“Изинис эйрвэйз” яагаад дампуурав?

Монголын цөөхөн авиакомпанийн нэг Изинис эйрвэйз компани албан ёсоор дампуурлаа зарлажээ. Тус компаниас гаргасан мэдээлэлд:

 “Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22 өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсоныг үүгээр мэдэгдэж байна. 

Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгуулагууддаа талархал илэрхийлье. 

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажиллагсагдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.

 “Изинис Эйрвэйз” компанийг 2006 онд Монголын үндэсний хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компаниудын нэг болох “Ньюком Групп” үүсгэн байгуулсан. Өмнө нь орон нутгийн 14 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, олон улсад БНХАУ-ын Хайлаар хот болон ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байсан компани юм.

Харин тус компаниараа үйлчлүүлэхээр тийз авсан байсан хэрэглэгчид борлуулалтын цэгээр мөнгөө буцааж авах юм байна. Мөн “Аэромонголиа” “Хүннү эйр” компаниудтай “Изинис Эйрвэйс” ХХК-ний борлогдсон тийзийг шилжүүлэн үйлчлэхээр урьдчилан тохирсон байгаа гэж тус компаниас мэдээлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025