус бүс рүү визгүй зорчих бол БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсын иргэд дамжин өнгөрөх 10 хоногийн визтэйгээр Алтанбулаг чөлөөт бүсэд ирж худалдаа наймаа хийх боломжтой. Харин манай иргэдийн тухайд бүртгэлийн журмаар ямар нэг төрлийн хураамж төлөхгүй юм байна.

Алтанбулаг чөлөөт бүсийн газрыг дотоод, гадаадын ямар ч аж ахуйн нэгж байгууллагад худалдахгүй гэж мэдэгдсэн. Алтанбулаг чөлөөт худалдааны төвийн үйл ажиллагаа нь тогтворжоод ирвэл автобус, галт тэрэг зэрэг зориулалтын тээврийн хэрэгслийг тус худалдааны бүс рүү явуулдаг болох юм. Нэмж дуулгахад худалдаа наймаа хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэнэ шүү.

Г.БӨРТЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025